Кенид “Аш-Шабаб” хөдөлгөөн 28 хүнийг буудан хөнөөжээ

Сомалийн “Аш-Шабаб” хөдөлгөөний дайчид Кенид зорчигч тээврийн автобус саатуулж, 28 зорчигчийг нь буудан хороожээ. Автобусыг Кенийн нийслэл Найроби хот руу зорчиж явахад нь Манера хотоос 50 км зайд зэвсэгт дайчид зогсоосон аж. Цагдаа нарын өгүүлснээр алан хядагчид зорчигчдыг автобуснаас буулгаж, исламын шашинтан бус иргэдийг буудан хороосон байна. “Аль-Каида” хөдөлгөөнтэй холбоотой “Аш-Шабаб” бүлэглэл нь Сомалийн өмнөд, төв хэсэгт нэлээд өргөн уудам нутгийг өөрийн хяналтад оруулсан байна. Алан хядагчид эзэлсэн нутагтаа алан хядлага үйлдэн исламын хууль дүрмийг тогтоохыг зорьдог. Кенийн эрх баригчид 2011 онд хил хязгаараа хамгаалах зорилгоор Сомалийн нутагт цэргээ оруулснаас хойш “Аш-Шабаб” хөдөлгөөн хөрш Кенийн нутагт халдлага үйлдэх болжээ. “Аш-Шабаб” хөдөлгөөн нь өнгөрсөн оны есдүгээр сард Кенийн нийслэл Найроби хот дахь Westgate хэмээх томоохон худалдааны төвд халдлага зохион байгуулсан юм. Уг халдлагын үеэр нийт 67 хүн амь үрэгдэж, 175 хүн шархадсан аж. Түүнээс хойш уг хөдөлгөөнийхөн Кенийн нутагт нийт 135 халдлага үйлджээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)