Фергюсон хотноо эмх замбараагүй байдал газар авчээ

АНУ-ын Фергюсон хотноо иргэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, дэлгүүрийн цонх хагалж, дээрэмдэн, галдан шатааж эхэлснийг “Си-Эн-Эн”-ээс мэдээлсэн юм. Иргэдийн нэлээд хэсэг нь эсэргүүцлээ тайван замаар илэрхийлж байсан боловч мягмар гаригт шилжих шөнө хот дотор энд тэндгүй буун дуу гарч байж. Түүнчлэн олон дэлгүүр, албан байгууулага шатаж байсан боловч энд тэндгүй буун дуу гарч байснаас гал унтраах алба, хотын удирдлага гал унтраах арга хэмжээ авахад хүндрэлтэй байсан аж. Энэ нөхцөл байдалд Миссури мужийн захирагч Үндэсний гвардийн нэмэлт хүчийг хотод оруулах тушаал гаргаж, Фергюсоны дээгүүр нислэг үйлдэхийг хориглосон байна. АНУ-ын Фергюсон хотын тангарагтны шүүхийн гишүүд гурван сарын өмнө 18 настай хар арьстан залууг буудан хөнөөсөн цагдаагийн ажилтанд хү ний амь хөнөөсөн хэрэг тулгахгүй гэсэн шийдвэр гаргасан. Прокурор Роберт Маккаллох өнгөрсөн даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэргийн бүх баримт, нотолгоо, гэрч нарын мэдүүлгийг судалсны үндсэн дээр цагдаагийн ажилтан Даррен Уилсонд ял тулгах хангалттай үндэслэл олж хараагүй тухай мэдэгдсэн юм. Түүнчлэн тангарагтны шүүхийн 12 гишүүний ес нь сэжигтэнд ял тулгахын төлөө санал өгөх ёстой аж. Фергюсоны цагдаагийн байранд байрлах шүүхээс шийдвэр гарсан даруй тэнд цугласан иргэд дургүйцэн хашгирч байсныг “Ройтерс”-ээс мэдээлсэн байна. Удалгүй уурссан иргэд тэр хавийн цагдаагийн машин, дэлгүүрийн цонх руу шил, тоосго нүүлгэж, цагдаа нар хариуд нь нулимс асгаруулах хий ашиглан, хотод эмх замбараагүй явдал газар авсан байна. Ерөнхийлөгч Б.Обама жагсагчдыг тайван байдлаа хадгалахыг уриалж, “Бид бол эрх зүйт төрийн зарчимд тулгуурласан үндэстэн” хэмээн мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг хамгаалсан аж. Харин амь үрэгдсэн Майкл Браун хүүгийн гэр бүлийнхэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн боловч хүчир-хийллээс татгалзахыг иргэдэд уриалсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)