Австраличууд алан хядлагын тухай асуултдаа хариу нэхжээ

Австралид сэтгэцийн өвчтэй нэгэн “Lindt” хэмээх кафенд байсан арав гаруй хүнийг 16 цагийн турш барьцаалсан хэрэг гарсан. Эцэст нь цагдаа нар кафе руу дайран орж, барьцааны хүмүүсээс хоёр нь, харамсалтайгаар амиа алдсан байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын иргэд “Эхнэрийнхээ амийг хөнөөхөд тусалсан, бэлгийн дарамт үзүүлсэн гэх 40 гаруй хэрэгт шалгуулж буй хүн яагаад эрх чөлөөтэй явж, галт зэвсэг хэрхэн олж авсан бэ” гэх асуулт тавьж байгаа юм. Австралийн эрх баригчид“Lindt” кафенд гарсан хэрэгт цочирдсон ард иргэдээ тайвшруулах зорилгоор хэд хэдэн мэдэгдэл гаргаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Цагдаа нар иргэдийг чөлөөлөхөөр орон нутгийн цагаар 02:48 минутад дайрах явцад барьцаанд байсан хоёр хүнээс гадна гэмт этгээд амь үрэгдсэн аж. Түүнчлэн цагдаагийн ажилтан болоод барьцаанд байсан нийт зургаан хүн шархадсаныг Австралийн эрх баригчид өгчигдөр мэдээлсэн байна. Хэрэгтэй холбоотойгоор Австралийн Ерөнхий сайд Тони Эббот хохирогчдын гэр бүлийнхэнд өчигдөр эмгэнэл илэрхийлжээ. Үүнээс гадна орон даяар төрийн далбааг хагас буулгах үүрэг өгсөн аж. Австралийн иргэд эрх баригчдаасаа Ман Харон Монис гэгч этгээд хэд хэдэн хэрэгт шалгуулж байсан хэрнээ яагаад батлан даалтад гарч, галт зэвсэгтэй явсан тухай асууж байгаа аж. Иранаас дүрвэн ирсэн Ман Харон Монис 1996 онд Австралиас улс төрийн орогнол хүссэн бөгөөд өөрийгөө шейх хэмээн өргөмжилдөг байж. Түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн гэх40 гаруй хэрэгт шалгаж байжээ. Үүнээс гадна түүнийг салсан эхнэрээ хөнөөхөд тусалсан хэрэгт сэжиглэн шалгаж байх явцад батлан даалтаар чөлөөлсөн гэнэ. “Энэ мэт алан хядах ажиллагаа үйлдэж болзошгүй этгээдүүдийг олж илрүүлж чадаж байгаа эсэх талаар хатуухан асуулт тавих хэрэгтэй байна“ хэмээн Австралийн “Lowy” хүрээлэн дэх аюулгүй байдлын асуудлаарх үндэсний зөвлөлийн гишүүн мэдэгджээ. Үүнээс гадна Шинэ өмнөд Уэльс мужид батлан даалтад гаргах тухай хуулийн төслийг саяхан баталсныг Австралийн “ABC” телевизээс мэдээлсэн байна. Энэ хуулийг ирэх оноос мөрдөж эхэлснээр Ман Харон Монистэй ижил төстэй хэрэгт сэжиглэгдсэн этгээд гадуур эрх чөлөөтэй явах боломжгүй болох аж. Шинэ өмнөд Уэльсийн мужийн захирагчийн хуулийн асуудал эрхэлсэн орлогч Брэд Хазард“Сая эмгэнэлт явдлаас сэргийлж болох байсан хуулийг мөрдөж эхлээгүй байсан нь Ерөнхий сайд, Засгийн газар, тус мужийн олон нийт, ерөнхий прокурорын хувьд итгэл алдрах байдал бий болгосон хэрэг боллоо” гэжээ. Шинжээчид иймэрхүү сэтгэцийн өвчтэй ганц нэг хүний үйлдлээс болж тус улсад орогнол хүссэн иргэдэд хориг саад тавьж болохгүйг өгүүлсэн аж. Тухайлбал, Австралийн Үндэсний их сургууль дахь алан хядах үйл ажиллагааны шинжээч К.Жонс “Австрали улсыг гаднаас ирсэн цагаачид байгуулсан. Бид Австралид бусад орны иргэдийг хүлээн авсан хэвээр байна гэдэгт найдаж байна. Ингэснээр энэ орон илүү сонирхолтой, эрүүл, баян болдог” гэжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)