ХСҮТ-ийн төсвийг танасны горыг өвчтөнүүд амсч эхэлжээ

- ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН АППАРАТ АВЧ ЧАДАХГҮЙГЭЭС ХЭД ХЭДЭН ИРГЭН АМИА АЛДЖЭЭ - 
 

Эмнэлгийн хашаанд “Ээж ээ” гэж 16 орчим насны охин чангаар хашгиран, уйлж суух юм. Чухам юу болсныг асуухад “Хэрэв би мөнгөтэй байсан бол ээж минь өнөөдөр хорвоог орхихгүй байлаа. Хагалгаанд ч орж чадалгүй бурхан болчихлоо. ХСҮТ-ийн эмч нар чадах бүхнээрээ бидэнд тусалсан. Гэвч хагалгаа хийхэд шаардлагатай аппарат нь дэндүү үнэтэй байв. Би гурван сая төгрөгийг халааснаасаа гаргаж чадсангүй” гээд дуугаа хураачихав. Охиноос өөр олон зүйл асуухыг зориглосонгүй. Түүний ярьж буйгаар, ээж нь ходоодны хорт хавдрын өвчлөлөөр хорвоог орхисон бөгөөд хагалгаанд ороход гурван сая төгрөгийн үнэ бүхий “Ethicon”, “Аutosuture” гэх аппарат шаардлагатай болдог аж. Өмнөх жилүүдэд аппаратын үнийн тал хувийг эмнэлгээс, тодорхой хувийг өвчтөнгөөс гаргуулдаг байжээ. Гэтэл энэ оны эрүүл мэндийн байгууллагын төсвийг батлахдаа улс орны эдийн засгийн байдал муудсан гэх шалтгаар эмнэлгүүдийн төсвийг нэлээд танасан. ХСҮТ-ийн энэ жилийн төсвийг л гэхэд нэг тэрбумаар танажээ. Төсвийг их танасан учир хагалгаанд шаардлагатай аппаратыг худалдан авахад эмнэлгээс ямар ч тусламж үзүүлэх боломжгүй болжээ. Нэг үгээр хэлбэл тухайн аппаратыг худалдан авах зардал өвчтөний халааснаас 100 хувь гарах болж. Үүнээс шалтгаалж зарим өвчтөн хагалгаанд орж чадалгүй амь насаа алдаж байгаа нь дэндүү харамсалтай. Сүүлийн жилүүдэд хорт хавдраар хорвоог орхих хүний нас залуужиж, энэ төрлийн өвчлөл эрчимтэй нэмэгдэж, аюулын харанга дэлдэж байгааг мэргэжлийн эмч нар халаглан ярьсаар байна. Чухам юунаас хүмүүс хорт хавдраар өвчилж байгаа. Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Я.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. 
 

-Хорт хавдрын өвчлөлтэй хэчнээн хүн өнгөрсөн онд танай төвд хандсан бэ? 
 

-Өнгөрсөн жил 6000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Иргэд өөрийнхөө биеийг эрүүл байна уу гэдгийг мэдэхийн тулд урьдчилан сэргийлэх шинжилгээнд байнга орох зайлшгүй шаардлагатай. Гэтэл өвчин нь хүндрээд эмчлэгдэх боломжгүй болчихсон байхад эмнэлэгт ханддаг. Манай улсад сүүлийн хэдэн жил хорт хавдрын шинэ тохиолдол эрс нэмэгдсэн. Мөн өвчилж байгаа хүмүүсийн нас ч залуужиж байна. Элэг болон ходоодны хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд тэргүүлж байна. Төр, засгаас ч үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Хорт хавдрын өвчний 80 хувийг элэг, ходоод, улаан хоолой, хөхний, умайн хүзүүний хорт хавдар эзэлдэг. 
 

-ХСҮТ-ийн төсвийг нэг тэрбумаар танасан. Ингэснээр иргэдийн халааснаас эмийн болон бусад зардал гарах боллоо. Иргэд хорт хавдрын хагалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай “Ethicon”, “Аutosuture” аппаратыг гурван сая төгрөгөөр худалдаж авч байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 
 

-Хорт хавдрын зарим хагалгаанд ороход “Ethicon”, Аutosuture” гэх аппарат хэрэгтэй болдог. Дэлхий даяараа энэ аппаратын тусламжтайгаар хорт хавдрын хагалгааг амжилттай хийж байна. Нэг л удаа хэрэглэдэг. Гурван сая төгрөгийн үнэтэй. Би 1989 оноос хойш 27 жилийн турш ХСҮТ-д ажилласан. Энэ хугацаанд Засгийн газраас манай эмнэлэгт хангалттай төсөв нэг ч удаа баталж өгөөгүй. Хэдэн жилийн өмнө хагалгааны үед хэрэглэх оёдлын зориулалтын утас байдаггүй байв. “Нарантуул” худалдааны төв рүү сувилагчаа явуулж, оёдлын цагаан утас авчруулдаг байлаа. Авчирсан утсаа тасдаж, эрчлээд цэвэр спиртэд хоёр хонуулаад хагалгаандаа хэрэглэдэг байсан. Хагалгаанд хэрэглэх утсаа авч хүрэхгүй тийм л төсөв баталж өгдөг байв. Одоо ч хангалттай төсөв баталж өгөөгүй. Хоёр жилийн өмнө гурван сая төгрөгийн үнэтэй аппаратын тал хувийг эмнэлэг гаргадаг байсан. Талыг нь хагалгаанд орж байгаа хүний гэр бүлийнхнээс нь гаргуулдаг байсан юм. Энэ жилийн төсвийг нэг тэрбумаар танаснаар тус аппаратыг өвчтөнгөөс 100 хувь гаргуулах болчихоод байна. Ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон өвчтөн долоо хоног хоол иддэггүй. Судас тарианы тусламжтайгаар уургаар хооллодог. Гурван өдөр хэрэглэх уургын зардлыг манайхаас гаргаж, бусад өдрийн хэрэглээг тухайн өвчтөнгөөс гаргуулж байна. Эм, тарианы хангамж хүртэл эрс муудсан. Зун гэхэд хэцүүдэх байх даа. Эм, тарианы мөнгийг удахгүй өвчтөнгүүдээс л гаргуулах байх. 
 

-Иргэд хавдрын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ. Хоол хүнсээ тохируулахгүй идсэнээр хорт хавдар тусч байна гэх юм. Хорт хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байгаа нь эмгэнэлтэй юм? 
 

-Элэг, ходоод, улаан хоолой зэрэг нь хоол боловсруулах замын эрхтэн. Тэгэхээр хоолтой болон цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбоотой. Хорт хавдрын удамшлын өвчлөл ч байдаг. Хорт хавдрын өвчлөлийг хоёр бүлэгт хувааж үздэг. Хавдрын, хавдрын бус шалтгаантай гэдэг. Өвчин жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа нь зан үйлтэй холбоотой. Монголчууд өөх тостой, давстай хоол их иддэг. Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг. Хорт хавдраар өвчлөгсдийг насны байдлаар авч үзэхэд дийлэнх нь 50-иас дээш насныхан байдаг. Хавдрын өвчнийг оношлох, илрүүлэх, эмчлэх дэд хөтөлбөр гэж бий. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй олон ажил байгаа. 
 

-Аюулын харанга дэлдэж буй хорт хавдрын өвчнөөр 2013 онд л гэхэд 3654 хүн хорвоог орхисон байдаг. Өвчлөл их байхад хавдрын ганцхан эмнэлэг байгаа нь учир дутагдалтай биш үү? 
 

-Хорт хавдрын өвчлөл их байхад Монгол Улсын хэмжээнд ганцхан эмнэлэг байгаа нь харамсалтай бас эмгэнэлтэй. Учир нь, энэ эмнэлэгт хавдрын төвлөрөлт их байдаг. Ганцхан эмнэлэг байгаа юм чинь аргагүй л дээ. Олон мянга хүн хорт хавдраар өвчилж, нас барж байна. Хувийн эмнэлэгт хавдрын хагалгаанд орох гэхээр үнэ төлбөрийг нь дийлдэггүй. Хувийн эмнэлэгт хагалгаа хийлгэчихээд манайд ирдэг хүн зөндөө. Хагалгаа хийсэн болоод түр зуур аргацаагаад явуулдаг тохиолдол ч байгаа. Цус алдаж идээлээд, оёо нь урагдаж үрэвсээд хүндрээд ирдэг нь ч бий. Бид шуурхай тусламж үйлчилгээг чадах чинээгээрээ үзүүлээд явж байна. Төр, засаг зөв бодлого явуулдаг бол бүх эмнэлэгт хавдрын эмчилгээ хагалгаа хийх боломжтой шүү дээ. Манай эмнэлэг хэт ачаалалтай ажиллаж байна. Таван жилийн өмнө ХСҮТ-д ходоодны хорт хавдраар өвчилсөн 200 гаруй хүнд хагалгаа хийдэг байлаа. Гэтэл өнгөрсөн жилд л гэхэд 400 гаруй өвчтөнд хагалгаа хийсэн. Өдөр бүр эмч нар нэгээс дээш хагалгаа хийж байна. Цаана нь бас олон эрхтний хагалгааг хийдэг. 
 

- Хорт хавдрыг энергиэр эмчилдэг гэх юм. Энерги ашиглаж эмчилгээ хийнэ гэсэн хаяг энд тэндгүй харагдах болжээ. Ер нь энергиэр эмчилсэн тохиолдол байдаг уу? 
 

-Шинжилгээ хийлгээд хорт хавдартайг нь баталчихсан байхад иргэд эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэдэггүй. Тэр хүн сайн эмчилдэг гэхээр л тийшээ гүйгээд очно. Сүүлийн үед энергиэр эмчилдэг тухай ярих болсон. Эмчлүүлж байгаа гээд өвчнөө бүр хүндрүүлчихдэг. Тэгээд аргаа бараад эмнэлэгт эргээд хүрээд ирнэ. Ингэж ирсэн хүн зөндөө байна. Энергиэр эмчилдэг гэж худал ярьж, хүний эрүүл мэнд, сэтгэл санаагаар тоглодог хэдэн гэмт хэрэгтэнг би мэдэх ч нэрийг нь хэлмээргүй байна. Энергиэр эмчилж байна гээд өвчнийг нь бүр сэдрээгээд хаячихдаг. Үүнээс болж олон сайхан залуучууд амь насаа алдсан. Тэд өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Мөнгөнөөс болж хүний амь насыг үнэгүйдүүлж болохгүй шүү дээ. Нэг хүн надад ярьж байсан юм. Хэдэн жилийн өмнө энергиэр эмчилгээ хийнэ гэсэн хүн дээр ахтайгаа очиж уулзахад гэрт нь үзүүлэх гээд хэдэн хүн дугаарлаад суучихсан. Тэр хүмүүс нь үзүүлээд бие нь сайжирч байгаа гээд шагшин магтаж байсан. Тэгээд хоёр жилийн дараа очсон чинь нөгөө хүмүүс нь бас сууж байсан гэсэн. Ах дүүгээрээ нийлж, хүмүүсийн сэтгэл санаагаар тоглож байна. Бүлэглэж гэмт хэрэг хийгээд байгаа ч юм шиг. Дэлхий нийтээрээ шинжлэх ухааны зарчмаар л хорт хавдрыг эмчилж байгаа. Түүнээс биш энерги, бариа засал, зүү төөнүүр, туяа шарлагаар хавдрын өвчлөл эдгэрдэггүй юм гэдгийг иргэддээ анхааруулж хэлмээр байна. 
 

-Манай улсад хорт хавдрыг эдгээдэг ургамал бий гэдэг. Ямар ургамал байдаг юм бол? 
 

-Хүмүүс гишүүнэ гэдэг ургамлыг буцалгаж уухаар өвчин эдгэрнэ гэж ярьдаг юм билээ. Ер нь бол ургамал буцалгаж хэрэглэхэд буруудаад байх зүйлгүй. Хүний биеийн дархлааг сайжруулдаг. Түүнээс биш гишүүнэ гэх ургамлыг буцалгаж уугаад эдгэрлээ гэсэн яриаг сонсч байсангүй. 
 

-Хөдөө орон нутгийнхан хорт хавдраар өвчлөх нь их байдаг гэсэн. Бүсчилж үзвэл аль аймгийнхан түлхүү эмчлүүлдэг вэ? 
 

-Хорт хавдраар өвчилсөн иргэдийн дийлэнх нь орон нутгаас ирдэг. Увс, Ховд, Завхан, Баян- Өлгийн иргэд ихэвчлэн ирж, эмчилгээ хийлгэж, хагалгаанд ордог. Яагаад баруун аймгийн иргэд хорт хавдраар өвчлөөд байна вэ гэхээр хоол ундтай холбоотой. Учир нь, тэд хэт их давстай цай, хоол иддэг. Мөн хүйтэн, эрс тэс уур амьсгалтай байдаг. Давс ихтэй хоол идэх нь хоол боловсруулах эрхтэн буюу таван цулаа дотроос нь түлдэг. Я.Эрдэнэ-Очир эмч “Өвчин туссаныхаа дараа биш, өмнө нь эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх шинжилгээнд заавал хамрагдах хэрэгтэй шүү” гэсэн анхааруулгаар бидний ярилцлага өндөрлөсөн юм. Эмчийн өрөөний үүдэнд өвчтөнүүд урт дараалал үүсгэж, эмнэлэг ч хөл хөдөлгөөн ихтэй байв. Энд тэндгүй л хэсэг хэсгээрээ бөөгнөрөн зогсч, элдвийг ярилцах аж. Тэдний дийлэнх нь хэн нэгнийг хагалгаанд оруулахаар эсвэл эргэлтээр ирсэн нь илт. Бүгд л цай хоол, ууттай зүйлийг барьсан харагдах аж. Манай сурвалжлах багийнхныг ходоодны хорт хавдрын тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнтэй уулзах зөвшөөрлийг эмч өгөв. Эмнэлгийн дотоод журмын дагуу бид гадуур хувцсаа тайлж, цагаан өнгийн нөмрөг, улавч өмсөөд тус тасгийн зүг явав. Нэг тасагт дөрвөн өвчтөн хэвтдэг. Бүгдэд нь судас тариа хийсэн байв. Арга ч үгүй дээ. Хагалгаанд орсны дараа хоол идэх боломжгүй учир судас тариагаар дамжуулж уургаар хооллож байгаа нь энэ гэлээ. Ходоодны хагалгаанд ороод гурав хонож буй Х.Нараагаас биеийн байдал болоод аппаратыг худалдаж авахад хүндрэлтэй байв уу гэдгийг тодруулсан юм. Тэрбээр “ Биеийн байдал сайжирч байна. Гурван сая төгрөгийн аппарат худалдан авч хагалгаандаа орсон. Өвчиндөө шаналсан хүн их хэмжээний мөнгө гаргахад хүндрэлтэй шүү дээ. Хагалгаанд орохоосоо өмнө олон шинжилгээ хийлгэдэг. Аппарат тоног төхөөрөмж хангалттай байвал манай эмч нар бүх хагалгааг сайн хийдэг болсон. Эмнэлгийн үйлчилгээ ч сайн. Хорт хавдрын өвчлөл ихэсч байна. Зарим хүн аппарат авч чадахгүйгээс болж, амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгал гээд биднээс татвар аваад байдаг. Гурван сая төгрөгийн аппаратыг даатгалд оруулах хэрэгтэй” гэв. Аюулын харанга дэлдэж буй хорт хавдар хэмээх аймшигт өвчнийг солонгос кинон дээрээс л үздэг байсан. Гэтэл өнөөдөр таны, миний, та бидний эргэн тойронд байгаа хайртай дотнын хүмүүс хорт хавдар хэмээх өвчний өмнө хүчин мөхөсдөж, харамсалтайгаар хорвоогоос хальж байна. Сурвалжлага хийх явцад эмнэлгийн хонгилд хүмүүс уйлж, гуниглаж байхтай олон таарсан юм. Хорт хавдрын хагалгаанд зайлшгүй хэрэглэх гурван сая төгрөгийн аппаратыг худалдан авах чадвартай иргэд манай улсад гарын арван хуруунд багтахаар цөөхөн. “Өвчтөнгөөсөө тус аппаратыг худалдаад авчих гэж гуйхад үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ хагалгаанд ороод эрүүл болдог” гэж учирлах эмч нар байгаа нь сайхан 

 

С.ИЧИНХОРЛОО
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.70.34.244)

    2015-05-25

    Муу хулгайчуудыг бүгдийг нь ***** юмсан.3 сая төгрөггүйгээгээсээ болж ээжийгээ алдана гэдэг эмгэнэл.Хурдхан сонгууль болоосой.Маргааш нь Зайсан уруу дайрна

  • Монгол чөтгөр (202.70.36.150)

    2015-03-17

    Дэлхий дээр э/засаг хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард түмнээ хороодог улс байдаггүй л байхгүй юу. Ардчиллаар халхалсан хятадууд төрийн эрхэнд гарчихаад Монголчуудыг маань устгаад байгааг ард түмэн хэзээ ухаарах вэ Эртхэн ухаарч эдгээр хятадуудыг ирэх жил бүндийг нь унагааж хариуцлага тооцож хорих хэрэгтэй.