Валютын сангийн мөнгө сөргөлдөгч талуудыг эвлэрүүлжээ

Украины Ерөнхий сайд А.Яценюк өнгөрсөн мягмар гаригт П.Порошенкогийн санал болгосон эвслийн гэрээг зөвшөөрөхөөр болжээ. Хоёр тал эвслийн гэрээ байгуулснаар ирээдүйд байгуулах Засгийн газрын хөтөлбөрийг зөвшөөрсөн хэрэг юм. А.Яценюк “Би эвслийн гэрээг маш анхааралтай судалсан. П.Порошенкогийн эвслийн вэб сайт дээр нийтэлсэн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна. Улс төрийн бусад хүчинд хандан хэлэлцүүлгээ дуусгаж, ажилдаа орохыг уриалж байна” гэжээ. Өмнө нь А.Яценюк өөрийн тэргүүлдэг Ардын фронтыг “Сонгуульд ялсан” хэмээн үзэж, эвслийн талаарх гэрээний хувилбар, танхимын сайд нарын нэрсийн жагсаалтыг гаргасан юм. Украинд өнгөрсөн аравдугаар сарын 26-нд болсон парламентын ээлжит бус сонгуульд тус улсын Ерөнхийлөгч П.Порошенкогийн тэргүүлдэг эвслийг тэргүүлнэ хэмээн ажиглагчид таамаглаж байсан ч А.Яценюкийн Ардын фронт намын жагсаалтаар хамгийн олон хувийн санал авсан байна. Үүний дараа А.Яценюкийн шаардлага улам нэмэгдэж, танхимын гишүүдийг өөрөө томилно гэсэн болзол тавьсны дараа ажиглагчид “П.Порошенко буулт хийхээс өөр аргагүй боллоо” хэмээн дүгнэж байв. А.Яценюкийн Ардын фронт, П.Порошенкогийн эвсэл аль, аль нь өнгөрсөн аравдугаар сарын эцсээр эвслийн гэрээний төслийг тусдаа боловсруулж, олон нийтэд танилцуулсан боловч энэ удаад Вашингтоноос дэмжлэг авдаг Ерөнхий сайд буулт хийхэд хүрчээ. Украины улс төр судлаач Д.Джангиров А.Яценюк Ерөнхийлөгчид буулт хийснийг хоёр тал нэн яаралтай тохиролцож, Олон улсын валютын сангаас олгох ээлжит зээлийг авах шаардлагатай холбон тайлбарлажээ. “Сайд нарын танхим, Дээд Рада хоёр дараагийн алхмуудаа нэн яаралтай тохиролцох хэрэгтэй. Нөхцөл байдал маш хүнд байна. Зээлийн мөнгө авахыг алгуурлаж болохгүй. Ийм нөхцөлд цаг хугацаа А.Яценюкийн талд үйлчилж байна” гэжээ. Гэхдээ тэрбээр А.Яценюкийн энэ алхмыг буулт гэж үзэж болохгүй. Учир нь П.Порошенко ямар буулт хийсэн нь одоогоор тодорхойгүй байгааг өгүүлсэн байна. Д.Джангиров “А.Яценюк тохиролцоо хийхэд хүрсэн боловч ялагдал хүлээсэн гэж үзэх нь буруу. Тэрбээр зарим чиглэлд ялагдсан боловч байр суурь нь бат хэвээр” гэжээ. Харин танхимын сайд нарын бүрэлдэхүүний хувьд талууд гол суудлуудын төлөө наймаалцах шатандаа байгаа аж. “Чухал албан тушаал тийм ч олон биш. Ерөнхий сайдын суудлаас гадна Дотоод хэргийн сайдын албан тушаал бий. Үндсэрхэг үзэлтэй сайн дурын батальонууд Ерөнхийлөгчийг заналхийлж, Дотоод хэргийн сайд А.Аваков үүнийг тоохгүй байгааг цаашид тэвчиж болохгүй. А.Аваковыг цаашид П.Порошенкогийн дэргэд байлгавал их эрсдэлтэй. Дээр нь П.Порошенко санхүүгийн салбарыг өөрийн хүнд даалгахыг хүсч байна” хэмээн Д.Джангиров тайлбарласан байна. Дээд Радад шинээр сонгогдсон намуудын төлөөлөл лхагва гаригт эвслийн гэрээ бэлэн болно гэдгийг мэдэгдэж байжээ. П.Порошенкогийн эвсэл, “Самопомощь” нэгдэл, “Батькивщина”, Ардын фронт болон Радикал нам өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцээр хийж, эвслийн гэрээг бэлтгэж байгаа юм. А.Яценюк өнгөрсөн долоо хоногт П.Порошенкотой зөвшилцөлгүйгээр гэнэт шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласан нь тухайн үед нэлээд дуулиан тарьсан аж. Уг төсөлд П.Порошенкогийн эвслийн гишүүдэд зөвхөн туслах чанартай яамд, өөрийн тэргүүлдэг Ардын фронтод Дотоод хэргийн яам, Хууль зүйн яам зэрэг нэн чухал хэдийг нь хуваарилсан байжээ. Түүнчлэн Европын холбоотой нэгдэх асуудал эрхэлсэн яамны тэргүүнээр гадаадын иргэнийг томилох санал гаргасан нь шуугиан тарьсан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)