Р.Эрдоган курдуудад тусалсныг буруушаажээ

Туркийн Ерөнхий сайд Р.Эрдоган АНУ-ын эрх баригчид Кобани хотыг хамгаалж буй Сирийн курдуудад зэвсэг нийлүүлснийг буруушаажээ. Тэрбээр Афганистанд айлчлаад буцах замдаа“Туркийн эрх баригчид Кобани хотын хамгаалагчдад туслаагүй. АНУ тэдэнд зэвсэг нийлүүлсэн нь буруу” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Р.Эрдоган “Исламын улс” бүлэглэлтэй байлдаж байгаа “Ардчилсан холбоо” намын дайчдыг зэвсэглэхийг бидэнд уриалдаг. Бидний хувьд, тэд Курдын Ажилчны намын/КАН/ нэгэн адил алан хядагч байгууллага юм” гэжээ. Түүнчлэн Францын эрх баригчдаас түүнд хилээ нээж КАН-ын дайчдыг Кобанийн курдуудад туслах боломж олгохыг уриалсныг няцаасан байна. Туркийн хилийн ойролцоо орших Кобани хотыг “Исламын улс” бүлэглэлийн дайчид бараг сарын турш довтолж, курдууд өөрсдөөс нь хэд дахин давуу хүчнээс хотоо хамгаалж байгаа юм. Харин Туркийн эрх баригчид “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд нь тусламж үзүүлэхгүй хилээ хааж, Туркт амьдардаг элэг нэгт курдуудыг Кобани хотыг хамгаалахад оролцуулахад саад хийж байна. Үүний улмаас курд гаралтай болон Сириэс ирсэн иргэд өнгөрсөн долоо хоногт Туркийн хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсгэж, эрх баригчид хөл хорионы цаг тогтоожээ. Харин Туркийн курдууд эрх баригчдыг өмнө нь Сири дэх  “Исламын улс” зэрэг зэвсэгт байгууллагуудад тусламж үзүүлж, хэдэн мянган автомашин ачаа нэвтрүүлж байсан хэрнээ одоо амь нас, төрөл төрөгсдөө хамгаалахаар тэмцэж буй курдуудыг алан хядагчдын гарт орхиж, тэдэнд туслахад хүртэл саад хийж байна хэмээн буруутгаж байгаа юм. АНУ-ын цэргийн нисэх онгоцууд өнгөрсөн даваа гаригт шилжих шөнө Кобани хотыг хамгаалж буй курдуудад зэвсэг хэрэглэл агаараас нийлүүлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)