Ираны тэргүүн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд байхыг захив

Ираны шашны тэргүүн аятолла Али Хаменеи тус улсын цөмийн зэвсгийн аюул хэмээх домгийг АНУ бий болгосныг өнгөрсөн ням гаригт мэдэгджээ. Тэрбээр Зэвсэгт хүчний дээд удирдлагын олон зуун хүнд хандан үг хэлэхдээ, “Тэд цөмийн зэвсгийн тухай домог бүтээж, Иран бол аюул заналын эх үүсвэр гэж ойлгуулдаг. Харин АНУ ямар нэг хязгаарлалтгүйгээр бусдад халддагаараа өөрсдөө аюулын эх үүсвэр юм” гэжээ. Үүнээс гадна аятолла Али Хаменеи “Нөгөө тал ичгүүр сонжуургүйгээр зэвсгийн хүчээр биднийг тогтмол заналхийлж байна. Тэд ийн заналхийлээгүй байсан ч бид бэлэн байх ёстой” хэмээн Ираны зэвсэгт хүчнийг батлан хамгаалах үйлсэд бэлтгэхийг уриалсан байна. Өмнө нь АНУ-ын Зэвсэгт хүчний Нэгдсэн штабуудын удирдагч Мартин Демпси Ираны цөмийн байгууламжуудыг устгах зорилгоор цэргийн ажиллагаа явуулж болзошгүйг мэдэгдсэний дараа Ираны шашны тэргүүн дээрх мэдэгдлийг хийсэн аж. Ираны удирдлагууд тус улсын цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зорилготой гэдгийг байнга мэдэгддэг. Дэлхийн томоохон зургаан гүрний зуучлалтайгаар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийж буй хэлэлцээр энэ долоо хоногт Вена хотноо үргэлжлэх ба талууд ирэх зургадугаар сарын 30 гэхэд гэрээг эцсийн хувилбараар батлахаар төлөвлөжээ. Талууд Ираны цөмийн хөтөлбөрийн талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн боловч тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг хэдий хугацаанд цуцлах ёстой талаар санал зөрөлдөөнтэй байгаа юм. Талууд анхны тохиролцоонд хүрсний дараа аятолла Али Хаменеи гэрээг байгуулсан тохиолдолд тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг тэр даруйд нь цуцлах ёстой гэсэн байр сууриа энэ сарын эхээр илэрхийлсэн бол АНУ-ын тал уг шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)