Далай лам “Би хамгийн сүүлчийн тэргүүн лам байж магадгүй” гэв

Далай лам BBC-д ярилцлага өгөхдөө өөрийгөө Буддын шашны хамгийн сүүлчийн тэргүүн байж болзошгүй тухай ярьжээ. Тэрбээр “Далай ламын уламжлалыг цаашид байлгах эсэх нь Түвдийн ард түмний шийдэх хэрэг” гэжээ. Түүнчлэн “Дараа үед ямар нэг ухаан муутай Далай лам гарч ирж, энэ хэргэмийн нэр төрийг гутааж болзошгүй. Тэгвэл их харамсалтай хэрэг болно. Түүний оронд Далай ламын нэр хүнд сайн байгаа энэ үед олон зууны түүхтэй энэ уламжлалыг зогсоох нь зүйтэй” гэжээ. Тэрбээр Ром хотноо Нобелийн Энхтайвны шагналтнуудын 14 Дэлхийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ энэ ярилцлагыг өгчээ. Энэ уулзалт анх Өмнөд Африкт болох ёстой байсан боловч тус улсын эрх баригчид Хятадтай харилцаагаа муутгахаас сэргийлж, түүнийг нутагтаа нэвтрүүлэхийг татгалзсанаас уулзалтын байршлыг солиход хүрсэн юм. Үүнээс гадна Далай лам Ромын паптай уулзахаар төлөвлөсөн байж. Гэвч Католик шашны тэргүүн улс төрийн шалтгаанаас уулзахаас татгалзаж, үүнийгээ Хятадын дотоод улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарласан байна. Далай лам Ром хотноо “France 24” телевизэд ярилцлага өгөхдөө Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин Түвдэд илүү өөртөө засах эрх олгохыг зорьж байж болзошгүй тухай ярьжээ. Хятадын шинэ удирдагч их идэвхтэй, аливааг бодитоор хардаг боловч шинэчлэл хийхэд нь хуучинсаг үзэл саад тотгор болж байгааг өгүүлжээ. Тэрбээр “Тэнд хатуу чиг шугам баримтлагчид маш олон” гээд түүнийг хүнд нөхцөлд байгааг өгүүлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)