Афганистанд эвслийн Засгийн газар байгуулахаар боллоо

Афганистаны Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдсөн үндсэн нэр дэвшигчид болох Абдулла Абдулла, Ашраф Гани нар үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахаар болжээ. Хоёр нэр дэвшигч хэдэн сарын турш нэгнээ сонгуулийн үр дүнг гажуудуулсан хэмээн буруутган тэмцэлдсэн юм. Энэ бүхний эцэст хоёр тал эвслийн Засгийн газар байгуулахаар тохиролцож, өнгөрсөн ням гаригт хамтран ажиллах тухай гэрээ байгуулахаар өмнө нь тохиролцсон. А.Абдулла энэ оны дөрөвдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялсан боловч 50-иас дээш хувийн санал авч чадаагүйгээс ялалт байгуулаагүй. Харин сонгуулийн хоёрдугаар шатанд сонгуулийн байгууллагаас түүний өрсөлдөгч А.Гани ялсныг зарласан байна. А.Абдулла сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өрсөлдөгчтэйгээ нэгэн зэрэг Засгийн газар байгуулна хэмээн сүрдүүлсэн аж. Үүний улмаас сонгуулийн саналын хуудсыг дахин тоолж, үр дүнг нь өчигдөр танилцуулах ёстой байв. Барууны орны төр, засгийн удирдагчид сүүлийн үед Афганистаны томоохон улстөрчдөд хандан үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг нэг бус удаа уриалсан юм.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)