Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой боллоо

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын хурал боллоо. 1990-ээд оноос эхэлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн бүх хүрээг хамарсан өөрчлөлтийн үр дүнд манай улсад иргэний нийгэм хөгжих үндэс суурь бий болж, иргэний нийгмийн байгууллагууд улам боловсронгуй болж төлөвшин хөгжиж байна. Үүний нэг жишээ нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг гэдэг энэ байгууллагын 20 жилийн түүх юм.

 Тус хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн төлөөлөгчдөд баяр хүргэн үг хэллээ. Тэрээр “Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоо хэмээх эгнээндээ 170 гаруй орныг нэгтгэсэн, 62 жилийн үйл ажиллагааны арвин баялаг туршлагатай, дэлхийн энэ том байгууллагын эгнээнд нэгдэн орох санаачилга гаргасан Монгол Улсын Хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Раднаабазар тэргүүтэй гишүүдэд гүн талархал илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг чадварлаг удирдан зохион байгуулж, үндэсний хэмжээний тэргүүний төрийн бус байгууллага болгох үүргийг амжилттай гүйцэтгэж яваа тус нийгэмлэгийн ажлын албаныханд баяр хүргэж ажлын амжилт хүсье!

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн олон талт үйл ажиллагааны зөвхөн гуравхан хэсгийг нь онцлон хэлэхийг хүсч байна.

1. Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулдаг оношилгоо эмчилгээний шилдэг технологи бүхий эмнэлгүүдийг байгуулж жилдээ 30,000 гаруй хүнд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэн эмчлэн эрүүлжүүлэхээс гадна үйл ажиллагаа нь үндэсний болон олон улсын стандартад хүрсэн төдийгүй бусад эрүүл мэндийн байгууллагуудад үлгэр жишээ загвар болж байгаа нь нэн сайшаалтай юм.

2. Өсвөр насныхан залуучуудад зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн мэдээлэл сургалт явуулах, зөвлөгөө өгөх төвүүдийг 8 газар байгуулж эдгээр төвүүдээрээ дамжуулан үе тэнгийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэн жилдээ 7000 орчим хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулан ажиллаж байна.

3. Орон нутаг дахь эрүүл мэндийн газар, бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран алслагдсан сумдын хүн амдад нарийн мэргэжлийн хэрэгцээт тусламж үйлчилгээг нь хамтран үзүүлж жилдээ 10,000 гаруй хүнд үйлчилж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна” хэмээлээ.

Мөн тус нийгэмлэгт олон жил манлайлан ажилласан мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)