Хятадын шинэчлэлд саад бологсдыг зайлуулж байна

Хятадын удирдагч Си Зиньпиний эхлүүлсэн авлигатай тэмцэх ажлын хүрээнд олон мянган түшмэлийг хэрэгт татаж, шийтгэсэн билээ. Барууны зарим шинжээчийн тооцоолсноор эдгээр хэрэгт нийт 100 мянга гаруй хүнийг саатуулж, шалгасны олонхи нь орон нутгийн түшмэд буюу хятадуудын дунд нэршсэнээр “ялаанууд” аж. Сүүлийн үед тэдний дунд нөлөө бүхий албан тушаал хашдаг “барс” нэлээд өртөх болсон. Түүнчлэн авлигын хэрэгт холбогдсон түшмэд амиа хорлох, сураггүй алга болох зэрэг олон сөрөг үзэгдэл дагуулсан байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 40 гаруй өндөр албан тушаалтан амиа егүүтгэжээ.

 

ЖОУ ЮНКАН

Авлигын хэрэгт татагдсан түшмэдээс хамгийн том албан тушаал хашиж байсан нь Жоу Юнкан юм. Тэрбээр ХКН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнд ордог 25 хүнтэй байнгын хороо буюу намын удирдлагын дээд байгууллага болох Улс төрийн товчооны гишүүд дундаа эрэмбээрээ эхний ест багтдаг байж. “Синьхуа” агентлагаас Жоу Юнканыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрөл төрөгсөд, найз нөхөд, нууц амрагууддаа бизнесийн салбараас ашиг олоход тусалснаас болж, төрийн өмчид их хэмжээний хохирол учруулсан тухай өгүүлжээ. Түүнчлэн олон эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа тогтоож, эрх мэдлээ мөнгө, бэлгийн харьцаагаар арилждаг байсанд буруутгасан байна. Жоу Юнкан урьд нь Хятадын Үндэсний газрын тосны корпорацийг удирдаж байсан тул түүний гэр бүлийнхэн хэлхээ холбоог нь ашиглан газрын тос, хэвлэл мэдээллийн салбарт хэдэн арван сая ам.долларын хөрөнгийг мэдэлдээ оруулсан аж. Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын тэргүүний хувьд тэрбээр шүүх, цагдаа, тагнуулын байгууллагуудыг хянаж байсан. Үүний ачаар Жоу Юнканыг халдашгүй дархан эрхтэй болсон гэж олон нийт үздэг байв. Гэвч тэрбээр ХКН-ын Төв хорооны гишүүн асан Бо Силайг дэмжсэн нь ийн хатуу шийтгэл хүлээхэд хүргэсэн гэж олон хүн үздэг. Үүнээс гадна тэрбээр байр сууриа ашиглан зарим хаалттай мэдээллийг задруулж, намын удирдлага дахь сэлгээнд нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй аж. Түүнийг төрийн нууц задруулсан хэрэгт буруутгасан нь шүүх хурлыг хаалттай явуулах шалтаг” хэмээн зарим шинжээч дүгнэсэн байна. Жоу Юнкан эрх баригчидтай холбоотой олон нууцыг мэддэг тул шүүх хурлыг хаалттай хийх нь аюул багатай гэж үзсэн бололтой. Хэргийг нь жил орчим мөрдсөний дараа баривчилсан нь түүний хэрэгт хянуур хандаж, баримт нотолгоогоо сайн цуглуулсныг илтгэж байгаа юм. Жоу Юнканы том хүү бизнес эрхлэгч нэгнийг Хятадын эрх баригчид улсын төсвийн санхүүжилтээр хэрэг-жүүлсэн төслүүд, тухайлбал, зөвхөн Чончин хотод хэрэгжүүлсэн хэсгээс нь нийт 1.6 тэрбум ам.долларыг зувчуулсан хэрэгт буруутгажээ.

 

БО СИЛАЙ

Бо Силай нь Хятадын томоохон хот болох Чунцин хотын намын байгууллагыг тэргүүлж байсан. Жоу Юнканы хэргийг шалгаж эхэлсний дараа түүний ивээлд байсан Бо Силай албан тушааалаа алдсан. Тухайн үед Бо Силайн удирдлага дор ажилладаг байсан хотын цагдаагийн дарга АНУ-аас Консулын газарт хан даж, улс төрийн орогнол хүссэний дараа түүний эсрэг хэрэг үүсгэсэн гэдэг. Цагдаагийн даргыг саатуулсны дараа хууль сахиулагчид Бо Силайн эхнэрийг баривчилж, Их Британийн бизнес эрхлэгчийг хөнөөсөн хэрэгт буруутгасан байна. Удалгүй Бо Силайг ч бас баривчилж, хэд хэдэн хэрэгт буруутгажээ. Түүний эсрэг шүүх хурал өнгөрсөн онд нээлттэй болж, бүх насаар нь хорих ял оноосон юм. Үүнийг Хятадын хуулийн хүрээнд хөнгөн шийтгэл гэж үздэг бөгөөд авлигачдад гол төлөв цаазаар авах ял оноодог. Энэ үйл явдал намын ахмад зүтгэлтнүүдийн нэг хэсгийн сэтгэлд нийцээгүй. Бо Силай нь намын ахмад зүтгэлтний хүү бөгөөд ирээдүйд Коммунист намын дээд удирдлагад орох магадлал ихтэй байж.

 

ШИНЭЧЛЭЛД СААД БОЛОГСДЫГ ЗАЙЛУУЛСАН УУ

Си Зиньпин өнгөрсөн оны сүүлчээр эдийн засаг болон зарим чиглэлээр шинэчлэл хийхээр болсноо зарласан. Түүнчлэн Хятадыг хээл хахуулиас ангижруулж, доод шатны түшмэд төдийгүй өндөр албан тушаалтнуудыг ч өршөөхгүй гэдгээ амлажээ. Гэвч уг төлөвлөгөө нь улс төрийн эрх мэдэлд ойр хуучцуулын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Орон нутгийн намын удирдлага, төрийн өмчийн монополь аж ахуйн нэгжүүдийг хянадаг түшмэд уг өөрчлөлт нь тэдний хязгааргүй эрх мэдэл, мөнгөний эх сурвалжийг үгүй хийж болзошгүй хэмээн үзэж, таагүй хүлээн авсан байна. Энэ талаар Сингапурын Улсын их сургуулийн хятад судлаач Хуан Жин “Жоу Юнканыг баривчилснаар Си даргад дараагийн шинэчлэлээ гүйцэлдүүлэх таатай боломж бүрдлээ” хэмээн өгүүлжээ. Үүнд аж үйлдвэр дэх монополийг үгүй болгох, татварын тогтолцоог шинэчлэх, зах зээлийн зүй тогтолд илүү ойртуулах зэрэг ажил орж болзошгүйг шинжээч өгүүлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.229.121.142)

    2014-12-11

    manai awilgachin udirdlaguudyg l ingekh kherewgtei , ingewel an ,man-yn khen chi tsewer uldekhguy , bugd ulsyn khurungu idsen awilga awsan ,ugsun durakuud baigaa shuu dee

  • (49.0.156.4)

    2014-12-10

    Хятадын нийгэмд хор уршиг тарьж болзошгүй этгээдүүдтэй хэрхэн яаж тэмцэж арилгаж чадаж байгаагаас Монгодчууд бид суралцах хэрэгтэй.