Занарын олборлолт газар хөдлөлтийн тоог нэмэгдүүлжээ

АНУ-ын Геологийн судалгааны албанаас газрын тосны олборлолт газар хөдлөх үзэгдэлд хэрхэн нөлөөлж буй тухай анхны тайлангаа танилцуулжээ. Эрдэмтэд тус улсын найман мужид нийт 17 аюултай бүсийг тодорхойлж, уг газар нутагт газар хөдлөлтийн хүч Рихтерийн шаталбараар долоон магнитуд хүрч, ердийн барилга байшинг нурааж болзошгүйг өгүүлсэн байна. Занарын гаралтай газрын тос, шатдаг хий олборлохын тулд газрын гүнд идэмхий бодис бүхий их хэмжээний усыг өндөр даралтаар шахах нь чулуулгын давхаргууд дахь даралтыг нэмэгдүүлж, хагарал, цуурлыг улам нэмэгдүүлдэг. АНУ-ын төвийн бүс нутагт газрын багавтар чичирхийллийн тоо огцом нэмэгдсэн нь эрдэмтдийн анхааралд өртжээ. Энэ үзэгдэл занарын олборлолтыг нэмсэнтэй давхацсан байна. Занарын олборлолтоос үүссэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 5.6 балл хүрч, Оклахома мужийн Прагу хотноо хэдэн арван барилга нурсан түүхтэй. АНУ-ын Геологийн судалгааны албанаас эдгээр газар хөдлөлт муу усыг газрын гүнд шахдагтай холбоотой гэдгийг энэ сарын 21-ний өдөр хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс гадна тус байгууллага өмнө нь газар хөдлөлтийн эрсдэлийн зураглалыг 50 жилээр гаргадаг байсан бол шинэ зураглалыг нэг жилийн хугацаатайгаар гаргасан байна. Өнөө үед муу усны цооног өрөмдөх, газрын тосны олборлолттой холбоотой хууль дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг газар хөдлөлтөд нөлөөлөх хүчин зүйл хурдан өөрчлөгддөг болсноос зураглалыг ийн нэг жилээр гаргахад хүргэсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)