Хөхүүл ээжүүдэд зориулсан хөхөнд сүү оруулдаг органик цай

 

- Хөхүүл эхчүүдийн хооллолт -

 

Хүүхдээ хөхүүлнэ гэдэг түүний өсөлт хөгжилт, эрүүл мэндэд хэрэгцээтэй тэжээлийг өгч байна гэсэн үг. Хөхүүлж байх хугацаанд ердийнхөөс арай илүү буюу 400-500 калори нэмж идэх шаардлагатай (хүнд өдөрт дунджаар 2000 калори шаардлагатай). Энэ нь тийм ч их биш. Жишээлбэл бүхэл үрийн 1 зүсэм маслотай талх, 1 ширхэг алим эсвэл гадил, тэгээд 1 аяга тараг нэмэхэд л энэ 400-500 калорийг авч чадна.

 

Хөхүүл эхчүүдийн идэх “тусгай” хоол гэж байхгүй. Урьд идэж байсан хоол хүнсээ үргэлжлүүлэн иднэ. Харин ч олон төрлийн хоол хүнс, ялангуяа жимс, ногоо идэх хэрэгтэй. Ингэснээрээ хөхний сүүний амт, үнэр өөр өөр болж байдаг. Энэ нь хүүхдийг 6 сар хүрээд нэмэлт хоолонд ороход бэлтгэж өгдөг сайн талтай. Манайхан хөхүүл үедээ хэр баргийн хүнсний зүйл идэхийг цээрлэж ихэвчлэн мах, гурилаар хооллож байгаа нь зөв биш ээ. Жирэмсэн үедээ ууж байсан аминдэмээ заавал үргэлжлүүлэн уугаарай. Цагаан хоолтон ээжүүдийн хувьд В12 аминдэм нэмэлтээр уух шаардлагатай. Энэ аминдэм зөвхөн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг ба хүүхдийн уураг тархины хөгжилд нэн чухал. Түүнчлэн шингэн хангалттай уух шаардлагатай. Гэхдээ чихэрлэг ундаа, жүүснүүд жин нэмэх аюултай гэдгийг санах хэрэгтэй. Мөн өтгөн цай, кофег өдөрт 3 аягаас хэтрүүлж болохгүй. Каффеин нь хөхний сүүгээр ялгардаг тул хүүхэд яг л та бид нар шиг унтахгүй болох эрсдэлтэй. Худалдаанд жирэмсэн, хөхүүл эхчүүдэд зориулсан каффеингүй, хөхөнд сүү оруулдаг органик ургамалын цайнууд бий. Жишээлбэл: Герман улсын Тоепфер брэндийн Хөхүүл ээжүүдэд зориулсан цай.

 

Хөхүүл үед төмөр, уураг, кальциар баялаг хоол хүнс зайлшгүй шаардлагатай. Төмрөөр баялаг хоол хүнсэнд мах, элэг, вандуй, бүхэл үрийн талх /боов/ гурил, хатаасан жимс орно. Харин мах, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүн, самар зэрэг нь уургаар баялаг. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг кальциар баялаг гэдгийг ээжүүд сайн мэддэг. Хөхүүл үед спиртын төрлийн ундаа хэрэглэхгүй нь мэдээж. Түүнчлэн загас бусад далайн бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байвал зохино. Эхийн идэж уусан зарим хүнсний бүтээгдэхүүн хүүхдэд харшил өгч болзошгүй. Харин эхийн идсэн сонгино, сармис, халуун ногоо хүүхдэд харшил өгдөг болох нь шинжлэх ухаанд нотлогдоогүй байна. Хэрвээ таны идсэн уусан зүйлээс шалтгаалж хүүхдийн арьсаар тууралт гарах, шингэн гүйлгэх эсвэл өтгөн нь хатаж байна гэж үзвэл тухайн сэжиглэж буй зүйлээ 7 хоног хэрэглэлгүй хүүхдийнхээ биеийн байдлыг ажиглаарай. Хэрэв энэ хугацаанд хүүхдэд илэрч байсан шинж тэмдгүүд аяндаа арилвал идсэн ууснаас чинь болсон байж болзошгүй гэж үзээд цаашид хориглох нь зүйтэй. Гэтэл шинж тэмдгүүд хэвээр байвал хүүхдийн эмчид хандахыг зөвлөж байна.

 

 

Хүүхдийн эмч Т.Навчаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)