С.Зоригтбаатар: Засгийн газар нийгмийн даатгалын санд өртэйг хүлээн зөвшөөрсөн

“Шударга хүү” хөдөлгөөний тэргүүн С.Зоригтбаатартай Засгийн газар хийгээд нийгмийн даатгалын сангийн хооронд үүсээд байгаа асуудлаар ярилцлаа.

 

-Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх ёстой гэсэн асуудлыг танай хөдөлгөөн хөндөх боллоо. Энэ талаар тодруулах гэсэн юм?

 

-Монголбанкнаас санаачлан “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлт ба тэтгэврийн зээл” сэдвийн хүрээнд олон талт оролцогчдыг хамруулсан уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтаар талууд нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг хийж, үе шаттай мөнгөжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн гэсэн. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлж, урт хугацааны хуримтлалтай болох  цаг ирсэн. Мөнгөжүүлэх асуудлыг Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн түвшинд судалж байгаа болов уу. Нийгмийн даатгалын санг мөнгөтэй болгохын тулд Монгол Улсын Засгийн газар, УИХ энэхүү санд байх ёстой мөнгө болох ДНБ-ийн 25-30 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгөөр төсвийн цоорхойг нөхдөг гэдгийг эхний ээлжинд хүлээн зөвшөөрөх ёстой гэж би хэлж байсан. Тэгвэл Засгийн газар эхний алхмаа хийгээд эхэллээ гэж би хувьдаа дүгнэж байна.

 

-Хэрхэн хүлээн зөвшөөрсөн гэж. Та үүнийгээ тодруулна уу?

 

 -Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төр хариуцах иргэдийн тэтгэврийн санхүүжилт болох 236 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд байхгүй байсныг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Сангийн яам, Ажил олгогч эдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хамтарсан ажлын 2007 онд тогтоосон. Мөн 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан ч өнөөг хүртэл нэрийн дансыг мөнгөтэй болгоогүй. Энэ дансыг мөнгөтэй болгоход таван их наяд төгрөг шаардлагатай байгаа. Ийм хоёр төрлийн тооцоо Засгийн газар, нийгмийн даатгалын сангийн дунд байгаа” гэж хэлсэн байна билээ. Тэгэхээр Засгийн газар нийгмийн даатгалын санд өртэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Одоо харин мөнгөтэй болгох ажлыг эхлүүлэх ёстой гэж бодож байна. Ингэхдээ мэдээж, нэг дор  бүрэн мөнгөжүүлнэ гэдэг байж болохгүй асуудал. Тиймээс жил бүр бага багаар нийгмийн даатгалын санд төлөх ёстой өрөө Засгийн газар төлөх ёстой. Ингэснээр нийгмийн даатгалын сан мөнгөтэй болж, тэрхүү мөнгөнд зөв менежмент хийх боломж бүрдэх юм. Үүний дараа бүх төрлийн зээлийн хүү буурах бодит хөшүүрэг бүрдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Зөвхөн зээлийн хүү буураад зогсохгүй үндэсний хуримтлалын тогтолцоо бүрдэж, ажлаа байр ихээр шингээдэг бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлсний үндсэн дээр нийгмийн даатгалын сан алдагдалтай бус ашигтай ажиллах боломж бүрдэх юм.

 

-Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүү буурах боломжгүй гэж яриад байсан С.Эрдэнэ сайдын буруу болж таарах нь ээ?

 

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ч гэсэн нийгмийн даатгалын сангийн мөнгөнд зөв менежмент хийх ёстой гэж хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна билээ. Харин одоо үгээ үйлдэл болгох хэрэгтэй л гэж хэлмээр байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)