Хятад улс Орост эдийн засгийн бэрхшээлээ давахад нь тусална

Хятад улс Орост сүүлийн үед тулгараад буй эдийн засгийн бэрхшээлийг давахад нь туслахад бэлэн аж. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдийн өмнө мэдэгдэл хийснийг “China Daily“ сонинд өгүүлсэн байна. Тэрбээр “Оросын талд шаардлага тулгарвал бид өөрийн боломжийн хүрээнд зохих тусламж үзүүлэхэд бэлэн” гэжээ. Түүнчлэн “Эдийн засагт нь тулгарч буй бэрхшээлийг давах хэмжээний чадвар, саруул ухаан Орос улсад байгаа гэдгийг онцолсон аж. Ван И Хятад, Орос хоёр нэг нэгнээ байнга дэмждэг тухай нэмж хэлсэн аж. Хятадын Нийгмийн ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Жианминь уг тусламжийг Хятадын тал Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг байгууллагын шугамаар олгох байх гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Түүнчлэн Хятадын эдийн засагчид Оросын эдийн засгийн байдал цаашид улам хүндэрнэ гэдгийг өгүүлжээ. Тухайлбал, Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн Орос судлалын мэргэжилтэн Фэн Юужун Оросын эдийн засгийн хувьд “Хамгийн хүнд хэцүү сорилт дагуулсан гурван жил айсуй” гэдгийг өгүүлсэн гэнэ. Тэрбээр ам.доллар чангарч байгаагаас улам их хөрөнгө АНУ руу чиглэж, Орос зэрэг хөгжиж буй томоохон эдийн засагтай орнууд улам хэцүү байдалд орно гэдгийг хэлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)