Тараг гоо сайханд тустай

Тараг нь уухад амттай, ашигтай төдийгүй гоо сайханд ч бас тустай. Гоо сайхан нь ямагт толигор, зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс бол гоо сайхны илрэл төдийгүй бидний эрүүл мэндийн толь болдог. Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлэгч хэмжүүр л гэсэн үг. Ийм учраас үргэлж сайхан харагдахын тулд арьсаа бөөцийлж, арчилж байх хэрэгтэй.
Нас ахих тусам арьсаа залуу сайхан байлгахыг хүсвэл системтэй арчлах шаардлагатай.Нүүрний арьсаа эрүүл сайхан байлгах олон арга бий. Үүний тулд гоо сайхны салонд үйлчлүүлэх эсвэл гэртээ өөрөө өөрийгөө арчлах хэрэгтэй болно. Арьсныхаа эд эсийг залуужуулахын тулд байнга чийгшүүлж, цэвэрлэж, тэжээл өгч байх хэрэгтэй.
Арьс бол маш олон үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтэн. Гадаад орчноос хамгаалаад зогсохгүй хүчилтөрөгчөөр амьсгалж, хорт бодисыг бие организмаас гадагшлуулдаг байна.Арьсанд тархсан тосны булчирхай нь арьсыг тосолж, эрүүл сайхан байхад тусалдаг арьсны өөх тосыг бий болгодог. Зарим үед энэхүү тосны булчирхайн хэвийн үйл явц алдагддаг бөгөөд ямар хэмжээний тос ялгаруулж буйгаас хамааран арьсыг хэвийн, тослог, хуурай, холимог хэмээн ангилж үздэг.Хэвийн арьс нь толигор, зөөлөн, шар үсний нүх нь томроогүй, жигд өнгөтэй байдаг. Батга, судасны судал ч байдаггүй.

 

Харин тослог арьс нь гялалзаж, болхи харагдана. Шар усны нүх нь томорч, зүйрлэвэл яг л жүржийн хальс шиг болдог. Тосны булчирхай хэт их тос ялгаруулснаас болж шар үсний нүх нь томорч бохирдон батга үүсдэг. Гэхдээ тослог арьсны нэг давуу чанар нь хөгшрөлт удаан явагддаг онцлогтой.

 

Хуурай арьсны хувьд үрчлээс амархан үүснэ. Гадна орчинд эмзэг, амархан гэмтэж, суларна.
Тослог, хуурай аль алиныг нь агуулсан холимог арьстай байх тохиолдол цөөнгүй бий. Хамар, дух, эрүү орчим тослог харин нүдний орчим, хүзүүний хэсгээр хуурай байх нь элбэг.

 

Холимог арьсыг арчлах нь харьцангуй хэцүү бөгөөд арьсны хэсэг тус бүрт ялгаатай арчилгаа шаардагдана. Хамгийн гол нь бүх төрлийн арьс арчилгаанд байнгын цэвэр байдал бүхнээс илүү чухал.

 

Нүүрний арьс байнга цэвэр байх шаардлагатай. Учир нь орчны бохирдол, гоёлын энгэсэг, тоос тоосонцор нь арьсан дээрх тостой холилдож, арьсыг чөлөөтэй амьсгалах боломжгүй болгон, батга гарах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

 

Нүүрний арьсыг угааж цэвэрлэж болох ч гэрийн нөхцөлд бэлтгэсэн лосьоноор арчилж цэвэрлэх нь илүү тохиромжтой.

 

Ямар ч төрлийн арьсыг тараг маш сайн цэвэрлэж, цайруулдаг. Ийм арчилгааг өдөр бүр хийсэн ч болно. Тослог арьсанд илүү исгэлэн бүтээгдэхүүн тохирдог тул дулаан газар 2 – 3 хоног байсан таргаар цэвэрлэхэд илүүтэй тохирдог.

 

Нүүрний арьсыг цэвэрлэх нь тун хялбар. Хөвөн тампоноо тарганд дүрж, тойрог хөдөлгөөнөөр нүүрээ арчиж цэвэрлэнэ. Арчих бүрт хөвөн тампоны гадаргууд бохирдол наалдаж үлдэнэ. Хамгийн сүүлд нь тарагныхаа үлдэгдлээ арилгах хэрэгтэй.

 

Тослог арьсыг сүүний шар усаар тогтмол угааж байх нь тустай. Шар усыг тарагнаас маш амархан гарган авч болно. Таргаа гал дээр халаахад аяндаа шар ус ээдэм болон ялгарна. Аарцаар нь нүүрэндээ бигнүүр тавьж, шар усаар нь нүүрээ угааж цэвэрлэх хэрэгтэй.

 

Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуу оргиж болно. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж тарагнаас цэвэрлэ. Харин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно.

 

Тослог арьсанд олон тооны хар толбонууд үүссэн байдаг. Түүнийг овьёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарагны тусламжтайгаар цэвэрлэж болно. Будаагаа махны машинаар машиндаж нунтагла.

 

Нэг стаканд дээрх хольцоо хийж нэг халбага хүнсний сод нэмээд, бүгдийг сайтар хутгаж, битүү тагласан шилэн саванд хийж хадгална. Нүүрээ цэвэрлэхдээ нэг халбага холимгоо тарганд хутгаж, кашиц маягтай болгоно.
Цэвэр хөвөн тампонд кашицаа түрхэж, дух, хүзүү, эрүүний хэсэгтээ түрхэнэ. Арьсандаа тойрог хөдөлгөөнөөр, чөлөөтэй гулгах боломжгүй болтол нь иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар угаахад арьсны үхэжсэн хэсэг, бохирдол, тоосноос бүрэн цэвэрлэгдсэн байх болно.

 

Арьсанд гүн цэвэрлэгээ хийх гуужуулах тосыг гоо сайхны салоноос өндөр үнэтэй худалдаж авахын шаардлагагүй. Гэртээ өөрөө бэлтгэж болно. Хуурай болон хэвийн арьсанд дараах бэлдмэлийг хэрэглэхэд илүү тохиромжтой. Үүнд:
Өндөгний шарыг ялгаж аваад түүн дээрээ бага зэрэг тараг холино. Дараа нь тасралтгүй хутгаж дээр нь архи, хагас нимбэгний шүүс шахаж хийнэ.
Ийм бэлдмэл нь нүүрийг маш сайн цэвэрлээд зогсохгүй, тэжээл өгч цайруулах үйлчлэл үзүүлдэг.

 

Хэрвээ таны арьс холимог, дух, хамар, эрүүний доор хэсгээр тослог, харин хүзүүгээрээ хуурай бол өглөөдөө ургамлын хандаар, оройдоо цөцгийтэй таргаар нүүрээ цэвэрлэж байх хэрэгтэй.

 

Одоо харин тарагны бигнүүр нүүрийг хэрхэн толигор, зөөлөн, сайхан болгодгийг мэдэж авъя. Маск янз бүрийн үйлчлэл үзүүлнэ. Нэг нь арьсыг зөөлрүүлэх бол нөгөө нь бэхжүүлж тэжээл өгөхөд харин гурав дахь нь үрэвслийг дарах үйлчлэл үзүүлдэг. Гэхдээ, тарагтай бүх л маск цусны эргэлтийг түргэсгэн, арьсанд тэжээл өгдөг онцлогтой.

 

Тослог арьсанд зориулсан тарагтай бигнүүр

 

Арьсыг чангаруулж, шар үсний нүхийг агшаах үйлчлэлтэй маскийг гэрийн нөхцөлд бэлтгэхдээ: Нэг ширхэг өндөгний цагааныг ялган авч, нэг цайны халбага зөгийн бал, гурван цайны халбага тараг хольж сайтар хутгаж өгнө.

 

Хэрвээ хэт шингэн болвол овьёос, эсвэл миндальны гурил бага зэрэг нэмж өгөөрэй. Эхлээд нүүрээ таргаар цэвэрлээд, дараа нь маскаа нимгэн түрхэж өгнө. Нүдний орчим, уруул дэрээ түрхэж болохгүй. Ингээд 15 – 20 минут хэртэй байлгаад дараа нь бүлээн усаар угаана. Ийм маскийг нар жаргасан хойно орой тавибал илүү тохиромжтой байдаг.

 

Нүүрний арьсаа цэвэрлэх, шар үсний нүхээ агшаах хүсэлтэй бол цардуул, цагаан будааны гурил, ургамлын ханд, тараг бүхий бигнүүр бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ ургамлын хандад нэг цайны халбага шар дэр цэцэг, нэг халбага балжингарма цэцгийг хагас стакан буцалсан усанд хийж хорин минут хандална. Гурван халбага хандан дээрээ мөн гурван хоолны халбага тараг, цардуул, цагаан будааны гурилаа хольж сайтар зуурсны дараа нүүрэндээ тавина. Маскийг хорин минут хэртээ тавьж, эхлээд тарганд дүрсэн хөвөн тампоноор арчаад дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Зуны улиралд энэ маскийг тараг болон шинэхэн өргөст хэмхээр бэлдэж болно. Үүний тулд хагас шинэхэн өргөст хэмхийг үрээд тарагтай хольж нимгэн түрхэнэ. Хорин минутын дараа шар сүүгээр угаавал сайн.

 

Хуурай болон хэвийн арьсны тарагтай маск

Хуурай арьсыг чийгшүүлээд зогсохгүй тосны тусламжтайгаар зөөлрүүлэх хэрэгтэй. Хуурай арьсанд зориулсан маск бэлтгэхдээ ургамлын тос нэмэхээ мартав.

 

Хуурай, сул арьсанд дараах маскийг бэлтгэж хэрэглэвэл тохиромжтой. Үүнд:
Хоёр хоолны халбага тарганд нэг хоолны халбага ургамлын тос нэмж сайтар хутга. Дараа нь өндөгний шарын талыг холь.

 

Сайтар хутгасны дараа цэвэрлэсэн нүүрнийхээ арьсан дээр нимгэн түрхэж өг. Хүзүүндээ түрхэхээ мартав. Хүзүүний арьсанд ч бас тэжээл дутагдаж байгаа. Хорин минутын дараа бүлээн сүүгээр арчиж цэвэрлээрэй.

 

Олон талын үйлчлэл үзүүлдэг маскийг бэлтгэе гэвэл аарц, тараг, оливын тос, луувангийн шүүс бэлдэх хэрэгтэй болно. Ийм маск нь арьсанд тэжээл өгөөд зогсохгүй, чангаруулж, өнгөлөг сайхан болгодог. Бүх орцыг ижил хэмжээтэй хольж сайтар хутгаад уруул, нүдний орчмоос бусад хэсэгт жигд нимгэн түрхэж өгөөрэй. Хорин минутын дараа салфеткаар арчаад, бүлээн усаар угаах хэрэгтэй.

 

Зуны улиралд таны арьсанд илүү аминдэм шаардлагатай болно. Иймд гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд зэрэг жимсгэнийг тараг болон цөцгийтэй холино. Дараа нь нүүрэндээ түрхэж, 15 минут хэртэй байлгаад бүлээн усаар угаагаарай

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)