Тамхины хяналтын тухай хуульд ухуулга, сурталчилгаа хэрэгтэй

Гадаадын олон оронд тамхины эсрэг хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэнтэй зэрэгцэн манай улс ч мөн ийм хуулийг гаргасан нь нэг талаас дэлхийн соёлд өөрсдийгөө бэлдсэн нэг чухал алхам болсон. Орос, Хятад, Солонгос гээд улс орнууд ар араасаа тамхины эсрэг хуулиа баталж, хатуу чанд сахиж эхэллээ. Монголчууд аялал, зугаалга, албаны хэрэгцээгээр гадаадын улс орнуудад чөлөөтэй зорчих болсон бөгөөд тухайн улсын газар нутагт мөрдөгдөж буй хууль дүрмийг сахих үүрэгтэй болно, харин тамхи чөлөөтэй татах боломжтой улс, орнууд улам цөөрсөөр байна.

 

Тамхи бол бизнес, хүний эрүүл мэндийг хордуулж мөнгө, ашиг олно гэдэг ёс зүйд баймгүй үзэгдэл мөн боловч олон зуун жил тамхинд дарлагдсан, донтсон хүн төрөлхтөн өнөөдөр өөрчлөгдөж байна. Олон улсын томоохон судалгаагаар хөгжиж буй орнуудад тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд эрс ихэсч байгаа гэдгийг гаргасан байдаг бөгөөд тамхи үйлдвэрлэгч, борлуулагчдын зүгээс санаатайгаар өсвөр насныхныг тамхинд донтуулах арга хэмжээ авч байна гэдгийг мэдэгдсэн байдаг.

 

Тамхины хэрэглээ эдийн засаг болоод эрүүл мэнд, орчин ахуйд хэр хор хөнөөлтэй болохыг хүн бүр мэддэг хэрнээ, аль хэзээний дүжирчихсэн “байдаг л” хэвийн үзэгдэл мэт хүлээн авдаг болчихсон үе саяхан байлаа. Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг үндэсний хууль тогтоомжид тусгах замаар тамхины хяналтын асуудалтай холбоотой эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зорилгоор Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар 2012 оны 10 дугаар сард баталсан. Энэ хуулиар тамхи, тамхин бүтээгдэхүүнийг интернетээр, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, баар, цэнгээний газарт худалдаалахыг хориглож, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, худалдуулахыг хориглосон юм.

Түүнлчэн утаат тамхийг агаарын хөлөг, зоригч тээврийн галт тэрэг, буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, үзвэр үйлчилгээний, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газарт, зочид буудлын нийтийн танхим, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зорицлалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт татахыг хуулиар хориглосон юм.

 

Тус хууль 2013 оноос эхлэн хэрэгжиж, хууль санаачлагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн хүчээр хүмүүст нилээн танигдсан юм. Орцонд хээв нэг тамхи татаж зогсоо залуусыг хууль сахиулаагүйн төлөө бусад нь шүүмжилж эхэлсэн, олон нийтийг газар бусдыгаа хордуулаад суудаг, тамхинд уруу татдаг байдал багасч, тамхины хяналтын тухай хуулийн үр шим хүмүүсийн нүдэн дээр мэдрэгдэх болсон. Тамхины замбараагүй хэрэглээг хазаарлаж чадсан энэ хуулийн ашиг тус манай улсад гарч байгааг хэлэх хэрэгтэй.

 

Харин энэ хуулийг эсэргүүцэгц цөөхөн бүлэг байгаад байна. Хүмүүсийг тамхины хэрэглээнээс татгалзахыг уриалж, хуулиа сурталчлан дэлгэрүүлэхийн оронд нийгэмд сөрөг мэдээллийг тарааж, хуулийн хүчийг сааруулж байгаа нь эмзэглүүштэй.  Тамхи татдаг ч, татдаггүй ч хүн бүрийн эрүүл мэндийн төлөө гарсан Тамхины хяналтын тухай хуулиа дэлгэрүүлэн сурталчилж, хэрэгжүүлэхэд хүн бүрийн үүрэг оролцоо чухал юм.

 

Бид улсаараа тамхи татдаггүй “эрүүл монголчууд” болъё л доо. Энэ мөрөөдөл биш зорилго байх болно. Тамхины хор хөнөөлийн эсрэг тууштай зогсож байгаа хүмүүс “тамхичид”-ыг биш, тамхийг л үзэн ядаж байгаа шүү дээ. Тамхичин хүн байж болно, гэхдээ хэзээ л бол хэзээ тамхи татахаа болиод, эрүүл амьдралыг сонгож болно, чадна. Та тамхи татахаа боливол, тамхи үйлдвэрлэгдэхээ болино. Тамхи үйлдвэрлэгдэхээ боливол ирээдүй хойч маань Тамхи гэдэг зүйлийг огт мэдэхгүй, хэрэглэхгүй болно шүү дээ.

 

Тамхи татах нь хэрэглэгчдийн сонголт хийх эрх чөлөөний хэрэг гэсэн ташаа ойлголт ч байдаг. Үнэндээ тийм биш гэх хэд хэдэн шалтгаан бий гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тодруулбал, олонхи тамхичид өөрт учрах эрсдлийн талаар мэддэггүй бөгөөд түүнийг дутуу үнэлэх, өөрт нь хамааралгүй мэтээр төсөөлдөг. Түүнчлэн, ихэнх тамхичид ухамсартай сонголт хийж чаддаггүй. Дийлэнх нь хүүхэд өсвөр насандаа тамхи татаж эхэлсэн байдаг. Яваандаа тамхинаас гарахыг оролдсон ч ихэнх нь аль хэдийнээ тамхины хамааралтай болсон байна. Өөр нэг шалтгаан бол тамхидалт нь тамхи татдаггүй хүсмүүст хор уршигтай. Иймд тамхиа татах сонголт хийх эрх чөлөө нь бусад өргөн хэрэглээний барааг худалдаж авах сонголтоос эрс ялгаатай болохыг ойлгох хэрэгтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)