Пелегийн хүүг мөнгө угаасан хэргээр хорилоо

Бразильд домогт хөлбөмбөгчин Пелегийн хүүг хар тамхины наймаатай холбоотой мөнгө угаасан хэргээр баривчилжээ. Шүүгч С.Перейра түүнийг баривчлах шийдвэр гаргаснаар Эдиньо нэрээрээ олон танил болсон Пелегийн хүүг(Эдсон Шолби Насимент) хорих шаардлагагүй гэсэн өмнөх шүүх хурлын тогтоол хүчингүй болсон байна. Эдиньогийн өмгөөлөгчид дээд шатны шүүхэд зарга үүсгэж болох боловч шүүхээс дараагийн шийдвэр гарах хүртэл түүнийг хорионд байлгах аж. Эдиньогийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ нэн даруй суллахыг шаардана гэдгээ мэдэгджээ. Өмнөх шүүх хурлаас Эдиньог хар тамхины мафийн мөнгө угаасан хэрэгт буруутай хэмээн тогтоож, 33 жилийн ял оноосон юм. Харин хөлбөмбөгчин асан Эдиньо давж заалдсанаар дараагийн шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл эрх чөлөөтэй болсон юм. Эдиньо 1990-ээд онд эцэг нь алдар нэрд хүрсэн “Сантос” клубт тоглож байснаас гадна 1999 онд хөлбөмбөгийн спортыг орхихоосоо өмнө“Португеза Сантиста”, “Сан-Каэтано”, “Понте-Прета” зэрэг багийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)