Пицца гэдэг амттан “хэзээ төрсөн” бэ

 

Томатны соус, моцарелла бяслаг болон мах ногооны хачиртай хавтгай талхыг пицца гэж нэрлэдэг байна. МЭӨ YI зуунд цэрэг эрс бамбайн дээрээ гурил хавтгайлан болгож бяслаг, ногоо зэргийг дээр нь тавьж иддэг байсан түүхийн олдвор олдож байжээ. ХIХ зууны сүүл үед Италийн Напольд хотод нэгэн тогооч Италийн I Умбэрто хаан болон хатан хаан Маргаритад пицца хийж өгсөн нь ихэд таалагдсан бөгөөд энэхүү явдлын дараа пиццаг жирийн иргэдээс эхлүүлээд хаад ноёд хүртэл амтархан иддэг байв. Олон зуун жилийг туулсан энэ амтат хоол өдгөө орчин цагийн хүн бүрийн хамгийн хайртай, идэх дуртай хоолны нэг болж чаджээ. Пицца нь олон улсад түгэх бүрийдээ тухайн улс орон, нутгийн хоолны соёлын нөлөөгөөр өөр өөр найрлагатай хийгддэг. Одоогоор нийт 1000 гаруй төрлийн пицца бий гэсэн судалгааны үр дүн байдаг бөгөөд хүн бүрийн дуртай амт өөр тул олон төрлийн пицца байдагт гайхах зүйлгүй билээ. Тэгвэл эдгээрийн дотроос хамгийн амттай пицца аль нь бол. Хамтдаа хайцгаая.

 

Монголд хамгийн оригиналь нь Итали пицца

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд пиццанд “дурлагсадын” тоо нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Хоол судлаачид энэ тухай тайлбарлахдаа, хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалж хоолны сонголтод ч өөрчлөлт ордог. Цаг зав хомс байгаа үед бэлэн бүтээгдэхүүн тэр дундаа хөнгөн хоолыг сонгодог болсон гэжээ. Энэ тохиолдолд хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнд пицца “толгой цохиж” яваа аж. Манай нөхцөлд итали пицца хэрэглэгчдийн сонирхлыг илүүтэйгээр татдаг болоод байгаа юм. Өмнө нь зузаан гурилтай пицца идүүртэй байдаг байсан бол өнөөдөр нимгэн гурилтай, оригиналь пицца хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна. Тиймээс бид энэ удаа Монголд үйл ажиллагаа эрхэлдэг Итали пиццаны газрыг зорилоо. III хорооллын эцэст байрлах Итали пиццаны газар үдийн цайны цагаар үйлчлүүлэгчид олон байв. Хүргэлтийн утас зогсоо зайгүй залгаатай.  Мартын 8-ны баяр болох гэж байгаа болохоор пицца захиалагчдын тоо өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн талаар тус газрын ерөнхий менежер Энхцэцэг бидэнд хэлж байлаа. Ялангуяа эндэхийн тогооч нь Иран улсын иргэн бөгөөд итали пиццаг жинхэнэ утгаар нь хийдэг болохоор байнгын үйлчлүүлэгчид олон байдаг аж. Итали пицца хэрхэн “төрж” Монгол үйлчлүүлэгчдийн гарт очдог болохыг сонирхлоо. Пиццаны гал тогоонд элдэв янз бүрийн  өнгө алагласан зүйлүүд ер харагдсангүй. Зөвхөн гурил зуурах зориулалтын ширээ байх. Дээрх ширээн дээр  пиццаны хольцыг савлан тавьжээ.  Пицца хийх эхний ажил бол  тогооч гурилаа зуурч элдсэний дараа пиццаны хольцыг хийнэ. Энэ үедээ  үйлчлүүлэгчийн захиалгыг заавал асуух аж. Учир нь пицца маш олон төрөл учраас  захиалагчийн санал хамгийн чухал нь.  Эднийх 43 төрлийн пицца хийдэг бөгөөд үүнд үхрийн гол мах, гахайн утсан мах, бэкон гахайн мах, татсан үхрийн мах, салями зэрэг орсон molta carne –г манайхан их захиалдаг гэсэн. Мөн нэрийн пиццанууд болох Quattro carne,  italan special, eхpress special, zaisan special  ч захиалагч олонтой. Омид Танассан тогооч нэг пиццаг ердөө хоёрхон минутад хийж бэлэн болгох бөгөөд шарах шүүгээнд гурван минут болгоход пицца бэлэн болов. Үнэхээр гайхалтай хурдан. Бидний төсөөлж байснаас маш хурдан болсон учраас тогоочоос асуулаа. Пицца захиалахаар их удаж ирдэг. Уг нь  хийхэд амархан байдаг юм гэвэл, пицца хийхэд хурдан ч харамсалтай нь хүргэлт хийхэд уддаг юм. Бид хэрэглэгчдээ аль болох халуунаар нь пиццагаа идүүлэх хүсэлтэй байдаг ч замын түгжрэлээс үүдэж удаж очоод байдаг. Энэ асуудлыг цэгцэлчих юм бол пицца хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх боломжтой гэв. Ингээд Итали пиццаны газрын тогооч Омид Танассантай ярилцлаа.

 

 

Омид Танассан: Итали пицца нимгэн гурилтай, нүнжигтэй амттай

 

-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юү?

 

-Би Монголд анх удаа  2010 онд ирсэн. Энд ирээд хоёр жилийн хугацаанд нэгэн бизнес эрхэлдэг байсан. Энэ бизнес маань улирлын чанартай  болохоор бусад үед  ямар нэгэн ажил хийх хэрэгтэй болсон. Өмнө нь Шведэд ах, дүүгийнхээ хамт пиццаны бизнес эрхэлж  байсан юм. Ингээд Монголд ирээд энэ талаар судлахад гоё пиццатай газар олдоогүй. Тиймээс эхний ээлжид өөрөө пицца хийгээд найз нөхдөө дайлсан. Найз нөхдөд маань миний хийсэн пицца таалагдсан учраас пиццаны анхны салбараа нээж эхэлсэн. Түүнээс хойш энэ бизнесийг эрхэлж байна даа.

 

-Монголын хоолны  салбарт гадаадын иргэд бизнес эрхэлнэ гэдэг амаргүй даваа. Ялангуяа тухайн бүтээгдэхүүнд орох ёстой бараа материал хомс байдаг гэдэг юм билээ?

 

-Өөрийн чинь хэлсэнтэй санал нийлж байна. Монголын зах зээлд хоол үйлдвэрлэх үйлчилгээ тэр дундаа итали пиццаны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг бол  яах аргагүй бараа материал. Монголчууд үйлдвэрлэгч биш, импортлогч орон. Бид пиццандаа тусгай бараа материал ашигладаг учраас тэрийг авчрахад хүндрэлтэй, татвар өндөр байдаг. Мөн Монгол Улс цагаан идээний орон хэрнээ бяслагны үйлдвэр байдаггүй нь багагүй гайхахад хүргэдэг. Яагаад өөрсдөө бяслаг хийдэг мөртлөө гадаадаас өндөр үнэтэй бяслаг аваад байдгийг хувьдаа би ойлгоогүй.

 

-Та өнгөрсөн хугацаанд Монголын зах зээл дээр бизнес эрхэлж байна. Манайд бизнес эрхлэхэд хүндрэлтэй байдал гардаг уу?

 

-Би өөрөө Иран гаралтай, Швед улсын иргэн. Швед улс 101 улс оронд ямар ч визгүй зорчдог. Гэтэл Монголд бол энэ нь эсрэгээрээ. Байнга л визний асуудал тулагрдаг. Монголд би байнгын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байхад л визний сунгалтыг байнга л шаарддаг. Энэ нь их төвөгтэй санагддаг.

 

 

-Таныхаар бол манайхан гадаадын иргэдийг дэмждэггүй гэсэн үг үү?

 

-Тийм. Нэг пиццаны салбар нээгээд зөвшөөрөл авах гэхээр хэчнээн олон газраар орж, хэчнээн хүнтэй уулзаж явдаг гэж бодно. Нэг хүнтэй уулзахын тулд хэчнээн  ч өдрийг алдаж болно. Мөн бага албан тушаалтнуудын дарамт их. Гадаадын хүн учраас их мөнгөтэй гэж боддог юм уу бүү мэд. Хэрэглэсэн бүхий л зүйлийнхээ төлбөрийг төлөөд байхад мөнгө нэхээд л байдаг. Тогийг чинь тасална гээд СӨХ-оос ороод ирдэг. Өөрөөр хэлбэл, нэгнээ дэмжих биш, доошоо дарах сонирхол их байдаг. Гэхдээ мэдээж энэ нь олон хүн дээр биш. Цөөхөн хэдэн албан тушаалтнууд дээр харагддаг зүйл.

 

-Танай пиццаны салбар хэчнээн хүнтэй вэ. Ажлын байраар хэр хангадаг бэ?

 

-Манайх гурван салбартайгаар үйл ажиллагаа эрхэлж байна. Нэг салбар дээр зургаагаас долоон хүн ажилладаг. Ажилчдадаа аль болох сайн бэлтгэж, туршлагажуулахыг хичээдэг. Цалингийн хувьд ч гайгүй өгдөг. Ажилдаа цагтаа ирээд гүйцэтгэлээ сайн хийвэл өндөр цалин авна. Хэрвээ ажлын хариуцлага алдвал торгуулийн систем үйлчилнэ. Хамгийн гол нь хариуцлагатай ажиллахыг л хүсдэг. Зарим хүн ажилд орчихоод цалингаа аваад маргааш нь ажилдаа ирдэггүй байх жишээтэй. Зарим нь ажлын байрнаас хулгай  хийсэн. Манай пиццаны газарт Лондонд сурч байсан залуу саяхан ажилд орсон юм. Би тэр залууд пицца хийхийг зааж өгсөн. Залуу ч пицца хийхийг маш хурдан сурсан. Тэгсэн нэг өдөр ирэхэд ажлын өрөөний телевизор, орлогын мөнгийг аваад явчихсан байсан. Хамгийн гол нь алдсан зүйлүүд сонин биш. Тэр хүн миний итгэлийг алга болгосонд одоо ч гэсэн их харамсч байгаа. Энэ мэтчилэн асуудал бий. Гэхдээ хүн бүр дээрх залуу шиг биш шүү гэдгийг зориуд хэлмээр байна.

 

-Би сая таны пицца хийхийг харлаа. Их хурдан хийлээ. Итали пицца эсвэл ийм хурдан болдог юм уу, эсвэл таны ур чадварынх уу. Ер нь итали пиццаны гол онцлог юу вэ?

 

-Итали пиццаны хамгийн чухал зүйл бол гурил. Гурилаа зуураад нимгэн элдэнэ.Ямар  нэгэн үйлдвэрийн тоног төхөөрөмж ашигладаггүй. Өөрөөр хэлбэл, оригиналь хэлбэрээр гурилаа гаргаж авч байна гэсэн үг. Хоёрдугаарт, соусанд гурваас дөрвөн төрлийн ногоо хийдэг. Эдгээр зүйлүүд пиццаг илүү амттай болгодог. Пиццанд орох чухал материалуудаа Швед, Иран улсаас авчирдаг. Бусад пиццаны газрууд дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн. Сүүлийн үед бид Монголчууддаа зориулж пиццандаа үхрийн гол махыг хэрчин  хийж байгаа. Энэ нь хэрэглэгчдэд ч их таалагдаж эрэлт ихтэй байна.

 

-Итали пиццаны гурилыг нимгэн гэж бид ярьдаг. Яагаад тийм нимгэн байдаг юм бэ?

 

-Монголчууд анхнаасаа пицца хэрэглэхдээ зузаан гурилтай пицца  идэж эхэлсэн байдаг юм билээ. Тиймээс пиццаг зузаан гурилтай байх ёстой гэсэн нэг ойлголт байдаг.Оригиналь итали пицца үргэлж л нимгэн гурилтай байсан. Энэ хэвээрээ л байх ёстой. Яагаад гэвэл олон жилийн туршид мөрдөж ирсэн энэ хэв маяг байсаар л байх болно. Хэрвээ зузаан гурилтай болчихвол итали оригиналь пицца гэдэг утга нь алдагдана шүү дээ.

 

-Удахгүй Мартын -8 ны баяр болно. Танайх хэрэглэгчдээ ямар бэлэг барих вэ?

 

-Хамгийн түрүүнд хэрэглэгчддээ чанартай, амттай халуун пицца хүргэж өгөхийг эрмэлзэж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн баярын захиалгаа аваад эхэлсэн, уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн үнийн хувьд ч хямдхан. Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан бүсгүйчүүддээ хямдралтай үнээр үйлчлэхээр болсон.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • usa (99.43.69.167)

    2016-02-29

    pizza gedeg bol hool bishee targaluulah tuunii ulmaas uuseh tumen uvchinii eh bulag shuu.Amerikaas biciv nudeer uzesenee mongolchuuddaa anhaaruulj baigaa yumaa

  • bata (84.55.89.178)

    2015-03-10

    goy pizza shuu