В.Байгал: Гардасил вакцинд 10 мянган охин хамрагдсан

Эрүүл мэндийн яамнаас “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархжаалуултад хамруулцгаая” уриан дор 2012 оны гурван сараас эхлэн 11-15 насны охидод гардасил вакциныг хийлгэж эхэлсэн. Эх-ний ээлжинд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл их Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15 насны 14491 охидыг хамруулахаар болсон байдаг. “Гардасил вакцин хүний хөхөнцөр вирусын дархлааны эсэргүүцлийг улам сулруулж үргүй болгодог. Амь насанд ч хүрэх аюултай. Дэлхий нийтээрээ гардасил вакцинаас татгалзаж байгаа. Тиймээс энэ вакциныг хийлгэсэн манай улсын охид 5-10 жилийн дараа үргүй болох, улмаар Монгол Улсын удмын сан тасрах нэг эхлэл болж магадгүй” гэж “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс мэдэгдэл хийж байсан. Тэгвэл энэхүү вакциныг ХӨСҮТ-д сайн дурын үндсэн дээр одоо ч хийсээр байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны их эмч В.Байгалтай ярилцлаа.

 

-Умайн хүзүүний хорт хавдар болон БЗХӨ урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Багануур, Баянгол дүүргийн 11-15 насны охидод гардасил вакцин хийж эхэлсэн. Нийт хэчнээн охидыг вакцинд хамруулсан бэ?

 

-2012 оны гуравдугаар сараас эхлэн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлсэн. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ихтэй хоёр аймаг, хоёр дүүргийг сонгож, 11-15 насны охидод гардасил вакциныг гурван тунгаар хийсэн. Энэ ажлын хүрээнд 10 мянган охиныг вакцинд хамруулсан.

 

-Гурван тунгаар хийсэн гэлээ. Нэг хийхдээ хэр их хэмжээгээр хийх вэ. Хийх явцад охидын биенд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол гарсан уу?

 

-Гардасил вакцины гурван удаагийн тунг 11-15 насны охидод 2-6 сарын зайтай булчинд тарьдаг. Эхний тунг 2012 оны гуравдугаар сарын 12-16-нд, хоёрдугаар тунг тавдугаар сарын 20-25, харин гуравдугаар тунг есдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд хийж дуусгасан байгаа. Нэг хүүхдэд гурван тунг хийсэн. Вакцин хийлгэсний дараа15 минут эмчийн хяналтад байх ёстой. Тарьсан хэсэгт хөндүүрлэх, улайх, толгой өвдөх, дотор эвгүйрэх шинж илэрдэг. Энэ вакцинд хамрагдсан охид умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүйгээр урьдчилан сэргийлж чадсан гэсэн үг.

 

-Энэ вакциныг хийсний дараа ямар нэгэн гаж нөлөө илрэх үү. Тариа хийснээс хойш хоёр сарын дараа хүний биед гаж нөлөө илэрдэг гэсэн. Энэ талаар тодруулна уу?

 

-Вакцин хийсний дараа хүний биед гарах нөлөө 72 цагийн дотор илэрдэг. Бид энэ хугацаанд хүүхдүүдээ ажигласан.

 

-Ер нь яагаад 11-15 насны охидод, тэр тусмаа бэлгийн харьцаанд ороогүй охидод вакцин хийж байгаа вэ?

 

-Энэ вакциныг бэлгийн харилцаанд ороогүй охидод хийвэл илүү үр дүнтэй байдаг. Гардасил вакцин ганцхан хорт хавдраас сэргийлээд зогсохгүй бэлгийн замаар халддаг олон өвчнөөс сэргийлэх юм. Гадны оронд есөн наснаас дээш охид гэлтгүй хөвгүүдэд ч хийж байгаа. Вакциныг хийж эхлэх үед сөрөг мэдээлэл их гарснаас болж зарим охид хийлгэхгүй татгалзсан.

 

-Энэ вакцин нь БЗХӨ-өөс сэргийлдэг гэсэн. Гэхдээ хийлгэсэн охин БЗХӨ авсан тохиолдол гарсан. Энэ ямар учиртай юм бэ. Охидыг өвчлөлөөс хамгаалж чадахгүй байгаа юм биш үү?

 

-Гардасил вакцин дөрвөн төрлийн БЗХӨ-нөөс урьдчилан сэргийлдэг. Гэхдээ олон төрлийн БЗХӨ байдаг. Манай улсад умайн хүзүүний хорт хавдарын өвчлөл хоёрт орж байна. Энэ өвчнөөс сэргийлээд вакцин хийгээд өгье гэхээр охид хамрагдахгүй байгаа. Бэлгийн амьдралд идэвхтэй орох үедээ өвчлөх тохиолдог их гардаг. Тиймээс өвдөхөөсөө өмнө сэргийлэх хэрэгтэй.

 

-Умайн хүзүүний хорт хавдраар 50-60 насны эмэгтэйчүүд өвчилдөг тул өсвөр насны охидод хийх нь буруу гэх юм?

 

-Энэ чиглэлээр манай улсад судалгаа хийгдсэний үндсэн дээр дархлаажуулалт үргэлжилж байгаа. Халдвар авдаг нас нь 15-19 эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарсан. Ингээд 25 наснаас дээш болохоороо өвчилж эхэлдэг.

 

-Вакцины зөвшөөрлийг хэдэн оноос олгож эхэлсэн юм бэ. Одоогоор энэ вакцинаар хэчнээн улс дархлаажуулалт хийж байна вэ?

 

-2006 оноос вакцины зөвшөөрөл олгож эхэлсэн. ДЭМБ дотооддоо болон олон улс орнуудын эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй олон удаагийн хэлэлцээр, хуралдааны дүнд вакцины талаарх байр суурийг албан ёсоор илэрхийлсэн. Үүний дараа 2009 оноос хүний папилома вирусын эсрэг вакцины баримтлах байр суурийг гишүүн улс орнууддаа хүргүүлэхдээ дараах шаардлагыг хангасан тохиолдолд вакциныг нэвтрүүлэх зөвлөмж олгодог юм. Үүнд умайн хүзүүний хавдраас сэргийлэх нь тухайн улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон, дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих боломжтой санхүүгийн тогтвортой байдал хангагдсан, вакциныг нэвтрүүлэхдээ эдийн засгийн үр ашигтай байх гэсэн шаардлагыг хангасан тохиолдолд хэрэглэхийг зөвлөмж болгодог. ДЭМБ-аас баримталж буй бичиг баримтад юу илэрхийлдэг вэ гэвэл вакциныг аюулгүй, үр дүнтэй, яаж хэрхэн хэрэглэх вэ, хэдэн насны хүүхдэд тарих уу зэрэг нарийн мэдээлэл бүгд байдаг. Одоогоор дэлхийн 37 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө хамруулж хийсэн. Эдгээр улсын ихэнх нь хөгжсөн улс орнууд байдаг.

 

-Охидын вакцины сайн дурын үндсэн дээр хийж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дамжуулж охидын вакциныг хийж байгаа. Энэ сарын 10-нд бас охидыг хамруулна. Вакцинд охидыг хамруулах ажил 2015 оны хоёрдугаар сар гэхэд албан ёсоор дуусгавар болно.

 

С.Ичинхорлоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • khosoo (49.0.152.206)

    2014-10-21

    mari stops gej turshiltiin gazar bn tend jiremsnees sergiileh taria gej neg taria hiideg hiilgesen humuus ni heden saraar tsus aldaj yavdag naad vaktsin chine yalgaagui yaduu buurai ornuud deer hugjingui ornuud shineer gargasan vaktsinuudaa dandaa turshij bdag enend manai heden ajilgui emch nar yugaach medehgui oroltsool gar hul ni bolj yavdag haraad bgarai dandaa huduu oron nutag neg bol zahiin duurguud bga biz yag l afrikt hiideg turshilt gesen ug

  • (203.194.114.91)

    2014-10-21

    ene eldev vakcine-aa bolimoor yumaa yu hiij bgaag ni ene emch nar uursduu ch medehgui shuu dee demb gej neg baiguullagiin ugeer l yavaad bh yum. uursdiin tolgoigoor ajillaj chadahgui medleg muu sul doroi uls ornoor hen ch yu ch hiilgej chadna shuu dee,

  • (103.229.121.136)

    2014-10-21

    БОЛОХГҮЙ ЭЭ, ЭНЭ ВАКЦИНААС ЧИНЬ БОЛЖ ГАДААДАД ОХИДУУД ӨВДСӨН ТУХАЙ МЭДЭЭ ГАРСАН Ш ДЭ. ЗААВАЛ МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ ХӨДӨӨ ХИЙСЭН НЬ СОНИН БАЙГАА БИЗ, ХОТОД ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРААД ХИЙХЭЭ БОЛЬСОН ТЭГСЭН ХӨДӨӨ ХИЙСЭН ЮМ БАЙНА Л ДАА. ХҮН АМ ЦӨӨРҮҮЛЭХ ГЭСЭН БОДЛОГО