Порошенко Донбасст онцгой эрх олгожээ

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Донбасст онцгой эрх олгох тухай хуульд өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зуржээ. Энэ хуулийн дагуу Донецк, Луганскийн зарим хэсгийн засаг захиргаанд түр хугацаанд өөрийгөө удирдах эрх олгох юм. Дээрх газар нутагт шинэ хууль гурван жилийн хугацаанд үйлчилнэ. Шинэ хуулиар хот, тосгодын удирдлага нь Украин улсын хууль тогтоомжийн хүрээнд нутгийн удирдлагын журмын дагуу ажиллах аж. Хуульд Донецк, Луганск мужид хот тосгодын зөвлөлийн депутатын ээлжит бус сонгуулийг ирэх арванхоёрдугаар сарын 7-нд зохион байгуулахаар товлож, нийгэм, эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгагдсан байна. Гэвч Донецкийн Бүгд найрамдах улсын/ДБНУ/ дэд Ерөнхийлөгч Андрей Пургин“Энэ хууль бол боломжийн алхам, гэхдээ улс төрийн хувьд ДБНУ үүнийг хүлээн авах боломжгүй” гэснийг“ИТАР-ТАСС” агентлагаас мэдээлжээ. ДБНУ-ын Ерөнхий сайд Александр Захарченко тус улс хил хамгаалах албатай болж, түүнд ойролцоогоор1500 хүн ажиллах тухай мэдэгджээ. Тэрбээр“Оростой хил залгаа нутагт гаалийн гурван боомт ажиллахаас эхнийх нь аль хэдийнэ ажиллаж эхэлсэн” гэжээ.

 

Т.Ганбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)