Элэгний С вирусын эмчилгээнд гарсан хувьсгал

Монгол улсад хоногт дунджаар 6 хүн элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас нас барж байгаа билээ. Үүний гол шалтгаан нь элэгний В болон С вирус гэж ойлгож болно. Элэгний В вирусын хувьд  вирусыг дарангуйлах эмчилгээ байдаг боловч бүрэн устгаж чадах эмчилгээ байхгүй гэж хэлж болно. Элэгний В вирусын эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн дээд тал нь 3% нь вирусээс бүрэн салдаг. Элэгний В вирусыг дарангуйлах эмчилгээ нь Монгол улсад бүрэн нэвтэрсэн. Цаашид, одоо хийгдэж байгаа дархлаажуулалтыг улам эрчимжүүлэх, эмчилгээний удирдамжыг боловсронгуй болгох, эмч нарын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь чухал. Элэгний С вирусын хувьд энэ вирусыг харьцангуй хожуу илрүүлсэн юм. Учир нь энэ вирусыг лабораторын орчинд ургуулах боломжгүй байсаар 2000 оны эхээр ургуулах боломжтой вирусын загварыг японы эрдэмтэд бүтээв. Би яг тэр үед япон улсад элэгний вирусыг судалж байв. Энэхүү загварыг судалгаанд өргөнөөр ашигласанаар вирусын эсрэг эм бүтээх том хаалга нээгдсэн юм.  С  вирус нь байнга өөрчлөгдөж байдаг учраас одоог хүртэл түүний эсрэг үр дүнтэй вакцин бүтээж чадаагүй билээ.

 

2005-2010 оны хооронд олон судалгааны төвүүд, эмийн компаниуд вирусын эсрэг эм бүтээж одоогоор 50-иад төрлийн шинэ эм, эмчилгээ зах зээлд гарах төлөвтэй байгаа. Тэдгээрээс зөвхөн зах зээлд гарсан бөгөөд гарахад тун ойрхон байгаа эмнүүдийг танилцуулья.

 

1. Вирусын эсрэг дархлааг дэмжигч эмүүд:

          Пег-Интерферон альфа, Интерферон альфа, Пег-Интерферон бета

 

2. Вирусын уургийн нэгдлийг задалдаг ферментийг дарангуйлагч эмүүд:

Босепревир, Телапревир, Симепревир, Ритонавир, Фалапревир, Асунапревир, Ванипревир

 

3. Вирусын генийг хувилдаг полимеразе уургийг дарангуйлагч эмүүд:

Рибавирин, Софосбувир, Дасабувир, Делеобувир

 

4. Вирусын үржлийг дэмждэг NS5A уургийг дарангуйлагч эмүүд:

Даклатасвир, Ледипасвир, Омбитасвир

 

5. Циклофилинийг /дархлааг дарангулагч уураг/ дарангуйлагч эм:

    Алиспоривир

 

Дээр дурдсан эмнүүдийн нэг төлөөлөл нь софосбувир гэдэг эм бөгөөд С вирусын эсрэг анхны ч биш сүүлчийн ч биш эм юм. Гагцхүү энэ эмийг Монгол улсад харьцангуй маш хямд үнээр  санал болгож байгаа нь манай орны эмч, өвчтөнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаагын дээр энэ эмийн үр дүн ч сайн байгаа билээ. Эмийн компаниуд шинэ эмийг зах зээлд гаргаад юуны өмнө өндөр хөгжилтэй, хөрөнгөтэй орнуудад санал болгодог нь гэм биш зан гэмээр. Шинэ эм асар өндөр зардлаар бүтээгддэг учраас тэр байх. Аливаа шинэ эм зах зээлд гараад манай оронд орж иртлээ дунджаар 10 аад жил болдог. Элэгний өвчнөөр нас барагчдын тал нь элэгний С вирусын гаралтай гэж бодоход жилд 1200, 10 жилийн дотор 12000 хүн нас барах тооцоо гарч байна. Энэ жишгийг эвдэж монголынхоо мянга мянган элэгний вирустэй иргэдийг хамгийн орчин үеийн эм эмчилгээгээр цаг алдалгүй хангах зорилгоор бид эрүүл мэндийн яамнаас АНУ дахь монголын консулын газраар дамжуулан албан ёсоор эм үйлдвэрлэгчтэй уулзсан билээ. Монгол орны элэгний өвчний онцлог, зовлонг тайлбарлаж манай улсад тохирсон хямд үнээр нийлүүлэхийг хүссэн юм.

 

Софосбувир эмийг АНУ-н зах зээлд нэг сарын хэрэглээг нь 28 000 ам доллароор үнэлж байгаа бол Монгол улсад сарын хэрэглээг 300 ам долларт өгөхийг зөвшөөрсөн. Энэ нь 3 сарын курс эмчилгээ нь 900 ам доллар, 6 сарын курс эмчилгээ нь 1800 ам доллар гэсэн үг юм. Дэлхийн аль нэг оронд энэнээс илүү хямд үнээр энэ эмийг нийлүүлэх юм гэж сонсоогүй бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, ойрын 2 жилд монгол оронд энэнээс хямд үнээр олдохгүй гэж хэлээд байгаа юм. Зарим иргэд надаас энэ эм яагаад ингэж их хямдарваа? Бидэн дээр туршилт хийх гээд байгаа юм биш үү? гэж надаас олон асуусан. Хариулт өгье. Туршаад дууссан, одоо АНУ д эмчилгээнд нэвтрээд 1 жилийн нүүр үзэж байна. АНУ-д аливаа эмийг бүртгэхдээ маш олон шаттай, ярвигтай туршилт судалгааг давж байж бүртгэгддэг. Харин хямдарсан логик нь их энгийн юм: 1 рт, засгийн газар, эрүүл мэндийн яам нь хямдруулахаар хөөцөлдөж байгаа нь элэгний вирусээ устгах улс төрийн хүсэл эрмэлзэл байгааг илэрхийлсэн. 2 рт, нийгмийн хариуцлага талаасаа монгол орон энэ вирусын халдвараар төдийгүй элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. 3 рт, монгол орон хүн ам цөөтэй, эрүүл мэндийн уламжлалт, сайн тогтолцоотой учраас энэ вирусыг устгах загвар орон болох боломжтой. Аль нэг загвар оронд вирусыг бүрэн устгавал эм үйлдвэрлэгчийн нэр хүндээс гадна эмийн нэр хүнд ч өснө. Ердөө л энэ.

 

Гагцхүү энэ эмийн сул тал нь дангаараа үйлчилгээ муутай бөгөөд өөр эмүүдтэй хавсарсан тохиолдолд гайхамшигтай үр дүнг үзүүлж чадна. Софосбувир эм нь зах зээлд гарахаасаа өмнө маш сайн судлагдсан бөгөөд судалгааны үр дүнгийн заримаас нь уншигч та бүхэнд толилуулъя. Элэгний С вирусыг дотор нь төрлөөр нь 6 ангилдаг ба Монгол улсад элэгний С вирустай хүмүүсийн 98 % нь 1-р генотипээр халдварлагдсан байдаг. Тийм учраас энэ нийтлэлд 1-р генотип дээр хийсэн судалгааг түлхүү орууллаа.

 

NEUTRINO судалгаа нь 327 нь өвчтөн хамруулсан бөгөөд үүнээс 89% нь 1-р генотиптэй, 17% нь элэгний хатууралтай байжээ. Туршилтанд софосбувир, пег-интерферон, рибавирины эмчилгээг хэрэглэсэн бөгөөд нийт эмчлүүлэгчдийн 82% нь вируснээсээ салжээ.  Гэвч пег-интерферонтой эмчилгээ нь өөрөө асар их гаж нөлөөтэй, үнэтэй учраас эмч болон өвчтөнүүд энэ аргаар эмчлүүлэх сонирхол тун багатай байгаа юм.

 

Дараа нь 2013 онд 316 хүнд  ATOMIC судалгааг хийсэн ба энэ судалгаагаар мөн софосбувир, интерферон, рибавирины эмчилгээг туршижээ. Туршилтын үр дүн ижил буюу 1-р генотиптэй хүний 88% нь бүрэн эдгэрсэн байна.

 

Дараа нь NIH SPARE  судалгаанд софосбувир, рибавирины эмчилгээг 6 сарын турш нийт 60 хүн хамруулсан. Судалгааны үр дүн 90% элэгний вирусыг устгаж байв. Энэ эмчилгээ нь Монгол орны хувьд чухал ач холбогдолтой бөгөөд рибавирин гэдэг эм нь Монголд бүртгэлтэй,  Монголын зах зээлд нэвтрээд удаж байгаа эм бөгөөд софосбувиртай шууд хавсраад хэрэглэж болох давуу талтай юм.

 

PROTON судалгаанд 146 өвчтөн хамрагдсан ба туршилтанд софосбувир, интеферон, рибавирины эмчилгээг 3, 6, 12 сарын хугацаатай хэрэглэж үзжээ.  90%-н үр дүнтэйгээр вирусыг устгаж чаджээ.

 

QUANTUM судалгаанд 235 хүнийг хамруулсанаас 79% нь 1-р генотиптэй байсан байна. Судалгаанд софосбувир , рибавирин, gs0938  эмүүдийг хэрэглэж үзсэн байна. Харамсалтай нь судалгаанд хамрагсдын дөнгөж 50% нь вируснээсээ салж чаджээ.

 

ELECTRON судалгаанд  софосбувир , ледипасвир, пегинтерферон, рибавирин, GS9669 эмүүдийг гурвалсан болон хосолсон байдлаар хэрэглэсэн бөгөөд гурвалсан эмчилгээнүүд нь 100%-н үр дүн үзүүлсэн байна.

 

PHOTON-1 болон PHOTON-2 судалгаа нь Монгол орны хувьд ач холбогдол багатай судалгаа юм. Энэ судалгаагаар ХДХВ болон элэгний С вирустэй хавсарсан халдварыг эмчилсэн бөгөөд  энэ төрлийн  хавсарсан өвчтөн Монголд  тун ховор тохиолддог юм.

 

COSMOS судалгаа нь маш сайн үр дүн өгсөн ба Софосбувир +Симепревир ийн  3 болон 6 сарын эмчилгээний үр дүн нь 93%-100%-н үр дүн үзүүлжээ. Түүнээс гадна энэ хавсарсан эмчилгээ нь харьцангуй гаж нөлөө багатай байсан байна. Энэ туршилт нь Монгол улсын хувьд чухал туршилт байлаа. Учир нь софосбувир, симепревир нь хоёулаа АНУ-д бүртгэлтэй эм бөгөөд Монгол улсад харьцангуй хурдан, хямд үнээр оруулж ирэх боломжтой юм.

 

А1444-040 туршилт: Энэхүү судалгаанд даклатасвир, софосбувир, ± рибавирины гурвалсан болон хосолсон эмчилгээний  3 сарын болон 6 сарын туршилтын хугацаанд нийт 211 хүн хамрагдсанаас 100% үр дүнтэйгээр вирусыг устгаж чаджээ. Энэ судалгааны онцлог нь 6 сарын эмчилгээний явцад өмнө нь эмчилгээнд ороод үр дүн өгөөгүй хүмүүс ч 100% эдгэрсэнд байгаа юм.

 

3D эмчилгээ

 

Элэг судлаачдын бас нэг анхаарал татаж байгаа эмчилгээ бол 3D эмчилгээ бөгөөд энэ нь вирусын үржлийн 3 шатыг зэрэг дарангуйлж байгаагаараа бусад эмчилгээнээс онцлог юм.

 

Ритонавир+Омбитасвир+Дасабувир гэсэн иж бүрдэл нь С вирусын үржлийн бүх шатыг хүчтэй дарангуйлснаар анх удаа эмчилгээнд хамрагдаж байгаа өвчтнөөс гадна өмнө нь олон удаа эмчилгээ хийлгээд үр дүн өгөөгүй тохиолдлыг эмчилсэн байна. 3D эмчилгээний хүрээнд SAPPHIRE /биндэрьяа/, TURQUOISE /оюу/, PEARL /сувд/, RUBY /бадмаараг/, CORAL /шүр/          хэмээх эрдэнийн чулууны нэртэй судалгаануудыг нийт 2863 өвчтөнд хийсэн нь ул суурьтай сайн судалгаанууд болж чадсан юм.

 

Эдгээр бүх судалгааг 1 р генотиптэй хүмүүст хийсэн нь манай монголын хөрсөнд шууд хэрэглэж болохоор байгаа юм. Бас нэг давуу тал нь судалгаагаар элэгний хатууралтай, элэгний үйл ажиллагаа ноцтой доголдсон өвчтөнд вирусыг устгаж үр дүнг үзсэнд байгаа юм. Манай оронд жилд элэгний хатуурлаас болж 1000 аад хүн нас барж байгааг бууруулахад энэ эмчилгээ том хувь нэмэр оруулах нь дамжиггүй бизээ.

 

SAPPHIRE /биндэрьяа/  1 р генотип дээр 3D эмчилгээг рибавиринтай, рибавирингүй хийсэн бөгөөд  эмчилгээний үр дүн 95-98 % байсан

 

PEARL /сувд/ Судалгаанд 1б генотип /монголчуудад хамгийн элбэг төрөл/ дээр 3D эмчилгээг рибавиринтай, рибавирингүй хийсэн бөгөөд  эмчилгээний үр дүн 97-100 % байсан

 

TURQUOISE /оюу/ Судалгаанд элэгний хатууралтай өвчтөнд 3-6 сарын 3D эмчилгээг рибавиринтай хийж, 3 сарын эмчилгээ 86-100% үр дүнтэй  байсан бол 6 сарын эмчилгээ 100%- ийн үр дүнтэй байжээ.

 

RUBY /бадмаараг/  судалгааг элэгний вирусээс гадна бөөрний архаг өвчтэй хүмүүст хийж байна.

 

CORAL /шүр/  судалгаагаар элэг шилжүүлэн сүүлгасан хүмүүст элэгний С вирусын 3D эмчилгээг туршиж байна.

 

Дүгнэж хэлэхэд энэ бүх нотолгоо судалгаа нь дэлхийн хэмжээнд элэгний С вирусыг устгах бүрэн боломж байгааг харуулж байгаа тул бид Монгол оронд элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг ажил хэрэг болгохоор чармайн ажиллаж байгаа юм. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн софосбувир эмээс гадна түүнтэй хавсарч хэрэглэх маш олон дэвшилтэт эмүүдийг эрүүл мэндийн яам шуурхай бүртгэж, үнийг нь монгол оронд тааруулж бууруулах ажлыг эм үйлдвэрлэгчтэй нэг ширээний ард сууж, хэлэлцээрийг цаг алдалгүй хийх үүрэгтэй юм. Яагаад ийм үүрэгтэй вэ гэхээр, яг үнэндээ энэ аюулт вирусыг эрүүл мэндийн салбар маань олон жилийн тэртээд ард түмэндээ санамсаргүйгээр тараасан нь гашуун боловч үнэн юм. Тарилгын шприц, хагалгаа, мэс ажилбарын багажийг дутуу ариутгаснаар энэхүү вирус тахлын хэмжээнд хүртлээ тархжээ. Эмч нар маань  ч өөрсдөө үүний золиос болж мөн ч олон мэс заслын эмч, сувилагч, багш нар маань элэгний өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзлээ дээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бүртгэл, оношилгоо, эмчилгээнээс гадна халдвар хамгааллын асуудлыг цогцоор нь давхар шийдэх ёстой юм.  Эс тэгвээс нэг хүнийг эмчилж байтал өөр нэг хүн шинээр халдвар аваад ахиц гарах нь удаашрах аюултай.

 

Дэлхийн анагаах ухааны түүхэнд аливаа өвчний вакциныг эхэлж нэвтрүүлээд дараа нь эмчилгээ нь нэвтэрдэг бол элэгний С вирусын хувьд эсрэгээрээ вакцин нь нэвтрэхээс өмнө вирусыг бүрэн устгах магадлал өндөр байгаа юм. Элэгний вирусгүй монгол орны төлөө хамтдаа зүтгэе!

 

Ж. Амарсанаа

Эрүүл мэндийн дэд сайд, анагаах ухааны доктор,

Ази номхон далайн элэгний холбооны зөвлөх

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Uvchton (202.179.31.92)

    2016-04-27

    Би хөдөөний хүн байна. Энэ эмнүүд монголд байгаа юу.Үнийн талаар энэ хуудсаараа мэдээлэл өгөх боломж бий юу.

  • Өвчтөн (202.179.31.92)

    2016-04-27

    Би хөдөөний хүн байна. Эдгээр эмнүүнийн үнийн талаар энэ хуудсаараа мэдээлэл өгөх боломж бий юу.

  • 37-toi zaluu (112.72.13.73)

    2014-11-28

    Амжаад оруулаад ирээсэй. Гэр бүлдээ хэдэн жил харагдах юмсан. Үгүй ядахдаа эдгэнэ гэж горьдож байгаад үхэхсэн.