Японд хоёр эмэгтэй сайд нэгэн зэрэг огцорлоо

Японы Засгийн газрын хоёр эмэгтэй сайд өчигдөр огцорчээ. Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Юко Обути өчигдөр өглөө Ерөнхий сайд Абэ Шинзотой гучин минутын хугацаанд уулзах үеэрээ огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр телевизээр ард иргэддээ хандан “Абэгийн Засгийн газрын гишүүний хувьд эдийн засгийн бодлого, эмэгтэйчүүдийг илүү гэрэлтэх нийгмийг байгуулах зэрэг олон талт ажилд нь нэмэр болж чадаагүйдээ хүлцэл өчье. Хувийн асуудлаас болж эдийн засаг, эрчим хүчний салбарын бодлого саатуулах сайдын хувьд уучилшгүй хэрэг” гэжээ. Харин үүнээс хэдхэн цагийн дараа Хууль зүйн сайд Мидори Мацушима огцорсон байна. Хоёр эмэгтэй сайд ийн бараг нэгэн зэрэг огцроход хүрсэн нь Ерөнхий сайдын хувьд эмэгтэйчүүдийг төрийн удирдлагын дээд төвшинд оруулах гэсэн бодлогод нь томоохон цохилт боллоо хэмээн японы сэтгүүлчид дүгнэжээ. Ерөнхий сайд Абэ Шинзо хоёр эмэгтэйг сайдаар томилсныхоо хариуцлагыг хүлээж, ойрын өдрүүдэд орных нь хүнийг томилно гэдгээ мэдэгдсэн байна. Хоёр сайдын аль аль нь эрх баригч Либерал ардчилсан намын гишүүд аж. Өдгөө 40 настай Юко Обутийг олон нийт Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох хүн гэж харж байжээ. Түүнчлэн зүс царай сайтай эмэгтэйг танхимд оруулахдаа Абэ цөмийн цахилгаан станцуудын ажлыг дахин сэргээнэ гэсэн олны дунд нэр хүнд муутай шийдвэртээ ард иргэдийн дэмжлэг олж авахад хэрэгтэй гэж үзсэн аж. Японы сайд нарын танхимыг өнгөрсөн есдүгээр сард хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэх уриан дор шинэчлэх үеэр тэрбээр сайдын албанд томилогдож, Засгийн газар дахь эмэгтэй таван сайдын нэг болсон. Абэгийн Засгийн газарт эмэгтэйчүүдийг түлхүү оруулсан нь нийгэм, эдийн засгийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, улс орноо хямралаас гаргах бодлогын хүрээнд хийсэн ажлын нь нэг аж. Японд төрөлт бага, хүн амын дунд өндөр настнуудын эзлэх хувь хэмжээ нэмэгдсэнээр ажиллах хүчний хомсдолд орсон аж. Иймээс эрх баригчид эмэгтэйчүүдийг эдийн засгийн амьдралд түлхүү татан оруулах бодлого боловсруулсан аж. Япон эмэгтэйчүүд гэрлэж, хүүхэд гаргасныхаа дараа гол төлөв гэртээ сууж, гэр бүлдээ бүх цаг заваа зориулдаг. Эдийн засгийн сайд Юко Обути дэмжигчдийг нь нэгтгэсэн олон нийтийн байгууллагын хөрөнгөнөөс гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг улс төртэй холбоогүй эд зүйлд зарцуулсан хэмээн сэжиглэж байгаа юм. Тухайлбал, 2009-2011 онд түүнийг дэмждэг хоёр сангаас Юко Обутийн сонгогчдод нь зориулан зохион байгуулдаг урлагийн тоглолт зохион байгуулахад43 сая иен зарцуулсан байна. Түүнчлэн өөр нэг сангаас нийт3.8 сая иенийг Юко Обутийн төрөл төрөгсдийн ажиллуулдаг дэлгүүрээс бараа худалдан авахад зарцуулжээ. Эхний тохиолдлыг нь сонгогчдын саналыг худалдан авах гэсэн оролдлого гэж үзэж болох аж. Харин хоёр дахь тохиолдлыг улс төрийн үйл ажиллагаанд олгосон хөрөнгийг өөр зорилгод ашиглаж, хууль зөрчсөн үйлдэл хэмээн үнэлж болно. Хоёр сайд огцорсон нь улс төрийн томоохон хямрал үүсгэх магадлалтай аж. Юко Обути нь Японы Ерөнхий сайд асан Кэйзо Обутийн охин юм. Эцэг нь зуурдаар нас барсны дараа тэрбээр26 настайдаа улс төрд хөл тавихаар зориг шулуудсан гэдэг. Бүсгүй 34 насандаа Асо Таро тэргүүтэй Засгийн газарт төрөлт буурч буй асуудлыг хариуцсан сайдын алба хашиж, Японы түүхэнд хамгийн залуу сайдаар тодорч байв. Юко Обути бага насны хоёр хүүхэдтэй. Японы Хууль зүйн сайдын албанаас огцорсон Мидори Мацушимаг улс төрийн кампанит ажил явуулах тухай хуулийн заалтыг зөрчсөн хэрэгт буруутгажээ. Тэрбээр Токиогийн сонгуулийн тойрогт болсон зуны урлагийн наадмын үеэр сонгогчдод өөрийн зураг бүхий тус бүр нь75 цент, нийт 16 мянган ам.доллларын үнэтэй цаасан дэвүүр тараасан нь үнэтэй бэлэг сэлт тараахыг хориглосон хуульд заасан хязгаарыг давсан гэж үзжээ. Харин сайд дэвүүр нь сурталчилгааны хуудастай дүйх эд хэмээн өмнө нь мэтгэсэн аж. Түүнчлэн энэ сарын эхээр Мидори Мацушима парламентын хуралдааны үеэр улаан ороолт зүүсэн нь хувцаслах тогтсон дэг жаягийг зөрчсөн хэмээн парламент дахь Ардчилсан намын гишүүдээс шалгах ажил эхлүүлээд байжээ. Мидори Мацушима 58 настай. Засгийн газрын сайд эмэгтэйчүүдтэй холбоотой дуулиан энэ хоёроор дуусахгүй аж. Учир нь гурав дахь эмэгтэй сайд Ерико Яматани Үндэсний олон нийтийн аюулгүй байдлын яамыг тэргүүлдэг ба түүнийг барууны хэт үндсэрхэг бүлэглэлтэй холбоотой хэмээн буруутгаж байна. Уг үндсэрхэг бүлэглэлийн гишүүд солонгос гаралтай японы иргэдийг үзэн ядсан мэдэгдэл хийсэн зэрэг зарим үйлдлээрээ олны анхааралд өртжээ. Ерико Яматани нь Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг хариуцдаг. Түүнд үндсэрхэг бүлэглэлтэй тогтоосон хэлхээ холбоо гай болох нь гарцаагүй. Юко Обути огцорсон нь Абэ2012 оны арванхоёрдугаар сард сонгогдож, Засгийн газраа байгуулснаас хойш болж буй анхны тохиолдол юм. Түүнийг 2006-2007 онд анх Засгийн газар тэргүүлж байх хугацаанд олон дуулиант хэрэг дэгдэж, зарим сайд нь огцорч, нэг нь амиа хорлоход хүрч, өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар гэх тайлбартайгаар нэг жилийн дараа огцорч байжээ. Харин дахин сонгогдож, ард түмний дэмжлэгтэйгээр шинэ танхимаа бүрдүүлснээс хойш шийдвэрлэх шаардлагатай нэлээд хүнд асуудлуудтай тулгарсан аж. Сайд нарын сонголтоос гадна Ерөнхий сайд хэрэглээний татварыг хоёр хувиар нэмж, 10 хувьд хүргэх эсэх, цөмийн цахилгаан станцуудаа дахин ажиллуулах эсэхийг шийдвэрлэх хэрэгтэй. Санхүүчид уг татварыг нэмснээр төсвийн тэнцлийг сайжруулна хэмээн үзсэн бол эсэргүүцэгчид нь татварыг өсгөснөөр эдийн засаг сэргэх үйл явцыг үгүй хийнэ гэдэг. Абэгийн Засгийн газарт итгэл үзүүлж буй талаар санал асуулга явуулахад иргэдийн 48.1 хувь итгэж байгаагаа илэрхийлсэн тухай асуулгын дүнг өнгөрсөн ням гаригт нийтэлжээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сарын эхэн үеэс долоон хувиар буурсан үзүүлэлт аж. Абегийн Засгийн газарXXI зуунд Японы улс төрд нүүрлэсэн нэгэн хар сүүдрээс өнөө хүртэл хол явж ирсэн гэж үздэг байв. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сар хүртэл бараг хоёр жилийн хугацаанд түүний Засгийн газарт хөдөлгөөн ороогүй бол бүр1960-аад оны үед тогтоосон өмнөх амжилт425 хоног байжээ. Аж үйлдвэрийн сайд Юко Обутийн санхүүжилттэй холбоотой зөрчлийн тухай мэдээлэл өнгөрсөн пүрэв гаригт анх хэвлэл мэдээлэлд гарсан байна. Харин бямба гаригт “NHK”-ээс Юко Обутийг дэмжигч бүлгүүд 43 сая иен/400 мянган ам.доллар/-ийг үзвэр үйлчилгээний арга хэмжээнд зарцуулж, 2012 оноос хойш зардлынхаа тайланг гаргаагүй тухай мэдээлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)