Брент маркийн газрын тосны үнэ 66 ам.доллараас буулаа

Дэлхийн түүхий эдийн биржүүдэд уржигдар брент маркийн нэг баррель газрын тосны үнэ 66 ам.доллараас буусан бол өмнөх өдөр нь дөрвөн хувиар буурчээ. Тухайлбал, ирэх нэгдүгээр сард нийлүүлэх брент маркийн газрын тосыг уржигдар түүхий эдийн бирж дээр 65.76 ам.доллараар гэрээлж байжээ. Үүнтэй холбоотойгоор Кувейтийн үндэсний газрын тосны компанийн захирал ирэх хагас жилийн хугацаанд 65 ам.доллараас дээш гарахгүй байх магадлалтайг өгүүлжээ. Энэ нь Персийн булангийн бүс нутгийн орнууд энэ хугацаанд газрын тосны үнийг өсгөх боломж олгохгүй гэдгийг илтгэсэн хэрэг юм. Өнгөрсөн сард ОПЕК­ийн гишүүн орнуудын төлөөлөл хуралдаж, олборлолтынхоо хэмжээг бууруулахгүй гэсэн шийдвэр гаргасны дараа газрын тосны үнэ улам буурах хандлагатай болсон аж. Тус хуралдааны дараа газрын тосны томоохон экспортлогч орон Саудын Арабын эрх баригчид АНУ, Ази дахь худалдан авагчдадаа нийлүүлэх газрын тосны үнээ бууруулсан нь зах зээлийн төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж буйг илтгэсэн юм. АНУ­ын “Morgan Stanley“ хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнүүдийн тооцоолсноор ирэх онд газрын тосны үнэ 43 ам.доллар хүртлээ буурах гэнэ. Түүнчлэн шинжээчид дэлхийн зах зээлд эрэлтээс давсан газрын тосны нийлүүлэлт цаашид ч нэмэгдэж, энэ хэмжээ ирэх оны хоёрдугаар хагаст дээд хэмжээндээ хүрнэ хэмээн тооцоолсон аж. Үүний дараа газрын тос олборлогчдын хувьд хамгийн таагүй хувилбар хэрэгжвэл түүхий эдийн үнэ аажмаар эргэн өсч, 2015 оны дундаж үнэ 53 ам.доллараар тогтоно гэж үзсэн байна. Харин дундаж хувилбарын дагуу газрын тосны үнэ ирэх онд 70 ам.доллараар тогтох аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)