Ангараг дээр органик молекул, метан илрүүлжээ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Curios- ity” автомат хөлөг Ангараг гариг дээр чулуулгаас нүүрстөрөгч агуулсан молекулууд илрүүлснийг судлаачид мэдээлжээ. Түүнчлэн метан хийн бөөмс илрүүлсэн аж. Харин дэлхий дээр энэ хийг эгэл организмууд бий болгодог аж. Гэхдээ эдгээр химийн нэгдлийг Ангараг дээр оршиж байсан амьд организмууд бий болгосон эсэхийг тогтооход нэмэлт судалгаа шаардлагатай боловч “Curiosity” тийм төрлийн судалгаа хийх боломжгүй бололтой. Энэ судалгааг тэргүүлж буй Жон Гротцингер энэ тухай хэлэхдээ “Бид томоохон нээлт хийлээ. Бид Ангараг дээр органик бодис илрүүллээ” гэжээ. 

Түүнчлэн судалгаа хийж буй эрдэмтдийн нэг Крис Вебстер метан хий илрүүлсэн нь гэнэтийн үйл явдал болсныг өгүүлсэн байна. Учир нь нэг жилийн өмнө буюу “Curiosity” Ангараг дээр бууснаас хойш найман сарын турш Гейл хэмээх хонхрыг судлах явцад агаар мандалд нь метан хий илрүүлээгүй тухай судлаачид мэдээлж байсан юм. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард метан хийн хэмжээ арав дахин нэмэгдэж, хоёр сарын турш энэ төрлийн хийн ул мөр илэрч байсан боловч дараа нь ул мөргүй алга болсон аж. “Curiosity” хөлөг Ангараг дээр 2012 оны наймдугаар сард буужээ. Үүний дараа тус гариг дээр бактери үүсэхэд шаардлагатай химийн элементүүд болон бусад нөхцөл байгааг олж тогтоожээ. Харин нэг долоо хоногийн өмнө НАСА агентлагаас Гейл хонхор урьд нь устай байсан бөгөөд тус хөлгийн тусламжтайгаар судалж буй Шарп нэртэй уул асар том нуурын тундсаас үүссэн болохыг мэдээлсэн байна. 
 

Д.МӨНХБОЛД
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)