Шотландчууд Их Британийг өөрчиллөө

Шотландчуудын олонхи буюу 55 хувь өнгөрсөн долоо хоногт болсон бүх нийтийн санал асуулгаар Их Британийн бүрэлдэхүүнд үлдэхийн төлөө санал өгсөн. Гэхдээ тэд өөрсдийн зорьсон хэргээ бүтээж чадлаа хэмээн дүгнэж болно. Учир нь, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон улс орныхоо хэмжээнд төрийн бүтэц, зохион байгуулалт, эрх мэдлийг хуваарилах чиглэлээр өргөн хүрээний өөрчлөлт хийхээ зарласан. Д.Кэмерон санал асуулгын дүн гарсан өглөө эртлэн ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр шотландчуудад санал асуулгыг шударгаар явуулж, хайртай Их Британи орон нь нэгдсэн хэвээр үлдсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнийхээ дараа Ерөнхий сайд төрийн бүтцийг өөрчлөх төлөвлөгөөтэй гэдгээ мэдэгджээ. Д.Кэмерон бүх нийтийн санал асуулгын өмнөхөн шотландчуудад өөртөө илүү эрх мэдэл олгоно хэмээн амласан. Үүний хүчинд тухайн үед Шотландыг салан тусгаарлахын төлөө тэмцэгчид улам олон дэмжигчтэй болж байсныг сааруулж чадсан. Ерөнхий сайдын хэрэглэсэн уг арга үр дүнд хүрсэн боловч одоо тэрбээр Консерватив нам дотроо нэлээд эсэргүүцэлтэй тулгарна. Одоо тэрбээр Уэльс, Английн улстөрчдийн шаардлагыг биелүүлж, тус бүрт нь орон нутгийн парламент байгуулахыг зөвшөөрөхөөр боллоо. Энэ бүхний үр дүнд Их Британид анх удаа холбооны улс бий болно. “Шотланд татвар, төсөв, буяны үйл үйл ажиллагаагаа өөрсдөө шийдвэрлэхээр болж буйн нэгэн адил Англи, Уэльс, Умард Ирланд ч гэсэн үүнтэй адил эрх эдлэх ёстой. Шотландтай байгуулах гэрээг хэрэгжүүлэх үйл явцтай нэгэн зэрэг энэ бүх өөрчлөлтийг хийнэ” хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ. Д.Кэмерон эхний алхмуудыг нэн ойрын үед хийхээр амласан байна. Тухайлбал, ирэх нэгдүгээр сараас зохих хуулийн төслүүдийг бэлэн болгох ба үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулсан аж. Их Британид ирэх оны тавдугаар сард парламентын сонгууль болно. Сонгуулийн өмнө улстөрчдийн хэлэлцэх гол асуудлын нэг нь төрийн шинэчлэл байх бололтой. Гэтэл Д.Кэмерон нэн чухал ач холбогдолтой багц хуулийн төсөл боловсруулахаар яарч буйг буруу гэж үзэх шинжээч олон байна. Учир нь, эдгээр хуулийн төслийг боловсруулах үйл явцад өргөн олон нийт оролцох боломжгүйгээс цөөн хэдэн улстөрчийн тохиролцоо улс орны хувь заяаг тодорхойлдог түүх дахин давтагдана. Харин Шотландад болсон бүх нийтийн санал асуулгын гол ололт бол улс төрийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийг татан оролцуулсан амжилт юм. Санал асуулгад иргэдийн 84.5 хувь оролцсон нь Шотландын түүхэн дэх хамгийн дээгүүр үзүүлэлт аж. Үүнээс гадна төрийн бүтцийг өөрчлөх тухай Д.Кэмероны төлөвлөгөөг Их Британийн парламентын хоёр танхим дэмжин батлах ёстой. Гэтэл Нийтийн танхим болон Лордын танхим хоёр уг төлөвлөгөөг нь батална гэдэг маш эргэлзээтэй юм. “Нэгдсэн Шотланд” Шотландын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид санал асуулгыг зохион байгуулахын төлөө сүүлийн хоёр жилийн турш шаргуу тэмцэж, сурталчилсны эцэст ялагдсандаа сэтгэл дундуур байсан нь гарцаагүй. Шотландын үндэсний үзэлтнүүдийн удирдагч бүс нутгийн Засгийн газрын анхны тэргүүн Алекс Салмонд санал асуулгын дүнг зарласан даруйд мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Бид улс төрийг огт сонирхдоггүй байсан ард иргэдийг энэ бүхнийг сонирхдог болголоо. Нийгэм маань улстөрч бидэнд нөлөөлж, биднийг өөрчлөгдөхөд хүргэсэн. Энэ өдрөөс хойш бид урьдын хэвшмэл улс төрийн амьдралдаа эргэн орох аргагүй болсонд итгэлтэй байна” гэжээ. Эцэст нь А.Салмонд дэмжигчдэдээ хандан улс төрийн өрсөлдөгчидтэйгээ нэгдэхийг уриалсан юм. Тэрбээр “Би Шотландын ард түмний сонголтыг хүлээн авч байна. Би шотланд бүх иргэнд хандан үлгэр дууриаллыг минь дагаж, ардчилсан сонголтыг хүлээн авахыг уриалж байна” гэжээ. Түүний хэлсэн үгийг хүмүүс алга ташин хүлээн авчээ. Үүнээс удалгүй А.Салмонд огцорсон тухайгаа зарласан байна.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (78.52.163.187)

    2014-09-23

    mash saihan uil yavdal, shotlanduud uhaantai baina, David Kameron bol mash sain erunhii said, iim erunhii saidtai uls oron goe ium daa.hervee salsan bol evropin holboo shig bantan bolno.

  • zochin (202.179.20.216)

    2014-09-22

    busdiin karmand baisnaas salsan ni deer