Нийтийн эзэмшлийн газарт халтирч гэмтвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ

Хүйтний эрч чангарч халтиргаа, гулгаа ихэслээ. Хэдийгээр цас бага орсон боловч хааяа нэг хаялсан цаснаас болж булан тохой, сүүдэр газарт цас тогтож халтиргаа үүсээд байгаа юм. Хэд хоногийн өмнө ажлаа тараад гэр лүүгээ явж байтал Төв номын сангийн автобусны зогсоол орчим явж байсан залуу хэсэг цасанд халтирч, ар нуруугаараа савж унаад босч ирэн хувцсаа гөвж цааш явж одлоо. Энэ ч яах вэ, гэмтэл, бэртэл авалгүй явсан хэрэг. Гэтэл халтирснаас болж гар, хөлөө гэмтээх иргэд олон бий. Тиймээс бид Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/- ийг зорилоо. Тус төвийн гадаа ирэхэд хамт явж буй хүнээрээ үүрүүлсэн, тэврүүлсэн, түшүүлсэн хүмүүс дотогш орж харагдлаа. Үүдээр нь ороход хөл гараа боочихсон, таяг тулсан хүмүүс хүлээн авахын үүдэнд дүүрэн. Бүгд л өвчиндөө шаналж эмчид үзүүлэх гэж хүлээж ядан байв. Манай улсад гэмтэл согогийг эмчлэх ганц газар бол ГССҮТ юм. 

Тиймээс энэ төв ямагт ачаалалтай байдаг. Тэр тусмаа өвлийн улиралд ачаалал нь бүр нэмэгддэг аж. Учир нь халтиргаа, гулгаанаас болж гэмтэх, хөлдөх, осгох, гадаа эрт харанхуй болдгоос бусдын гарт өртөж гэмтэх явдал ихэсдэг гэдгийг тус төвийн эмч, ажилчид хэлж байлаа. Энэ үеэр үзүүлэх дараалал хүлээн зогсож буй халтирч унаад бэртсэн эгчтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Манай гэр Баян хошуунд байдаг. Гудамжны гэрэлтүүлэггүйгээс болж шөнө орой явахад их хэцүү. Өчигдөр орой ажлаа тараад гэртээ харих гэж яваад гудамжинд халтирч унаад гараа гэмтээчихлээ. Хугарсан болов уу л гэж бодож байна. Эмчид үзүүлээгүй болохоор яасныг нь мэдээгүй. Шөнөдөө өвдөхгүй байсан. Гэтэл өглөө боссон чинь хавдчихсан, янгинаж өвдөөд байхаар нь үзүүлэх гэж ирлээ. Хүн ихтэй байна. Хоёр, гурван эмч зэрэг үзэж байгаа болохоор дараалал хурдан л явж байна” гэсэн юм. Ингээд бид Хүлээн авах өрөө рүү орлоо. Хүлээн авах тасагт жижүүрийн хоёр эмч иргэдийг үзэж байв. Биднийг эмчтэй ярилцаж байх хооронд 14-15 насны охин “Хичээлдээ явж байгаад халтирч унаад өвдгөө гэмтээсэн” гэсээр аавдаа өргүүлэн орж ирлээ. Их өвдөж байгаа бололтой эмчийг гар хүрэнгүүт л ёолж, уйлж байлаа. ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн их эмч Д.Бат- Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.

 

-Халтиргаа, гулгаанаас болж гэмтэж, бэртсэн хүн хэр их ирж байна вэ?

 

-Арваннэгдүгээр сараас цас орсонтой холбоотойгоор халтиргаа, гулгаа эрс нэмэгдсэн. Манай хүлээн авах тасагт өдөрт 200-300 хүн үйлчлүүлдэг. Өдрийн цагаар нэг эмч 20-30 хүнд үйлчилж байна. Үүнээс 10-15 буюу бараг 50 хувь нь халтиргаа, гулгаанаас болж гэмтэж бэртсэн хүмүүс байна.

 

-Ихэнхдээ хэд орчим насны хүмүүс байна вэ?

 

-Ер нь бол бүхий л насны хүмүүс ирж байна. Цагаар нь ангилах юм бол шөнийн цагаар архи уусан, согтуу халамцуу явж байгаад халтирч унаснаас болж гэмтсэн залуус ирдэг. Харин өдрийн цагаар хүүхдүүд, настай хүмүүс илүү их ирж байна.

 

-Ямар эрхтэнээ их гэмтээдэг вэ?

 

-Ихэнхдээ шагайны үений гэмтэл авах нь их байна. Яагаад гэвэл, хальт гишгэснээс болж шагайны холбоосны гэмтэл авдаг. Цаашлаад шилбэ, гараа хугалах зэрэг ясны гэмтлүүд авах нь элбэг. Явган иргэд ч гэлтгүй халтиргаа гулгаатай холбоотой автомашины ослоор гэмтсэн хүмүүс олноор ирж байна.

 

-Халтиргаа, гулгаанаас гадна хүйтний улиралтай холбоотой гэмтэл, бэртэл ихэсдэг. Юунаас болж гэмтлүүд гарч байна?

 

-Мэдээж зам, тээврийн осол маш их байдаг. Мөн залуучууд согтуугаас болж хоорондоо зодолдсон, шөнөдөө их хүйтэрч байгаагаас осгох, хөлдөх явдал сүүлийн 14 хоногт их гарсан. Ер нь жил ирэх тусам бэртэж, гэмтсэн иргэд нэмэгдэх болсон. Гэр хорооллын айлууд халтиргаа, гулгааг өөрсдөө бий болгодог Нийслэлийн явган хүний зам талбайн ихэнх нь мөлгөр, тэгш хавтангаар хийгдсэн. Энэ хавтан нь халуун, дулаан оронд зориулагдсан болохоор манайх шиг хатуу ширүүн уур амьсгалтай оронд тохирсон шийдэл биш юм. Учир нь дээрх хавтангаар хийсэн замаар цас ороход байтугай цасгүй үед ч явахад халтирдаг гэдэгтэй санал нийлэх хүн олон. Аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цасаа цэвэрлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой. Мөн 2009 онд баталсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм. Гэвч энэ нь хэрэгждэггүй хууль юм. Учир нь албан байгууллагын үүдэнд халтирч унаж гэмтлээ гэхэд баталгаа хэрэгтэй гэнэ. Харин тухайн хүнийг унаж байх үед түүнийг энд унасан гэж гэрчлэх хүн, зураг дүрс, камер байх нь юу л бол. Үүнээс гадна гэр хорооллын гудамж, талбай өвлийн улиралд ёстой л готок болж хувирдаг. Учир нь гэр хорооллын айлууд халтиргаа, гулгааг өөрсдөө бий болгодог. 

Тухайлбал, айлууд хашаандаа муу усны цооноггүй. Муу усаа гудамжинд ил задгай асгадаг. Энэ нь өвөл хөлдөж халтиргаа үүсгэдэг. Түүнд нь хүүхдүүд өвөлжин тоглож, иргэд халтирч унаж бэртэж гэмтэх явдал их гардаг аж. Тиймээс эдгээр айлд ч бас хяналт тавьж, хариуцлага тооцох хэрэгтэй. Дутуу хийсэн ажлаас болж хүмүүс гэмтэж байна Хавар болохтой зэрэгцэн хот тохижуулах талаар ярьсаар намар болоход ажлаа эхэлдэг. Намар эхэлсэн ажил нь эхний цас ороход дуусахтай, үгүйтэй орхигддог гэхэд хилсдэхгүй биз. Дутуу хийсэн бродюр, энд тэнд хийж байгаад орхисон төмөр зэргээс болж иргэд бэртэх нь их байгаа юм. Тухайлбал, бидний нэрлэж заншсанаар “Багшийн дээд”- ийн автобусны зогсоолын орчим сандал хийх гэж байгаад больсон бололтой, бас юунд хэрэгтэй юм бүү мэд хаа сайгүй төмөр зоосон байх юм. Ойр орчмын хүмүүсийн ярьж буйгаар “Нэг эмэгтэй замын бродюр дээр халтирснаас зоосон төмөр дээр толгойгоороо унаж бэртсэн” гэх. Үүгээр ч зогсохгүй оройн цагаар иргэд түүнийг нь харахгүй бүдэрч унадаг гэнэ. Автобусны зогсоол зэрэг нийтийн эзэмшлийн газарт хүн халтирч гэмтвэл хэн хариуцлага хүлээх талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулах гэсэн боловч “Тохижилт, хог хаягдлын хэлтсээс асуу” гэсэн юм. Үүний дагуу тус хэлтсээс лавлахад “Улаанбаатар” банкинд байрлах Шуурхай удирдлагын төвөөс асуу гэлээ. Тэнд очиход хаалга нь түгжээтэй байсан юм. Ингээд энэ талаар хариулт өгөх хүн надад олдсонгүй. 

 

М.ЭНХЦЭЦЭГ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)