Хятад эдийн засгаа дэмжиж, зардлаа нэмэхээр боллоо

Бүх Хятадын Ардын Их Хурлын чуулган өчигдөр эхэлсэн. Хурлын нээлтийн үеэр тус улсын эрх баригчид эдийн засгийн өсөлт энэ онд долоо орчим хувь болж, Засгийн газраас өсөлтийг дэмжих зорилгоор төсвийн зардлаа нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ нь тус улсын хувьд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн доогуур үзүүлэлт юм. Ерөнхий сайд Ли Кецян чуулганы нээлтэд үг хэлэхдээ авлига, агаарын бохирдолтой тэмцэхээ илэрхийлж, эдийн засгаа илүү тогтвортой хөрсөнд буулгахын тулд хэцүү бэрх шинэчлэл хийх хэрэгтэйг өгүүлсэн байна. Хятадын эдийн засгийн хурдыг сааруулах дарамт нэмэгдэж буйг тэрбээр төлөөлөгчдөд хэлжээ. Ерөнхий сайд ойрын үед хэрэгжүүлэх нэн тэргүүний зорилтод эдийн засгийн хөгжилд тушаа болж буй төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг шинэчлэх, банкны тогтолцоо, санхүүгийн зах зээлийг либералчлах ажил багтсаныг мэдэгдсэн байна. “Бэрхшээлийг давж, “дундаж орлогын урхи” гээчийг даван туулж, эдийн засгийн модернизацийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс хөгжилд түшиглэх ёстой бөгөөд хөгжил нь өсөлтийн зохих хурдыг шаарддаг гэжээ. Үүнээс гадна Хятадын эдийн засгийн хөгжил “шинэ хэвийн хэмжээ”-нд хүрсэн тухай өгүүлсэн аж. Хятадын эрх баригчид ойрын хугацаанд эдийн засгаа тогвортой хөгжүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүссэн хөөрөгдлийг багасгах, өрийн төвшинг зохистой хэмжээнд бууруулах, үйлдвэрүүдэд бий болсон илүүдэл хүчин чадлын асуудлыг зохицуулах зорилтыг шийдвэрлэх шаардлагатай юм. Гэсэн хэдий ч Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулсан нь сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахиа хүүг хорогдуулсан шийдвэр юм. Хятадын Засгийн газраас Төвбанкныхаа мөнгөний бодлогыг дэмжих ажлын хүрээнд 2015 онд төсвийн зардлыг өнгөрсөн оныхоос 10.6 хувь буюу 17.15 их наяд юаниар (2.74 их наяд ам.доллар) нэмэгдүүлэхээр болжээ. 

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)