Угаалгын бодисуудыг зөв хэрэглэж хэвшицгээе

Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын нэг үндэс. Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон. Гэхдээ манайхан цэвэрлэгээ хийхдээ хамгийн хатуу, хамгийн супер бодисыг сонгож аваад нэг мөр, “нам” цэвэрлэх гээд хэтрүүлээд байдаг талтай. Хүчтэй химийн бодис сонгож авснаар бид өөрсдийн эрүүл мэнддээ хор хүргэж байгаагаа тэр бүр мэддэггүй. Гэтэл эдгээр хамгийн“нам” цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь химийн хүчтэй бодисууд байдаг гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Эдгээр бодисууд нь багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй аж. Тиймээс аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж байж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөөгүйг нь сонгож авах хэрэгтэй байна. Ихэнх аяга таваг угаагч аммоны сульфат, дээд спиртүүд, хлор, бисульфат, өнгө, үнэр оруулагч бодисуудыг агуулсан байдаг тул аяга таваг, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг угааж цэвэрлэсний дараа маш сайн зайлж цэвэрлэх шаардлагатай байдаг. Хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэлт үүсэхэд нөлөөлөх эрсдэл маш өндөр байдаг. Улмаар өдөр болгон хлортой усаар цэвэрлэгээ хийх нь арьс ба үсний байдалд таагүй нөлөө үзүүлдэг. Энэ мэтээр ахуйн химийн бодисууд нь таагүй үр дагавар ихтэй болохоор аюулгүй, сөрөг үр дагаваргүй гар доорх хамгийн энгийн хэрэгсэл, бодис ашиглан цэвэрлэгээ хийх боломж ямагт байдгийг санаж байх нь зүйтэй. Ер нь хүчтэй угаалгын нунтгийг орлуулах зүйл цөөнгүй байдаг байна. Тухайлбал, хүнсний сод нь аяга, таваг, савыг элдэв толбо тосноос бүрэн арилгадаг. Нимбэгний шүүс нь зэв арилгана, шил, толийг маш сайн цэвэрлэн өнгө оруулдаг. Хүнсний уксусыг/манайхан“орос цуу” гэж нэрлэдэг/ цайны жижиг халбагаар хоёрыг нэг литр усанд хийчихсэн байхад л шил, толь, плита цэвэрлэх маш сайн уусмал болдог ажээ.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)