Ч.Мөнгөндалай: Алтай таван богдод өнгөрүүлсэн өдрүүд мартагдашгүй

Монгол орноо нар зөв тойрч 6300 км туулсан дугуйчин Ч.Мөнгөндалайн аялал өчигдөр өндөрлөлөө. Эх орноороо аялах мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрсэн Ч.Мөнгөндалайтай хэдэн хором ярилцав.

 

-Зун эхэлсэн аялал тань өвөл дууслаа. Гурван улирал үргэлжилсэн аяллынхаа сонин сайхнаас хуваалцана уу?

 

-Би “Залуу дугуйчин” клубийнхээ хамт олонтой өнгөрсөн тавдугаар сард эх орноо дугуйгаар тойрон аялах хүсэлтээ МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатад тавь сан юм. Миний хүсэлтийг хүлээн авч дэмжсэн Монголын залуучуудын холбоо, Монголын дүлий иргэдийн нийгэмлэгийн хамт олонд баярлалаа. Аялал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд эхэлж өвлийн тэргүүн сарын шинийн 2-нд өндөрлөж байна. Очсон сум бүрт намайг халуун дотноор угтан авсан ард түмэндээ баярлалаа. Анх 5500 км замыг туулах төлөвлөгөөтэй байсан ч 6300 километр замыг тууллаа. Алтай Таван богдод өнгөрүүлсэн найман өдөр минь мартагдахын аргагүй сайхан дурсамжийг үлдээсэн. Энэ уулын бэлд ногоо халиуран зун, өгсөөд ирэхээр бороо зүсэрсэн намар, орой дээр нь цасаар шуурсан өвөл болдог юм билээ.

 

-Дугуйгаар олон мянган км замыг туулна гэдэг амаргүй даваа. Бэрхшээлтэй зүйл тохиолдох бүрт өөрийгөө хэрхэн зоригжуулж байв?

 

-Даарах, замаа олохгүй будилах, хээр хонох, өлсөх бүртээ “Би чадна” гэсэн үгийг хэлдэг байсан. Энэ үг бол дүлий иргэдийн уриа учраас бидэнд зориг, эрч хүч өгдөг.

 

-Эх орноо тойроод ирсэн хүнд дэлхийг тойрох мөрөөдөл төрдөг л биз дээ?

 

-Дугуй унаж сурсан цагаасаа эхлэн Монгол орныхоо үзэсгэлэнт газарт очиж үзэхийг хүсдэг байв. Хүслээ биелүүлсэндээ баяртай байна. Миний нэг мөрөөдөл бол Англи улс руу дугуйгаар аялах. Хэрвээ намайг тусалж, дэмжвэл дэлхийг тойрон аялхад бэлэн байна.

 

-Таныг замдаа бэртэл авсан гэж сонссон?

 

-Дарханы чиглэлийн авто зам дээр осолд орсон юм. Ер нь дугуйтай зорчигчоос 1,5 метрийн зай барих дүрэм бий. Гэтэл тэр жолооч намайг замаас шахаж би осолдсон. Миний зорилгын дэргэд энэ осол юу ч биш учраас аяллаа үргэлжлүүлсэн.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Очирбат (202.70.45.237)

    2014-11-26

    Анд сайн байнаа баяар хүргье амжилт

  • deek (150.129.142.20)

    2014-11-25

    iim yariltslaga gej yu bsiin