Нобелийн энхтайвны хорооны даргыг сольжээ

Европын холбооны түшмэл Торнбьерн Ягландыг Нобелийн энхтайвны шагналын хорооны даргын албанаас өнгөрсөн мягмар гаригт чөлөөлсөн. Харин Хятадын төлөөлөгч энэ үйл явдал Норвегитэй тогтоосон хоёр талын харилцаанд ямар нэг өөрчлөлт авчрахгүй гэдгийг мэдэгджээ. Нобелийн Энхтайваны шагналыг 2010 онд Хятадын тэрс үзэлтэнд олгосон нь хоёр талын харилцааг муутгаж, түүнээс хойш сайжраагүй юм. Т.Ягландыг Энхтайвны шагналын хорооны даргын албанаас чөлөөлсөн боловч гишүүн хэвээр үлдсэн аж. Түүнийг хорооны тэргүүнээс чөлөөлсөн нь хоёр орны харилцааг сайжруулахад нэмэр болно гэсэн яриа Норвегид өмнө нь тархсан боловч ийн талаар болжээ. Улстөрч Т.Ягланд хороог тэргүүлэх хугацаанд тус байгууллага хэд хэдэн маргаантай шийдвэр гаргаж, олны шүүмжлэлд өртөж байв. Тухайлбал, 2010 онд Хятадын шоронд хоригдож байсан тэрс үзэлт Ли Шиаобод шагнал олгохоор болсон нь Бээжингийн эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн бол Европын холбоо, Б.Обамад шагнал олгосон нь тухайн үедээ зөв, буруу эсэх талаар маргаан өдөөх төдий өнгөрсөн. Тэрс үзэлтэнд нь шагнал олгосны дараа Хятадын тал Норвегийн хулд загас чанарын шаардлага хангадаггүй гэсэн шалтгаар худалдан авахаа больж, тус улсын иргэдийн хувьд транзитаар зорчиж буй тохиолдолд мөрдөж байсан 72 цагийн визийн хөнгөлөлтийн журмаа цуцалсан. Дээр нь 2007 оноос хойш Хятадад албан ажлаа гүйцэтгэж байсан Норвегийн Элчин сайд дараагийн сайдад виз олгохгүй гэдгээс эмээж Хятадаас гарч явах аргагүй болжээ. Норвегийн тал Бээжингээс уучлалт гуйх талаар нууцаар хэлэлцсэн боловч 2013 онд тус улсын Ерөнхий сайд асан И.Столтенберг эсэргүүцсэн гэдэг. Харин Хятадын тал харилцаагаа хэвийн болгохын тулд Норвегийн талын байр суурь шийдвэрлэх үүрэгтэйг өгүүлдэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)