С.Өнөрсайхан: Хуванцраас хорт хавдар үүсгэгч хүчтэй бодис ялгардаг

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын албаны дарга С.Өнөрсайхантай ярилцлаа.

 

-Монголд анх удаа хор судлалын мэргэжилтнүүд бэлтгэжээ. Энэ талаар тодруулна уу?

 

-НЭМҮТ-ийн Хор судлалын сектор нь Хордлого судлалын эрдэм шинжилгээний нийгэмлэгтэй хамтран Монголд анх удаа Хор судлаач, Эмнэлзүйн хор судлаачийн нарийн мэргэшүүлэх зургаан сарын сургалтыг өнгөрсөн онд зохион байгуулсан. Энэ сургалтад нарийн мэргэжлийн эмч, Нийгмийн эрүүл мэнд судлаач зэрэг40 гаруй хүн хамрагдсанаас19 нь Эмнэлзүйн хор судлаач болон хор судлаач мэргэшлээр амжилттай төгслөө. Сургалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх, АУ-ны доктор, профессор С.Юндэнгийн хамт ЭМЯ-ны мэргэжилтэн Ө.Баяр, АШУҮИС-ийн сургуулийн багш Б.Пүрэвдорж, н.Чимэддулам зэрэг докторууд хичээл заасан. Дадлагыг НЭМҮТ-ийн Хими-хор судлалын лаборатори, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв зэрэг газруудад хийж гүйцэтгэснээр онол, практик хосолсон үр дүнтэй сургалт болсон гэж үзэж байгаа. Эмнэлзүйн хор судлаач, хор судлаачаар нарийн мэргэшсэн эдгээр боловсон хүчин нь хурц болон архаг хордлогыг бууруулах үйл ажиллагаанд гар бие оролцон, хордлогыг цаг алдалгүй оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшиж байгаа нь Монголд цөөхөн байдаг хор судлаачдын ажлын ачааллыг нимгэлж, тэдний мэдлэг ур чадварыг сэргээж өгч байгаагаараа давуу талтай юм.

 

-Химийн хорт бодисын лабораторитой болоод удаагүй байна. Энэ хугацаанд ямар ямар хорыг цаг алдалгүй илрүүлэв?

 

-Хордлогын шалтгаан, цар хүрээг тогтоох, түүнээс урьдчилан сэр-гийлэх, сургалт, сурталчилгаа зохион бай гуулах, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах зорилгоор 2009 арваннэгдүгээр сарын 20-нд Хор судлалын сектор нь нийт 11 хүний бүрэл дэхүүнтэй байгуулагдсан. Энэ цагаас хойш таван жил гаруйн хугацаанд 15 судалгааны ажил, 14 ном, 31 өгүүлэл, 42 илтгэл хэвлүүлэн, 10 журам, 39 стандарт боловсруулж, батлуулсан бөгөөд Америкийн Берклейн их сургууль, Солонгосын Сөүлийн их сургууль, Японы Минамато өвчин судлалын хүрээлэн, БНХАУ-ын Пони олон улсын лаборатори, Тайландын Чулаб хорны их сургууль зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хими-хор судлалын лаборатори нь мэдрэг чадвар өндөртэй, мөнгөн усны анализатор ЛюмексRA-915+ багаж ашиглан хүний цус, үс, шээс, ус, хөрс, агаарт батлагдсан стандарт арга аргачлалын дагуу мөнгөн ус тодорхойлдог бөгөөд 2012 онд анхMNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн лаборатори болж, итгэмжлэлийн гэрчилгээг Стандартчилал хэмжил зүйн газраас гардан авсан. Өнгөрсөн оны аравдугаар сард СХЗГ-аас томилсон үнэлгээний баг тус лабораторид дахин үнэлгээ явуулж тус үнэлгээгээр Хими-хор судлалын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага ханган ажиллаж байгааг тогтоосон. Ингээд өнгөрсөн жил бид гурван жилийн хугацаатайгаар дахин итгэмжлэлээ авсан. Генетик хор судлал, химийн хор судлалын лабораторитой болсноор эрүүл мэндийн салбар төдийгүй улс орны хувьд маш их ач холбогдлоо өгсөн. Лаборатори нь бий болсноос хойш энэ хугацаанд цусны 2800, шээсний 2800, үсний 400 дээж, орчны 250 дээж нийт 6250 гаруй дээжинд мөнгөн ус тодорхойлох шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн мөнгөн усны хордлогыг өдөртөө оношлоод, мэргэжилтнүүд хамтраад эмчлээд явж байна. Мөн саяхан Ховд аймагт гарсан хордлогыг ч гэсэн маш түргэн хугацаанд оношилж эмчиллээ. Ер нь хордлогод орсон хүнийг хоёр цагийн дотор оношилж эмчилсэн байх ёстой байдаг. Тиймээс бид бүхэн лабораторитой болсноороо цаг алдалгүй түргэн шуурхай оношилж, эмчилж чадаж байгаа. Ер нь химийн бодисын хордлогууд сүүлийн үед нэлээдгүй гарч байгаа. Хулганы хор, ялааны хор, цууны хүчлийн хордлого, угаарын хийн хордлого, төмрийн хор гэх мэт хордлогуудад иргэд ихээр өртсөөр байна. Өнгөрсөн хугацаанд амиа хорлогсдын дийлэнх нь хэрэглэсэн хор гэвэл цууны хүчил байсан. Үүнийг манай мэргэжлийн эмч нар илрүүлснээр импортоор цууны хүчлийг оруулж ирэхийг хориглосон. Ингэснээр цууны хүчлээр амиа хорлох тохиолдол багассан байгаа. Мөн хүүхдийн хуванцар тоглоомноос хор илэрч байна. Хүүхдийн тоглоом дээр ЭКО гэсэн тэмдэглэгээ байх ёстой. Хуванцар тоглоомууд дээр PWC FREE буюу чөлөөлөгдсөн гэсэн утгатай тэмдэглэгээ сертификат дээрээ дагалдаж ирдэг. Тэгэхээр дэлгүүрээс шаардлага хангасан аюулгүй тоглоомыг хүүхдэдээ худалдаж авч өгөх хэрэгтэй байна. Түүнчлэн ард иргэд химийн бодисын савыг ахуйн хэрэглээндээ ус, сүү хийж хэрэглэдэг. Энэ нь маш буруу зүйл бөгөөд ямар ямар хортойг судлаад холбогдох байгууллагад хүргүүлсэн.

 

-Манайхан мөнгөн усны хордлогод нэлээдгүй өртдөг тиймээс лабораторидоо мөнгөн усыг түргэн шуурхай оношилж эмчилдэг болжээ. Үүнээс гадна хүмүүс хуванцар сав хортой, хорт хавдар үүсгэдэг гэж багагүй ярьдаг. Та энэ чиглэлийн судалгаа хийсэн хүний хувьд уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-1997 онд хуванцар үйлдвэр-лэгчдийн холбооноос гаргасан хуванцрын ангиллыг одоо дэлхий нийтээр мөрдөж байна. Хуванцарыг доторх найрлагаас нь хамааруулаад 1-7 хүртэл ангилдаг. Өнөөдөр дэлгүүрүүдээр ороод зарж байгаа цэвэр усны савны доод талыг харвал цуваа гурван зураасны дотор 1PET гэсэн тэмдэглэгээтэй байх ёстой. Гэтэл манайд үйлдвэрлэж байгаа цэвэр уснуудын савны ихэнх нь тийм тэмдэглэгээ байхгүй. Юунд зориулсан болох нь тодорхойгүй байдаг. Хуванцраас висвеннол А буюу хорт хавдар үүсгэдэг BSA гэж олон улсад тэмдэглэгддэг, маш хүчтэй бодис ялгардаг. Гэхдээ үүнийг уугаад л үхчих юм байна гэж ойлгож болохгүй. Хор нь бага дозоор шилжсээр байгаад өдөрт 2.5 л уугаад 70 кг жинтэй хүн 5-10 жилийн дараа хавдраар өвчлөх магадлалтай. Тэгэхээр иргэд маань нэг буюу тав гэсэн дугаартай савыг хэрэглэх хэрэгтэй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь хүнсний бүтээгдэхүүнийг шилэн саванд хадгалах хамгийн аюулгүй гэж үздэг.

 

-Нэгэнт судалгааны үр дүн гарчихсан юм чинь хуванцар савны хэрэглээг зохицуулах ямар нэг ажил хийж болдоггүй юм уу?

 

-Энэ их өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг хангахад стандарт шаардлага хангасан савнууд мэдээж үнэтэй биз дээ. Тэгэхээр аль хямд төсөр зүйлийг хүмүүс худалдаж авч байна. Уг нь хэзээ ч манай иргэдийн авч байгаа шиг саванд хүнс, усыг хийж хэрэглэдэггүй. Манайх шиг хоёрдогчоор хэрэглээд байдаг орон дэлхий дээр өөр хаана ч байхгүй. Иргэд нь ч, улс нь ч хяналттай байдаг. Манайх хянадаг, зохион байгуулдаг байгууллага биш судалгааны байгууллага учраас судалгаа хийж үр дүнгээ олон нийтэд танилцуулсан. Эрүүл мэндийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө өгсөн. Тэрний мөрөөр улс ямар бодлого боловсруулж яаж хянах нь тэдний асуудал. “Тэгээд яагаад хорьдоггүй юм” гээд л манайхан ярьдаг. Хэрэглэгч та өөрөө л тийм сав авахаа больчих хэрэгтэй.

 

-Та бүхний судалгаагаар Улаанбаатар хотын хүн амын хэчнээн хувь нь химийн хорт бодисын сав ашиглаж байгаа бол?

 

-Хуванцар савыг хот хөдөө ялгаагүй хэрэглэж байгаа. Нийт хэрэглэгчдийн 63 хувь нь хуванцар сав сонгож байгааг судалгаагаар тогтоосон. Гэхдээ хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүс хотынхныг бодвол арай бага хэмжээтэйгээр хуванцар сав хэрэглэдэг байх. Одоо удахгүй айраг цагаа гарна. Энэ үеэр малчид ядаж айргаа битгий химийн хорны саванд хийгээрэй гэж хэлэх байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)