М.Баасандорж: Малын таван эмийн сангийн үйл ажиллагааг зогсоосон

НМХГ-аас есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 23 эмийн санд урьдчилсан шалгалт хийжээ. Эдгээр эмийн сан ихэвчлэн “Хархорин”, “Нарантуул” худалдааны төвийн орчимд байрладаг. Дээрх эмийн сангуудад шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаар НМХГ-ын дэд дарга М.Баасандоржоос тодрууллаа.

 

-Малын эмийн сангуудад хийсэн шалгалтаар ямар зөрчил илрүүлсэн бэ?

 

-Зөрчилтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Төвхөн хайрхан”, “Чандмань-Идэр”, “Сорлог сүрэг”, “Happy animal”, “Түлээ хайрхан” зэрэг ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоосон. Мөн хаяг, шошго нь шаардлага хангахгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалтын хугацаа дууссан зэрэг зөрчилтэй эм бэлдмэл их байсныг хурааж устгалд оруулсан. Мөн эмийн санч, худалдан авагчдад эмийг хэрэглэх заавар зөвлөгөөг өгч чадахгүй байсан. Жишээлбэл, мэргэжлийн бус хүн ажиллаж байсан гэсэн үг. Зөрчилтэй аж ахуйн нэгж, албан тушаалтанд гурван сая хүртэлх мөнгөн төгрөгийн торгууль ногдуулсан.  

 

-Хэчнээн нэр төрлийн эм бэлдмэлийг хураан авч, устгалд оруулсан бэ. Тухайлбал, улсын бүртгэлд бүртгэгдээгүй ямар эм байсан бэ?

 

-30 гаруй нэр төрлийн 280-аад ширхэг зөрчилтэй эм бэлдмэлийг хурааж авсан. Улсын бүртгэлгүй нэлээд хэдэн эм байсан. Жишээлбэл, туулга, өтний цацлага, ивомек, Хятадаас оруулж ирсэн төмрийн бэлдмэл, хлорпос зэрэг эм. Шаардлага хангаагүй эм бэлдмэл малд хэрэглэснээр бид эрүүл малын мах, махан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Вакцин болон эм бэлдмэлийг зориулалтын бусаар зөөвөрлөж байна.

 

-Үйл ажиллагааг нь зогсоосон эмийн сангууд хэзээнээс эхлэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бэ. Малын эмийн бодлого ямар байна вэ?

 

-Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй эмийн сангууд хэдий хугацаанд ажиллаж, хэчнээн төгрөгийн орлого олсныг тогтоох боломжгүй. Тиймээс татварын газартай хамтарч, шалгалтыг үргэлжлүүлнэ. Энэ нь хүнд өгдөг эмийн борлуулалттай адилхан авч үзэх асуудал. Түүнээс ч илүү ноцтой зүйл. Малын эмийн экспорт, импортын бодлого үнэхээр алдагдсан байна. Иргэн аж ахуйн нэгж, байгууллага малын эмийг өөрсдийн дураар ганзагаар оруулж ирэн худалдаалж байна. Шалгалт хийхэд зарим эм, тарианд гаалиар оруулж ирсэн гэх албан ёсны бичиг баримт байхгүй байсан.

 

С.Нэмэх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)