Х.Мубаракийн хоёр хүүг шоронгоос суллажээ

Египетийн Ерөнхийлөгч асан Х.Мубаракийн хүү Алаа, Гамаль нарыг Каир дахь шоронгоос даваа гаригт суллажээ. Египетийн шүүхээс өнгөрсөн долоо хоногт Х.Мубаракийн хоёр хүүг суллах тухай шийдвэр гаргасан. Гэхдээ тэдний хууль бусаар хөрөнгө завшсан хэргийг шүүхээр дахин хэлэлцэх юм. Шүүхээс тэднийг урьдчилан хорих байранд хангалттай удаан хоригдсон хэмээн үзэж сулласан нь ажиглагчдын хувьд санаандгүй хэрэг биш байв. Каир хотноо өнгөрсөн ням гаригт Х.Мубаракийн эсрэг бослог гарсны дөрвөн жилийн ой өдөр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, 16 хүн шархадсан. Х.Мубаракийн засаглалын он жилүүдэд тэрбээр, гэр бүлийнхэнтэйгээ цуг хууль бусаар баяжсан гэх үзэл олон нийтийн дунд түгээмэл аж. Одоо51 настай Гамаль Мубарак эрх баригч Үндэсний ардчилсан намын удирдагчдын нэг байсан бөгөөд түүнийг эцгийнхээ өвийг залгамжлагч хэмээн үзэж байсан бол одоо53 настай Алаа Мубарак нь Египетийн томоохон бизнесмэнүүдийн нэг юм. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракт хөрөнгө завшсан хэргийн дагуу оноосон ялыг хүчингүй болгосноор тэрбээр эрх чөлөөтэй болсон. Өмнө нь түүнд хэдэн зуун жагсагчдын амийг хөнөөсөн зэрэг хэд хэдэн хэргийн дагуу оноосон ялыг шүүхээс хүчингүй болгосон. Одоо86 настай Хосни Мубарак Каир хотын өмнөд хэсэгт орших цэргийн эмнэлэгт хэвтэж байгаа аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)