Б.Обама: НАТО, Оросын харилцаан дахь хямрал зэвсэгт мөргөлдөөнд хүргэхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама НАТО болон Оросын харилцаанд гарсан хямрал зэвсэгт мөргөлдөөнд хүргэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа CBS сувгийн“60 минут” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Тэрбээр энэ талаар асуусан асуултад“Үгүй. Орос, НАТО-гийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарна гэж бодохгүй байна” гэжээ. Түүнчлэн“Уэльсэд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө би Эстонид очсон. Эстонитэй адил хил хязгаар нутагт орших манай зарим холбоотон улсын аюулгүй байдлыг хангахын тулд бид ихээхэн хүчин чармайлт гаргасан. НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлд бичсэнээр аль нэг гишүүн улс руу халдсан үйлдлийг бүх холбоотон улс руу халдсантай ижил хэмжээнд үздэг. НАТО-гийн гишүүн аль нэг улс руу халдвал асуудал үүсч, бид тусламж үзүүлнэ. Тэгсэн тохиолдолд л зэвсэгт мөргөлдөөн гарна” гэжээ. Б.Обама“Орост үүнийг ойлгож байгаа” хэмээн нэмж хэлсэн байна. Украин дахь хямралын тухайд Б.Обама Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүд уг зөрчилдөөнийг шийдвэрлэхэд тусалж байгаа гэж үзжээ. Тэрбээр Украины хувьд баримталж буй Оросын бодлого нь олон улсын хэм хэмжээг зөрчиж, Дэлхийн хоёрдугаар дайн болон хүйтэн дайны дараа цэцэглэн хөгжиж буй Европыг бий болгоход хүрсэн хөгжил дэвшилд заналхийлж байна гэж өмнө нь мэдэгдэж байснаа дахин давтан хэлсэн байна. Гэхдээ тэрбээр Орост чиглэлээ өөрчилж, зөв замд орох боломж одоо л байгаа гэж үзжээ. Б.Обама АНУ-ын тал цаг тухайд нь энэ бүхэнд оролцоогүй бол Оросын хийг Украинд нийлүүлэх тухай гэрээ байгуулах, Донбасст гал зогсоох тухай тохиролцож, Украины хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэх арга замыг нээх боломжгүй байсан тухай мэдэгдсэн байна.

 

НАТО-гийн байр суурь

 

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен өнгөрсөн зургадугаар сарын3-ны өдөр Крымийн хойгийг Украинд эргүүлэн өгөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн НАТО-гийн төв удирдлагад ажилладаг түшмэл Украин дахь Оросын үйлдэлтэй холбоотойгоор тус холбоо гишүүн орнууддаа заналхийлэх аюулын үнэлгээг өөрчлөхөөр болсон тухай ярьжээ. Тэрбээр тус бүс нутагт нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор НАТО-гийн гишүүн орнууд цаашид ч гэсэн цэргийн хээрийн сургуулилтаа үргэлжлүүлж, аюулаас урьдчилан сэргийлэх, хямралын нөхцөлд ажиллах төлөвлөгөөгөө өөрчлөхөөр болсон тухай мэдэгдсэн байна. Крымийг Оростой нэгтгэсний дараа НАТО-гийн удирдлага бүх талын харилцаагаа зогсоосон тухай мэдэгдсэн. Түүнчлэн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Украин дахь нөхцөл, түүний уг шалтгаан, болж буй үйл явдал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хоёр талын байр суурь эрс тэс өөр байгаа тухай дүгнэн хэлжээ.

 

Б.Обама НҮБ-ын индрээс Оросыг буруутгав

 

АНУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индрээс энэ сарын24-нд үг хэлсэн. Энэ үеэр тэрбээр орчин үед хөгжил дэвшлийн амжилтууд гарч, юуны түрүүнд НҮБ-ыг байгуулж байх үед оршиж байсан дэлхийн дайны аюул арилсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч шинэ аюулууд бий болсныг мэдэрч байгаагаас байнгын түгшүүр хадгалагдаж байна гэж үзжээ. Дэлхий нийтэд заналхийлж буй аюулуудыг Б.Обама баруун Африк дахь эболагийн вирусийн тархалт, Европ дахь Оросын халдлага, Сири, Ирак дахь алан хядагчдын харгислал хэмээн тодорхойлсон байна. Цагаан ордны тэргүүн Оросыг юуны түрүүнд Украины хувьд баримталж буй бодлогоо өөрчилсөн тохиолдолд харилцаагаа сэргээхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Минскэд энэ сарын5-ны өдөр Украинд гал зогсоох гэрээ байгуулсан нь дипломат арга замаар энх тайван хүрэх боломж олгож байна гэж дүгнэсэн аж.

 

С.Лавровын хариу

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Б.Обамагийн тодорхойлсон аюулын жагсаалтад Оросыг хоёрт эрэмбэлсэнд тэмдэглэж хариу мэдэгдэл хийсэн. Тэрбээр“Ерөнхийлөгчийн илтгэлд биднийг олон улсын энх тайван, аюулгүй байдлын хувьд эбола вирусийн дараа хоёр дахь том аюул гэж дүгнэлээ. Харин гуравт нь АНУ-ын зүгээс олон улсын хууль дүрмийг зөрчин түрэмгийлэл үйлдсэн орнуудад ноёрхсон алан хядах үйл ажиллагаа, тухайлбал, “Исламын улс”-ыг нэрлэсэн байна. С.Лавров“АНУ-ын Ерөнхийлөгч хэд хэдэн удаа дэлхий ертөнц илүү чөлөөтэй, аюулгүй болсон тухай хэд хэдэн хэлсэн. Гэтэл би түүнийг үнэн сэтгэлээсээ хэлж байна уу эсвэл Оруэлийн зохиолд гардаг шиг мунхруулах үйлдэл хийж байна уу хэмээн эргэлзлээ. Учир нь Ж.Оруэл цагтаа үнэ шударгын яам гээчийг бодож олсон ба энэ маягийн үзэл баримтлал оршсоор байгаа бололтой” гэжээ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)