Оюутнууд эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна

“Оюутны өргөө” цогцолборт өчигдөр “Оюутны Эрүүл мэндийн төв”-ийн нээлт боллоо. Нээлтэд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сью, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцов. Нээлтийн үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У “Оюутны Эрүүл мэндийн төв”-ийг байгуулахад ДЭМБ-аас 16 мянган ам долларын санхүүжилт олгож, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангасан. Үүнд халдварт болон, халдварт бус өвчнийг илрүүлэх лабораторийн тоног төхөөрөмжүүд болон үзлэгийн ор, тавилга, компьютерууд багтаж байгаа. Монголын ирээдүй болсон залуусын эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай төв нээгдсэнд баяр хүргэе. Хамтарч ажилласан байгууллагууддаа баярлалаа” гэсэн юм. Оюутны Эрүүл мэндийн төвөөр Улаанбаатар хотод суралцаж буй 140 мянган оюутан үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутнуудад тулгамддаг олон асуудлын нэг бол эмнэлгийн үйлчилгээ байдаг. Тиймээс орон нутгаас суралцахаар ирж буй оюутнуудыг сургууль, харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй оношилж, эмчилгээ хийх юм байна. Дөрвөн өрөөнөөс бүрдэх энэхүү төвд бүх төрлийн үзлэг оношилгоо хийж, АШУҮИС-ийн багш, оюутнууд заавар зөвлөгөө өгөх гэнэ. Энэ талаар МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Оюутны эрүүл мэндийн төв нээгдлээ. Тэгэхээр орон нутгийн бүх оюутан энэ төвөөр үйлчлүүлэх боломжтой гэсэн үг үү?

 

-Улаанбаатар хотод орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнууд эрүүл мэндийн үйлчилгээ тусламж авахад хүндрэлтэй, саад бэрхшээл их гардаг байсан. Монголын оюутны холбоо 10 гаруй жилийн өмнөөс оюутнуудад зориулсан эмнэлэг байгуулах хэрэгтэй гэх асуудлыг ярьж эхэлсэн байдаг. ДЭМБ, БШУЯ, Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС хамтран Оюутны эрүүл мэндийн төвийг байгууллаа. Нийслэлд суралцаж байгаа оюутнуудын 70 гаруй хувь нь орон нутгаас ирж суралцдаг. Оюутнууд эмнэлгийн үйлчилгээ авах гэхээр харьяа дүүргийн тодорхойлолт, 13А маягт авчир гэдэг байсан. Тухайлбал, Ховд аймгийн оюутан эмнэлгийн үйлчилгээ авахдаа аймгаасаа бичиг авчрах шаардлагатай тулгардаг байлаа. Тиймээс оюутны өвчлөл газар авч байсан. Харин энэ төв нээгдсэнээр оюутнууд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж авч эмчлүүлэх бүрэн боломжтой болж байна.

 

-Төвийг нээхэд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

 

-ДЭМБ-ын санхүүжилтээр ирсэн тоног төхөөрөмж нь маш өндөр өртөг зардалтай. Хэвтэж эмчлүүлэхээс бусад эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийнэ. Одоогоор үзлэг шинжилгээ хийж эхэлж байгаа ч цаашид эмнэлэгтэй болох асуудлыг ярих болно.

 

Оюутны Эрүүл мэндийн төвд оюутнууд урьдчилан сэргийлэх үйлчилгээнд түлхүү хамрагдах бөгөөд шаардлагатай гэж үзвэл тус төвөөс оюутнуудыг гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжүүлж эмчилгээнд хамруулах ажээ. АШУИС-ийн захирал Г.Батбаатараас энэ талаар тодруулахад “Манай сургуулийн зүгээс“Оюутны Эрүүл мэндийн төв”-ийн үйл ажиллагааг авч явна. Тиймээс хоёр гол зүйлийг баримталж ажиллана. Үүнд, оюутнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг, зардал чирэгдэлгүйгээр, хурдан шуурхай үзүүлэх, оюутнуудад эрүүл мэндийн боловсролыг олгох юм” гэлээ.

 

С.Ичинхорлоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • . . . , . (122.201.22.187)

    2015-01-27

    Ene emneleg haana bdin be?