Өмнөд Солонгост Олон нийтийн аюулгүй байдлын яам байгуулжээ

Өмнөд Солонгост өчигдөр “Сэвол” хөлгийн осолтой төстэй эрсдэлээс сэргийлэх зорилготой Олон нийтийн аюулгүй байдлын яам байгуулжээ. Шинэ яам байгуулсан нь эргийн харуулын албыг задалж, үүрэг хариуцлагыг нь шинэ яам болон үндэсний цагдаагийн байгууллагад хувааж өгөх нэлээд өргөн хүрээтэй шинэчлэлийн нэг хэсэг юм. “Сэвол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сард живсэн эхний өдрөөс тус улсын олон нийт эргийн харуулын албыг дэндүү удаан, мэргэжлийн ур чадвар муутай хэмээн шүүмжлэх болсон. Өмнөд Солонгосын эрх баригчид шинэ яамыг ирээдүйд учирч болзошгүй томоохон осол, гамшгаас сэргийлэх ажлыг шинэ төвшинд гаргах ёстой гэж үзэж байгаа аж. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чун Хон Вон “Бид “Сэвол” хөлгийн ослоос гашуун сургамж авч, гамшгийг арилгах талаар боломж, чадвараа сайжруулах ёстой” хэмээн шинэ яам байгуулах ёслолын ажиллагааны үеэр мэдэгджээ. Өмнөд Солонгосын шүүхээс “Сэвол” хөлгийн багийн гишүүдийг“Ажил мэргэжилдээ хайхрамжгүй хандсан, ачааг хэтрүүлсэн, буруу ачсан, аврах ажиллагааг цаг хугацаанд нь эхлүүлээгүй” гэсэн олон үндэслэлээр багийн 15 гишүүнд 5-36 жил хорих ял тус тус оноосон юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)