Балбад амь насаа алдсан хүний тоо 7000-д хүрлээ

Хятадын Дотоодын цэргийн анги нэгтгэлүүд Түвдийн өөртөө засах орон дахь байршлаа орхиж, Балбад тусламж үзүүлэхээр хил давжээ. Хятадын тал Балбын зүгээс гаргасан албан ёсны хүсэлтийг харгалзан гамшгийн үр дагаврыг арилгах зорилгоор тус нутагт хөл тавьсан тухай мэдээлсэн байна. Балбад газар хөдлөлтийн улмаас нурангин дор дарагдсан иргэдийг эрж хайх ажил үргэлжилсэн хэвээр боловч гашмшиг болсноос хойш бүтэн долоо хоног өнгөрч, хүмүүс амьд үлдсэн байх найдваргүй болсныг тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн юм. Амь үлдэгсдийг эрж хайх ажилд 20 гаруй орны аврагчид оролцож буй. Нурангин дор амьд үлдсэн хүмүүсийг илрүүлэхийн тулд тусгай сургуулилттай нохой болон дулаан мэдрэгч камер ашиглаж байгаа аж. Гэвч өнгөрсөн пүрэв гаригт нурангин дор 144 цаг болсон 15 настай хүүг аварснаас хойш амьд үлдсэн хүн илрүүлээгүй гэнэ. Балбын Дотоод хэргийн яамны мэдээллээс үзэхэд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болсон гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо 7040, бэртэж шархадсан хүний тоо 14000 давжээ. Мөн хөрш Хятад, Энэтхэгийн нутагт 100 гаруй хүн амь насаа алдсан байна. Балбын эрх баригчид гамшгийн улмаас амь насаа алсан хүний тоо 10000 давж болзошгүй хэмээн үзсэн байна. Үүнээс гадна сая гаруй байшин эвдэрч нурснаас гурван сая гаруй хүн орон гэргүй болжээ. Тэднийг хүнс, ундны ус, толгой хоргодох орон гэрээр хангах тулгамдсан асуудал үүсээд байгаа аж. Нийт 28 сая гаруй хүн амтай Балба улсад одоо гамшгийн үр дагаврыг арилгахад техник хэрэгсэл, хоол хүнсээс гадна дээд зэргийн зохион байгуулалт дутагдаж байгааг эх сурвалжууд өгүүлж буй юм. Тухайлбал, гаднаас илгээсэн тусламжийн зарим бараа бүтээгдэхүүн хил, гааль дээр саатаж буйгаас хэрэгцээтэй газраа хүрч чадахгүй байгааг олон улсын тусламжийн байгууллагынхан мэдээлсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)