БИЛЛ ГЕЙТС: их мөнгөтэй бол мухардалд орно гэдгээс айлгүйгээр шинэ зүйл оролдож болно

Microsoft”-ын хувьцааны ханш өссөний ачаар Билл Гейтс дөрвөн жио завсарласны дараа дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг дахин тэргүүлж эхэлсэн билээ. Жилийн хугацаанд түүний хөрөнгө есөн тэрбумаар нэмэгджээ. Ийнхүү тэрбээр сүүлийн 20 жилийн хугацаанд “Forbes”-ийн жагсаалтыг 15 дахь удаагаа тэргүүлж байна. Энэ оны хоёрдугаар сард Билл Гейтс “Microsoft”-ын захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаа орхиж, шинэ Ерөнхий захирал Сатья Наделлийн техникийн зөвлөхөөр ажиллах болжээ. Ингээд түүний ярилцлагыг толилуулж байна.

 

-“Microsoft”-ыг анх байгуулж байх үед удахгүй хүн бүрийн ширээн дээр компьютер байх болно гэсэн таны үг бүтэшгүй мэт санагдаж байсан байх. Тэгвэл өнөөдөр 40 жилийн дараа компьютер зөвхөн ширээн дээр төдийгүй халаасанд, ер нь л хаа сайгүй байх болжээ?
-Би компьютер гэж юу байдгийг ч мэдэхгүй, түүнийг бодит амьдралд хэрхэн хэрэглэхийг төсөөлж ч байгаагүй тийм цаг үед амьдарч байсан хүмүүсийн нэг. Гэхдээ миний мөрөөдөл яг л төсөөлж байснаар минь биеллээ олж, компьютер хүний хамгийн өргөн хэрэглээний нэг болсонтой хэн ч маргахгүй байх.
-“Facebook” 19 сая ам.доллараар “WhatsApp” төслийг худалдаж  авсан нь өндөр технологийн ертөнцөд нэлээн шуугиан тарилаа. Та энэ наймааны талаар юу хэлмээр байна?
-Энэ бол Марк Цукерберг “Facebook”-ийг “Facebook”-ээр нь үлдээхийг хүсч байна гэсэн үг л дээ. Тэр “Би арилжааны бус санаанд 19 саяыг зарцуулна” гэж хэлэх эрхтэй. Миний бодож байснаас үнэтэй байгаа ч үүнийг ухаалаг алхам гэж бодож байна. Олон сая хэрэглэгч юунаас ч илүү чухал гэдгийг энэ наймаа бидэнд харууллаа. Энэ программ хангамжийг бүхий л талаар ашиглах боломжтой. Та хэн нэгэнтэй харилцахдаа зөвхөн бичих төдийгүй зураг, дүрс бичлэг, баримт бичиг солилцож, тоглоом тоглож болно.
-“Google” энэ төслийг худалдаж авахыг хүсч байсан…?
-Тийм ээ, бид ч бас авахыг хүссэн.19 сая хүрэх эсэхийг би сайн мэдэхгүй ч үнэхээр үнэ цэнэтэй төсөл гэдэгт эргэлзэхгүй байна.
-Түрүүн та Марк Цукербергийн нэрийг дурьдлаа. Түүний амжилтыг хараад өөртэйгөө төстэй зүйлийг анзаардаг уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Бид хоёулаа Харвардын их сургуулийг орхисон, программ хангамжийн үнэ цэнэ дээр зарчмын хувьд ижил үзэл бодолтой гэж болно. Тэр намайг бодвол илүү бүтээгдэхүүний менежер талын хүн. Харин би программ хангамжийн бүтэц, код руу илүү ойр. Гэхдээ бидний гол ялгаа энэ биш. Би бүтцээс эхэлдэг, Марк шууд л бэлэн бүтээгдэхүүн санал болгодог, харин Стив үргэлж гоо зүйн талаас нь эхэлдэг байсан.
-“Microsoft” гар утас, “үүлэн тех­нологи”-ийн салбар руу шилжиж буйн зорилго юу вэ?
-1990-ээд оны үед бүтээгдсэн Office зэрэг манай бүтээгдэхүүнүүдийг одоо зөвхөн шинэчлээд байх биш цоо шинэ зүйл шаардлагатай байна. Манайхан ч энэ санааг дэмжиж, эрсдэл хүлээж, оролдоод үзэхийг зөвшөөрсөн. “Google” яг үүнтэй адил зориг гаргаж байж л өнөөгийн амжилтад хүрсэн шүү дээ.
-Тийм ээ, тэднийг “үүлэн дунд” төрсөн гэж хэлж болно?
-Хайлтын систем асар их мөнгө хийдэг. Их мөнгөтэй бол мухардалд орохоос айлгүйгээр шинэ зүйл оролдож болно. Яг 1990-ээд оны үеийн манай компани шиг. Бид тэр үед интерактив телевиз, электрон түрийвчний технологи дээр ажиллаж байсан. Эдгээр нь цаг үеэсээ түрүүлсэн технологи байсан ч бид эрсдэлээс огтхон ч айгаагүй.
-Хүмүүс “үүлэн технологи”-ийн талаар ярихад мэдээлэлд нэвтрэх боломж, түүний хамгаалалт, аюулгүй байдлын асуудал заавал хөндөгддөг?
-Хотын хаа сайгүй камер байх ёстой юу. Би хувьдаа хот хараа хяналт дор байх нь сайн гэж боддог. Жишээ нь, бараг л өнцөг булан бүртээ камертай Лондонд жижиг хэмжээний гэмт хэргийн түвшин маш бага. Ямар нэг зүйл болоход учрыг тунгааж, буруутныг олох бүрэн боломжтой. Эдгээр камерууд тэдний хувийн орон зайг зөрчихөд үйлчилдэггүй гэдэгт лондончууд итгэлтэй байдаг. Харин Америкийн хотуудад хүмүүс камерыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд их эргэлздэг.
-Үүнд ингэж их санаа зовох хэрэг байна уу?
-Ямар нэг хүний талаар мэдээлэл олж авах боломж үргэлж байсан. Хэн нэг нь хурууныхаа хээг үлдээхгүй байж болдог үе аль хэдийн өнгөрсөн. Одоо хүн бүрийн утасны дугаараас авахуулаад дэлгүүрт хийсэн худалдан авалт бүр хадгалагдаж үлддэг. Гэхдээ ямар нэг хязгаарлалт байх ёстой. Жишээ нь, таны гэр бүлээ цуцлуулах шүүхийн үйл явцын талаарх мэдээллийг хөрш тань зүгээр л “Google”-ээс олоод уншчихдаг бол хэвийн зүйл гэж үү. Иймэрхүү асуудлыг олон талаас нь авч хэлэлцэх ёстой гэж бодож байна.
-Эдвард Сноуденийн ачаар олон хүн энэ талаар бодох болжээ.Таны хувьд тэр баатар уу, эсвэл урвагч уу?
-Тэр хууль зөрчсөн болохоор түүнийг баатар гэж тодорхойлох боломжгүй. Хэрвээ тэр эх орондоо үлдэж, хүний эрхийн асуудлаар ажиллаж, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангаж байсан бол би “Тийм ээ, тэр нөхцөл байдлыг сайжруулахыг хүсч байна”  гэж хэлж болох юм.
-Гэсэн хэдий ч төр, засаг ард иргэдээ тагнаж мөрддөг гэдгийг бид мэдсэн нь сайн зүйл биш гэж үү?
-Төр засагт ийм боломж үргэлж байдаг. Энэ талаар нухацтай ярилцах шаардлагатай. Тэдний иргэдээ тагнаж мөрдөх зарим арга зам нь мэдээж хууль бус.Тиймээс чухам ямар нөхцөлд тагнаж мөрдөж болох вэ гэдэг асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй. Өндөр технологи муу залууст асар их эрх мэдлийг өгдөг. Зөвхөн муу залуус төдийгүй галзуу хүмүүст  ч мөн адил.
-Одоо ядуурлын талаар ярилцья. Улс хүн амынхаа ядуу бүлэгт туслах үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэх ёстой гэж боддог уу?
-Ядуурал өмнө байснаас огт өөр шинж чанартай болсон байна. Өнөөдөр ядуучууд урьд өмнөхөөс арай дээр амьдрах болжээ. Гэсэн ч нийгмийн хөнгөлөлт, дэмжлэг тусламжийн системийг улам сайжруулах хэрэгтэй. Ядуу хүмүүсийг төрөл төрөгсөдтэй, эсвэл орь ганцаараа гэж хувааж үзэх нь буруу. Улс орнууд өөр өөрсдийн ядуурал мэтийн нийгмийн асуудлыг зөв шийдвэрлэж чадвал дэлхий нийтэд үр ашгаа өгөх болно.
-Урьд нь та эрүүлийг хамгаалах, ядуурал зэрэг төвөгтэй асуудлуудыг төр шийдвэрлэж чадна гэдэгт эргэлздэг байсан. Одоо таны байр суурь өөрчлөгдсөн үү?
-Үүнийг эргэлзээ гэж хэлмээргүй байна. Зүгээр л нөхцөл байдлыг бодитоор харж, төр гэдэг бол ухаантай хүмүүс, шинжээчдийн тусламжгүйгээр үйл ажиллагаа явуулах чадваргүй хэрэгсэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь, АНУ-ын төр олон талаараа дэлхийн хамгийн шилдэг нь. Хүнд суртал бараг байхгүй, шүүхийн шударга систем гэх мэт. Хэрвээ надад ид шидтэй нэг удаагийн саваа байсан бол улс төрийн хямрал, боловсрол, эсвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэ зэрэг асуудлын аль нэгийг шийдэх болно. Зарим нэг ядуу улс орон сургуулиа наад захын мэргэжлийн багшаар хангаж ч чадахгүй байж ядуурал, эрүүл мэнд зэрэг ноцтой асуудлуудыг шийдвэрлэх талаар яаж ярьж чадах юм бэ. Чухам энэ асуудлуудад би их цаг хугацааг зориулж байна. Бүгд л шийдвэрлэж болох асуудлууд шүү дээ.
-Одоо сэдвээ өөрчилж таны сангийн талаар ярилцья. Полиомиелит өвчний эмчилгээ, эсвэл уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хоёроос алийг нь санхүүжүүлэх шийдвэрээ яаж гаргадаг вэ?
-Миний туршлага, шинэ санаа, хөрөнгө шинэ зүйл бүтээж болох тэр л салбарыг сонгохыг би хичээдэг. Манай сангийн хөрөнгөний ихэнх хэсэг нь эрүүл мэнд, ялангуяа халдварт өвчинтэй холбоотой төсөлд зарцуулагдаж байна. Түүнчлэн ихэнх ядуу хүмүүс фермер байдаг болохоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мөн анхаарлаа хандуулдаг.
-Уур амьсгалын өөрчлөлттэй хол­боотойгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл их анхаарал татах болжээ. 2050 он гэхэд дэлхийн хүн 9.6 тэрбум болно гэсэн таамаг байдаг. Тэднийг яаж тэжээх вэ?
-1960-аад оны үед “ногоон хувьсгал” гэж нэг зүйл болсон. Шинэ үр, янз бүрийн ухаа­лаг технологиуд Ази, Латин Америкийн олон улс орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэг­дүүлж, олон хүний амьдралыг аварсан юм. Харамсалтай нь Африкт ийм хувьсгал гараагүй. Өнөөдөр Африкийн нэг фермер АНУ-ын фермерээс гурав дахин бага үр бүтээлтэй байна. Энэ асуудлыг шийдэж эхэлвэл шууд л үр дүн нь харагдах болно.
-2035 он гэхэд дэлхий дээр нэг ч ядуу улс орон үлдэхгүй гэж та хэлж байсан. Та яагаад тэгж бодож байгаа юм бэ?
-Сүүлийн үед дэлхий даяар үнэхээр том дэвшил гарсан. Бразили, Тайланд, Индонези улсууд үнэхээр том амжилт олжээ. Харамсалтай нь Африкийн улсууд, Гаити зэрэг улс орнуудад олигтой өөрчлөлт гарахгүй байна. Йемен, Афганистан, Хойд Солонгос ч мөн ялгаагүй. Хэрвээ Африкт дайн, улс төрийн хямрал эцэс болвол амжилтад хүрэх бүрэн боломжтой. Тусламж шаардлагатай улс орны тоо цөөрсөөр байна. Цаг нь ирэхээр өвчнийг анагаах шинэ эм, эрчим хүч гаргаж авах шинэ арга бий болж, өвчний талаар шинэ ойлголт бий болно. Тэгэхээр цаг хугацаа бидний талд байна гэсэн үг. Халдварт өвчний түвшин өндөр улс орнуудад боловсон бие засах газартай болгох бидний төсөл ч үр дүнгээ өгч байна.
-Хөгжил дэвшил боловсон бие засах газар мэтийн өчүүхэн зүйлээс хамааралтай гэж үү?
-Бид телевиз, интернэт, богино долгионы шарагч, хөргөгч зэргийг байх ёстой юм шиг л богинохон хугацаанд хүлээж авсан. Гэтэл зэрлэг амьдралаас соёл иргэншилд хүрэх зам үүнээс хавьгүй урт шүү дээ.
-Одоо дэлхийн уур амьсгал, дулаарлын талаар ярилцья. Олон улстөрч, эрдэмтэн энэ үзэгдлийг хүн төрөлхтөний өмнө тулгарсан шалгуур гэж ярьдаг?
-Мэдээж энэ бол том шалгуур. Энэ шалгуурыг маш хүнд гэж нэрлэж болох гол шалтгаан бол хэдийгээр уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч буй ч түүнийг зогсоож чадахгүйд л байна.
-Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох арга байхгүй гэж үү?
-Өдөр ирэх тутам бид улам их нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт цацаж байна. Үүнийг 90 хувь багасгахын тулд жилийн үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах хэрэгтэй. АНУ бусад улс орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах замаар үйлдвэрлэлээ бууруулаад эхэлчихсэн. Нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэр зохион бүтээлээ ч түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд их цаг хугацаа орно.
-Хүрээлэн буй орчныг хордуулж буй нүүрстөрөгчийн хийг ямар нэг аргаар багасгах хэрэгтэй байх?
-Тийм ээ, гэхдээ хүмүүст эрчим хүч, аж үйлдвэрлэл хэрэгтэй. Хамгийн гол нь экологийн хувьд аюулгүй цоо шинэ эрчим хүчний эх үүсвэр олох хэрэгтэй.
-Энэ нь биднийг цөмийн эрчим хүч рүү хөтөлж байна гэж ойлгож болох уу?
-Хэрвээ атомын эрчим хүчийг үнэхээр аюулгүй, эдийн засгийн хувьд боломжтой, экологийн хувьд цэвэр байлгаж чаддаг бол сайхан л юм. Хэрвээ чадахгүй бол бүр ч муу юм болно. Яагаад гэвэл эрчим хүчний хэрэглээ хэзээ ч буурахгүй.
-Цөмийн эрчим хүч 40  жилийн хугацаанд эдийн засаг болон технологийн хувьд бидний хүлээлтийг хангаж чадаагүй. Тэгэхээр нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байхад түүнийг санхүүжүүлэх ямар хэрэгтэй юм бэ?
-Асуудал байвал түүнийг шийдвэрлэх боломжтой бүх арга замыг нягталж үзэх хэрэгтэй. “Манхэттен” төсөл ч плутон болон ураны гэсэн хоёр төрлийн бөмбөг бүтээх хувилбарыг авч үзсэн. Хоёулаа амжилттай болсон биз дээ. Нар, салхи зэрэг байнгын эрчим хүчний эх үүсвэр дэлхийн хэмжээний эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй.
-Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн удаан хөгжил, улс төрийн хямрал, эрүүл мэндийн үйлчилгээний үнийн өсөлт зэрэг олон асуудлаас болж хүмүүс улам л  гутранги үзэлтэй болж байх шиг?
-Зөвхөн хар бараан талыг нь харж амьдрах хэрэггүй л гэж хэлмээр байна. Өнгөтэй өөдтэй, сайн сайхан зүйл хангалттай байгаа шүү дээ.
-Дараагийн 50 жилд таныг хамгийн их айлгаж буй зүйл юу вэ?
-Дулаарлын асуудлыг шийдвэрлэх тал дээр тохиролцоонд хүрч чадна гэж бодож байна. Бүх улс орнууд хүчээ нэгтгэж терроризмыг үндсээр нь устгаж чадна гэдэгт итгэдэг. Эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж, ядаж ядуу улс орнуудад хүүхдийн үхлийг зургаан саяас хоёр, бүр нэг сая хүртэл бууруулж чадна гэж найдаж байна.
Миний санааг Сирийн дайн мэтийн зүйл их зовоодог. Тогтворгүй байдал, дайн тулаан ямар нэг байдлаар гарах л болно. Би энэ бүгдээс яаж зайлсхийж болохыг тодорхойлж чаддаг шинжээч биш. Гэхдээ л ямар нэг шийдэл, арга зам байгаа гэдэгт итгэдэг. Тэгэхээр ирж буй 50 ч юм уу, 100 жилд олон таагүй зүйл болох нь мэдээж. Гэхдээ тэр нь цөмийн дайн, аюулт тахал, био терроризмтай холбоогүй байгаасай л гэж хүсч байна.
-Америкийн сайн сайхан өдрүүд ард хоцорсон гэж ярьдаг хүмүүст та ямар хариу өгөх вэ?
-Энэ бол зүгээр л инээдтэй яриа. Манай улсын сайн сайхан бүхэн алс хол ард хоцорсон гэдэг бол харьцангуй ойлголт. 19464 онд америкчууд дэлхийн хүн амын 60 орчим хувийг эзэлж, бүх талаар бид тэргүүлдэг байлаа. Өнөөдөр ч гэсэн Америкийн амьдралын түвшин урьд өмнө байснаасаа хавьгүй дээр болсон.
-Танаас Стив Жобсын талаар асуумаар байна. Та хэзээ хамгийн сүүлд түүнтэй уулзсан бэ?
-Түүнийг нас барахаас хоёр, гурван сарын өмнө уулзсан санагдаж байна. Дараа нь бүр хэвтэрт орчихсон байхад нь би нэг том захиа бичсэн. Стив бид хоёр их ойр дотно харилцаатай, уулзахаараа өөрсдийн амьдрал, гэр бүл, орчин үеийн технологийн дэвшил, түүний алдаа онооны талаар ярилцдаг байлаа. Мэдээж бид маш их ялгаатай хүмүүс. Гэхдээ бид хүн сонгох чадвар, их эрч хүч, зорьсон зүйлдээ бүхнээ зориулдаг зангаараа адилхан. “Mac”-ийн анхны программ хангамжийг бүтээхэд хамтран зүтгэж байсан үе маань үнэхээр сайхан байжээ. Тэр үед одооны “Apple”-ээс ч олон хүн ажиллаж байсан юм. Гэхдээ бид их гэнэн байжээ. Бид компьютероо 499 ам.доллар болно гэж тооцоолж байсан ч эцэст нь 1999 ам.доллар болсон. Тэр үед “Mac”-т ажиллаж байсан бүх хүмүүс “шатсан”. Хоёр жилийн дараа тэднээс нэг ч хүн үлдээгүй. Гэхдээ л бүх зүйл үнэхээр гайхалтай байлаа. Стив бол жинхэнэ суут ухаантан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)