Их спортын дуулиант хэрэг

Өмнөд Африкийн нэрт гүйгч Оскар Писториус гэгээн Валентиний баярын өдөр эхнэрээ олон дахин буудаж хөнөөсөн хэрэг дэлхий нийтийг нэг хэсэгтээ л цочроосон. Үүнтэй төстэй аймшигт хэрэг 2010 онд Венесуэлд гарч байлаа.

Эдвин Валеро бол боксчны хувьд онцгой авьяастай нэгэн. Тэрбээр мэргэжлийн рингэнд 27 тулаан хийж бүгдэд нь ялсан үзүүлэлттэй байв. Ингэхдээ бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө хүнд цохилтоор буулгаж авчээ. Нийт 18 өрсөлдөгчөө эхний үед нам цохисон нь дэлхийн дээд амжилтад тооцогддог юм. 2006 онд WBA холбооны дэлхийн аварга цол хүртэж, мандан бадарч явсан эр бол Валеро.

Гэвч тэрбээр зан араншингийн хувьд тэсвэрлэшгүй нэгэн байв. 2009 онд өөрийн ээж, эгч рүүгээ дайрч довтолсны улмаас цагдаад баригдаж, торгууль төлөн суллагджээ. Харин дараа жилийнх нь гуравдугаар сард түүнийг эхнэрээ зодсон гэж цагдаа нар баривчлав. Гэвч Женнифер Вьера де Валеро өөрөө шатнаас унасан гэж мэдүүлэн нөхрөө хаацайлаад өнгөрсөн юм. Женниферийн хувьд шатнаас гурав дахь удаагаа “унасан” нь энэ аж. Цагдаа нар худлаа гэдгийг нь мэдэж байсан ч өөрөө тэгж зүтгээд байсан болохоор яаж ч чадсангүй. Харамсалтай нь золгүй бүсгүй хэрцгий нөхрөө цагдаагаас өмгөөлснийхөө хариуг дэндүү хатуу төлнө гэдгээ яахин мэдэх билээ.

2010 оны дөрөвдүгээр сарын 18-нд цагдаа нар “Интерконтиненталь” зочид буудлын нэгэн өрөөнөөс Женниферийн цогцсыг олов. Бүсгүйн биенээс хэд хэдэн хутганы шарх илэрчээ. Үхлийн шалтгаан тодорхой байлаа.

Эдвин Валерог цагдаа нар баривчлахад ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэрбээр эхнэрээ хөнөөсөн гэдгээ тэр дор нь хүлээсэн байна. Ингээд түүнийг хатуу хяналт дор Карабобо хотын шорон руу илгээв. Гэвч шүүхээс түүнд ял оноож чадаагүй юм. Учир нь Валеро шоронд хоригдсоноос хэдэн цагийн дараа камертаа өөрийгөө боомилон амиа хорложээ. Ийнхүү сэжигтэн нас барсан тул цагдаа нар хэргийг хаасан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)