Э.Сноуден: Манай засгийн газар Орост намайг санаатайгаар цөлсөн

АНУ-ын “The Nation” сэтгүүлийн сэтгүүлч Катрина ванден Хьювел болон Стефен Ф.Кохэн нар Э.Сноудентэй Москва хотноо энэ сарын 6-ны өдөр уулзаж ярилцсаныг товчлон хүргэж байна.

Энд тантай хамт байгаад их таатай байна. Бид ажлынхаа хүрээнд Москвад олон удаа ирж, хуучин найз нөхөдтэйгөө уулздаг. Харин Орост амьдарна гэдэг таны өөрийн сонголт байгаагүй.
 

 

-Та энд байх хугацаандаа ажиллах юм уу нийгмийн идэвхтэй байж чадаж байна уу. Эсвэл бусдаас тусгаарлагдаж, залхсан шинжтэй байна уу?

 

Би өөрийгөө гэр амьтай хүн гэж боддог. Компьютерийн мэргэжилтэй болохоор ч тэр байх. Гадуур гарч, хөлбөмбөг тоглох зэрэгт дурладаггүй.

Түүний оронд бодож, хэн нэгэнтэй ярих, бүтээхийг илүүд үздэг. Тиймээс ирснээсээ хойш өөрийгөө ажлаар дарж, түүндээ цаг заваа зориулж байгаадаа сэтгэл хангалуун байна.
 

-Танд ажлаа хийхэд шаардлагатай зүйл бүгд бий юү?

 

-Тийм. Би цөллөгт байгаа болохоор хэн нэгнээс эмээж зугтаасан байдалтай өдрийг өнгөрүүлдэггүйг та мэднэ. Манай Засгийн газар паспортыг минь хүчингүй болгож, намайг санаатайгаар цөлсөн.

Хэрэв тэд үнэхээр барихыг хүссэн бол надад Латин Америк руу явах боломж олгох байсан юм. Тэр бүс нутагт ТТГ-ынхан дур зоргоороо аашилдаг. Гэтэл үүний оронд тэд намайг Орост үлдээхээр шийдвэрлэсэн.
 

-Та нийгмийн амьдралыг тийм их чухалчилж үздэггүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ танд нийгмийн амьдралд оролцох боломж байна уу?

 

-Хэрэгцээтэй бүхэн минь бий гэж хэлэх байна.
 

-Хэн нэгэнтэй уулзаж, ярьж суух боломж танд байна уу?

 

*Мэдээж хэрэг боломжтой. Би гадуур гардаг. Намайг бүгд хараад таньдаг. Ялангуяа компьютерийн дэлгүүрт байнга тийм зүйл тохиолддог. Энэ бол тархины холбоостой ижил юмуу даа. Учир нь намайг хүнсний дэлгүүрт явж байвал хэн ч танихгүй.

Гэрэл зурган дээрээ байдагтай яг адил нүдний шил зүүгээд явсан ч танихгүй. Гэтэл сахлаа цэмцийтэл нь хусч, малгай өмсөөд зурган дээрхээсээ тэс ондоо болчихоод явж байсан ч компьютерийн дэлгүүрт намайг харсан хүмүүс “Сноуден үү” гэж асуудаг.
 

-Та В.Путиний хэвлэлийн бага хурлын үеэр видео асуулт тавьсан?

 

-Өө, тэр чинь аймшигтай юм болсон. Бурхан минь тэр чинь намайг үгүй хийсэн. Би Үндэсний тагнуулын албаны тэргүүн Ж.Клэппертэй (Конгрессын чуулганы үеэр) тохиолдсон шиг В.Путинийг худлаа хэлэхийг нь илчлэх гэсэн юм.

Тэгээд В.Путинээс мөн адил Оросын эрх баригчдын зүгээс ард иргэдийг нийтээр нь тагнаж, чагнадаг эсэхийг асуусан. Би түүнийг яг адилхан зүйл хийдгийг мэдэж байсан боловч В.Путин үгүйсгэсэн.

Тэр үед Оросын аль нэг эх сурвалж үгийг нь няцаасан бол тэрбээр их хүнд байдалд орох байлаа. Би тэр хэвлэлийн хурал дээр ил гарсан нь АНУ-ын хувьд ч гэсэн огт хэрэггүй зүйл болсон.
 

-Танд энд байхад шоронгийн хоригдол шиг санагддаггүй гэж үү?

 

-Үгүй. Жишээ нь би Санкт-Петербургт очсон. Санкт-Петербург бол гайхамшигтай хот.
 

-Та гэртээ зурагт үздэг үү?

 

-Би бүх зүйлээ компьютер дээр хийдэг. Зурагт бол миний хувьд хоцрогдсон технологи.
 

-Та Америкийн телевизийн сувгуудыг үздэг үү?

 

-Тийм ээ. Би саяхан “The Wire” цувралыг үзсэн.

Та интернэтийн тусламжтайгаар АНУ- тай хэлхээ холбоотой байдаг уу. Соёлын чиг хандлагыг нь ажигладаг уу?
Тийм ээ. Гэхдээ би ийм асуултад их дургүй Иймэрхүү асуудлаар ярих дургүй. Тэр бүхэн надад дэндүү энгийн юм шиг санагддаг
 

-Та интернэтээр хэрхэн ярилцлага өгдөг вэ?

 

-Өөрийн гэсэн студи байгуулсан. Би видеоны талаар нарийн мэдлэг багатай ердийн техникчийн хэмжээнд ажилладаг болохоор тэр бүрийг сайн тайлбарлаж чадахгүй. Камер аваад дүрсийг нь компьютерт буулгахад шаардлагатай бүхнийг авсан.

Хүмүүстэй шууд ярилцахдаа аюулгүйн арга хэмжээ авч, телевизийн мэдээнийхэнтэй адил тухайн үед өөрийгөө хаана ч байгаагаар харуулж чадна.
 

-Та өөрийгөө техникч гэж тодорхойллоо. Энэ мэдлэг таны улс төрийн байр суурьд хэзээнээс нөлөөлж эхэлсэн бэ?

 

-Тагнуулын байгууллагын хүрээнд ажиллаж, ердийн хүмүүсээс хавьгүй их мэдээлэлтэй болсон. Үүний хүчинд Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш хүйтэн дайн дуусах хүртэл хугацаанд улс орнууд хэрхэн хөгжиж ирсэн тухай мэдлэг нэмэгдэж, илүү өргөн хүрээнд хардаг болсон.

Тухайлбал, нийгмийн байгуулалтад авторитар, либерал, либертар хэв маягийн аль нь зонхилж байсан гэх мэт. Авторитар удирдлага хувь хүний эрхийг засаг төр хангаж, улс орон тодорхойлдог гэж үздэг.

Харин манай нийгэмд бидний олонхи эрх төрмөл байдгаас хэчнээн чухал гэж үзсэн ч засаг түүнийг нь үгүй хийх эрхгүй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Үүнээс нэг асуулт урган гарна. Тухайлбал, есдүгээр сарын 11-ний үйл явдлаас хойшхи эрин үед нийгэм либерал, авторитар хоёрын аль тал руу илүү хазайж байна.

Манай өрсөлдөгчид тухайлбал, тун авторитар шинжтэй Хятад улс хэтдээ илүү авторитар болж байна уу эсвэл либерал болж байна уу. Хүчний харьцаа аль нэг тийш хазайснаас өмнө нь байсан хязгаарлалт үгүй болж, засаг технологийн хувьд илүү боломжтой болсноор урд өмнөхөөсөө хүчирхэг болсон уу.

Засгийн газрын эрх мэдэл улам өргөжиж, түүнийг хянах боломжгүй болсон энэ үед бид иргэний эрх, либерал ардчиллын уламжлалаа хэрхэн хамгаалах уу. Манай өрсөлдөгчид, тухайлбал, Хятад барууныг дууриаж байгаа шиг бид Хятадыг дууриах уу. Америкчуудын олонхи нь энэ асуултад үгүй гэж хариулах байх.

-Таны илчилсэн мэдээлэл нэлээд маргаан өрнүүлж, улс төрийн хүрээнд олны дургүйцэл төрүүлсэн. АНУ-ын эрх чөлөөний тухай хуулийн үнэ цэнэ эрс буурлаа.
 

-Гэсэн хэдий ч энэ талаар хийсэн зүйл бага. Таны илчилсэн мэдээлэлтэй дүйцэхүйц ямар өөрчлөлтийг АНУ төдийгүй бусад орны улс төрийн тогтолцоонд хийх хэрэгтэй вэ?

 

Зарим оронд энэ талаар илүү үр дүнтэй ажилласан. Германд тэд нэлээд цар хүрээтэй шалгаж эхэлснээр улам ихийг илрүүлж байна. Тэнд саяхан Германы Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, тэр бүхнээ парламентаас нуун дарагдуулсан үйлдлийг илрүүлсэн.

Харин АНУ-д иргэдийг тагнах талаар хуулийн хүрээнд өөрчлөх талаар бага сага санал гарсан боловч өөрчлөлт гараагүй.
 

-Манай сэтгүүлд Ж.Шелл агсан таныг тэрс үзэлтэн, хувь хүний нууцыг эрс хамгаалагч, сүйтгэгч нэгэн хэмээн бичсэн удаатай.

Тэрбээр тухайн үед “Албан ёсны сувгууд үүргээ гүйцэтгэхгүй эсвэл хариу өгөхгүй байвал америкчууд юу хийх ёстой вэ” хэмээн хамгийн гол асуултаа тавьсан. Өөрчлөлт хийхийн тулд заавал тань шиг хүмүүс хэрэгтэй юү?

 

Бид ардчиллыг төлөөлдөг. Гэвч бид түүнд хэрхэн хүрсэн билээ. Тэмцэж байж түүнд хүрсэн. Тэр бүхэн манай Үндсэн хууль, үнэт зүйлсэд тусгалаа олсон. Бид хувьсгал хийх эрхтэй. Хувьсгал гэдэг заавал буу зэвсэг агсч, дайн хийхийг хэлэхгүй. Энэ бол хувьсгалч үзэл санаа.

Тэр бол бидний баримталдаг зарчим, өөрсдийн амьдрахыг хүсдэг ертөнцийг төлөөлөх тухай асуудал юм. Тухайн цаг үед тогтсон журам нь бидний үнэт зүйлсийг төлөөлж чадахгүй, тэр байтугай түүний минь эсрэг үйлчилж байж болно.

Засгийн газар болон намууд бидний хэрэгцээг хангахгүй бол бид өөрсдөө түүнийгээ хангана. Энэ нь тэмцэл, иргэний үл захирагдах үйлдэл юм. Гэтэл засаг төр хариуд нь “Иргэний үл захирагдах үйлдэл чинь хуулийн хүрээнд байхын тулд та бүхэн хууль, дүрмийг дагах ёстой” гэдэг.

Түүнчлэн тэд биднийг “Чөлөөтэй ярих бүс”-эд тавьдаг. Тэгэхдээ биднийг энэ бүхнээ тухайн цаг, өөрсдийн зөвшөөрсөн аргаар, Засгийн газрын үйл ажиллагаанд саад хийхгүй байдлаар илэрхийлэх ёстой гэдэг.

Тэд ийн иргэний үл захирагдах үйлдлийн үр дагаврыг хязгаарладаг. Иргэний үл захирагдах үйлдэл гэдэг үр дүнд хүрэхийн тулд захирагдахгүй байх ёстой. Бид олон нийтийн эрх ашгийн эсрэг ажиллаж байгаа төрийн тогтоосон журмыг зүгээр дагавал юуг ч сайжруулж чадахгүй. Юуг ч өөрчлөхгүй.
 

-Иргэний үл захирагдах хөдөлгөөн үр дүнд хүрэх боломж хамгийн сүүлд хэзээ тохиосон бэ?

 

-“Уол-Стрийтийг эзэл” хөдөлгөөний үеэр.
 

-Бидний зарим нь үүнтэй санал нийлэхгүй байх. “Уол-Стрийтийг эзэл” хөдөлгөөн чухал байсан гэдэг маргаантай. Тэгээд ч удалгүй алга болсон?

 

-“Уол-Стрийтийг эзэл” хөдөлгөөн ийм үр дүн бага байсан нь шалтгаантай. Миний бодлоор орон нутгийн захиргаа иргэний үл захирагдах хөдөлгөөн ямар байх тухай төсөөллийг бидэнд тулгаж чадсан. Гэтэл тэр нь үнэндээ огт үр дүн авчрахгүй хэлбэр юм.

Тухайн үед гудамжинд гарч, ажлаа хийж чадаагүй хүмүүс цалингүй хоцорсон. Гэхдээ тэд бол нийгмийн тэгш бус байдлыг аль хэдийнэ мэдэрсэн хүмүүс тул алдах зүйл бага.

Түүнчлэн илүү чанга дуугарч, илүү саад хийснээр олон талаар илүү үр дүнтэй байж, тулгарсан асуудалд олны анхаарлыг татсан хэдийг нь эрх баригчид эрс буруутгасан. Тэднийг бүслэн хааж, перцээр цацаж, шоронд хийсэн.
 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)