Сүүлийн 10 жилд Иргэний Нисэхийн салбарт хийгдсэн томоохон ажлууд

 

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Монгол Улс ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр эдийн засгийн өсөлт түргэсэх, олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг дагаж машин, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний барааны импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, ачаа эргэлт эрс өсөх хандлагатай байгаа. Үүнийг дагаад тээврийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь стратегийн чухал ач холбогдол бүхий салбар бөгөөд цаашид эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болохын хувьд агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж, нийт 10 бүлэгтэй “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргасан юм.
 

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг Улсын Их Хурлаас батлахдаа “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” зэрэг өмнө нь батлагдан гарсан бодлогын бичиг баримт, хөтөлбөрүүдтэй уялдуулан гаргасан. ХБНГУ, Бельги, Голланд, Европын холбоо, АНУ, Канад, Австрали, Япон, БНСУ, Сингапур, ОХУ, БНХАУ, Сингапур зэрэг салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсуудын иргэний нисэхийн салбарын талаар судалгаа хийж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний олон улсын байгууллага (CANSO), Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) зэрэг салбарын хөгжилд нөлөө бүхий олон улсын байгууллага, холбоодоос гаргасан заавар, зөвлөмж, стандартыг ашигласан байна.
 

Энэхүү бодлогын баримт бичгийг 2016 он, 2020 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд баримт бичигт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэснээр манай улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа, томоохон хот суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээ бий болох, агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж, Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсч, агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрэх, гуравдагч ертөнцтэй шууд холбогдон Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжих, иргэний нисэхийн салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж тээврийн тариф буурах, агаарын тээврийн ложистик бүрэн хэмжээгээр хэрэгжих боломж бүрдэх, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх гээд олон давуу талууд бий болох юм. 
 

 

Шинэ нисэх буудал

 

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн “Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ болон Мицубиши-Чиёда түншлэл хооронд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-нд ИНЕГ-ын дарга С.Буяндалай, Японы Мицубиши корпорацийн Байгаль орчин, дэд бүтэц, бизнес хөгжлийн хэсгийн газрын дарга Мориваки нар тавдугаар сарын 10-нд гарын үсэг зурж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд барих Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажил гараанаас гарлаа.
 

Хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод хэсэг хугацаанд гацаад байсан Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих ажлыг түргэвчлэх үүднээс Шинэчлэлийн Засгийн газар холбогдох асуудлыг УИХ-д тавьж шийдвэрлүүлснээр энэхүү төсөл хэрэгжиж эхлэх ажил шуурхайлсан юм. Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ нисэх буудал барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Японы “Мицүбиши-Чиёда” компаниудын хамтарсан түншлэл шалгарч, нисэх буудлын цогцолборыг нийт 49,4 тэрбум иенийн өртгөөр гүйцэтгэхээр болсон юм. 
 

Шинэ нисэх буудлын цогцолбор нь жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжуудаас бүрдсэн иж бүрэн цогцолбор байх юм. Цаашдаа Зорчигч үйлчилгээний барилгыг 20 хүртэл хүзүүвчтэй болгон жилдээ 22 мянган агаарын хөлөг хүлээн авч, 12 сая хүртэл зорчигчид үйлчлүүлэх боломжтой өргөтгөлийг тооцсоноос гадна дахин нэмэлт зурвас барих зай талбайг төлөвлөсөн. Мөн төсөл хэрэгжиж 2016 онд шинэ нисэх буудал ашиглалтад орсноор 100 мянган хүн ам оршин суух дагуул хот шинээр үүсэн бий болж, “Богд хан” төмөр замын төсөлтэй уялдуулснаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулан их хот урд зүгтээ тэлэн хөгжих асуудал бодит ажил хэрэг болон олон мянган иргэд шинээр ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэнэ. 
 

Хөшигтийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын ажил өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд өнөө жилийн хийх ажлуудаа бүрэн гүйцэтгэж, ирэх жилийн төлөвлөгөөт ажлаасаа хийж эхлээд байгаа. Мөн онгоц хөөрч буух зурвасны далангийн газар шорооны ажлыг гүйцэтгэж, ирэх жил бетон хучилт хийх ажлын бэлтгэл хангах, Зорчигч үйлчилгээний барилга, Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, Гал унтраах, авран хамгаалах албаны барилгуудын суурь цутгах ажлыг гүйцэтгэх, ажилчдын байр, түр оффисын барилга барьж дуусгах, барилгын талбайн хамгаалалтын түр хашаа барих ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг нийт 43 сарын хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 


Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжсэнээр нислэг хөдөлгөөний аюулгүй ажиллагааны хангалт сайжирч, нислэгийн саатал үлэмж багасах төдийгүй нисэх буудлын хүчин чадал нэмэгдэж орчин үеийн том оврын агаарын хөлгүүдийг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэн, архитектурын орон зайн зөв шийдлээр баригдсан тав тухтай зорчигч үйлчилгээний барилга бүхий улам бүр өсөн нэмэгдэж байгаа зорчигчдын ая тухтай аялах нөхцлийг хангасан тохилог буудлаар гадаад дотоодын иргэдэд үйлчлэх болно. Ингэснээр иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг тогтворжуулж, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах төдийгүй бүс нутгийн хэмжээнд зорчигч үйлчилгээний болон ачаа тээврийн зангилаа буудлыг байгуулах үндсэн суурь болох юм. 
 

 

“МИАТ” ТӨХК - “Үндэсний агаарын тээвэрлэгч”

 

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг”-т “Монгол Улс нь үндэсний агаарын тээвэрлэгчтэй байна” гэж заасны дагуу “МИАТ” ТӨХК-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олголоо. Агаарын тээвэр өндөр хөгжсөн дэлхийн улс орнууд нь өөрсдийн үндэсний агаарын тээвэрлэгчийг төрөөс дэмжин бойжуулж дэлхийд гаргаж ирснээр агаарын тээврийн хөгжил нь эрчимжсэн байдаг. Сингапур улсын “Сингапур эйрлайнз” авиа компани гэхэд л бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч авиа компани болон хөгжсөн байна. 
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “МИАТ” ТӨХК-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгож, төрийн бодлогоор дэмжихээр шийдвэрлэсэн юм. Юуны өмнө тус компанийн парк шинэчлэлд анхаарал хандуулж, шийдвэрлэгдэж чадалгүй хүлээгдэж байсан шинэ онгоц авах хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж чадсанаар манай улс өөрийн хөрөнгөөр худалдан авч буй том оврын эхний онгоцоо 2013 оны тавдугаар сард хүлээн авсан юм. 
 

“МИАТ” ТӨХК-д өнгөрсөн онд 90 бүлэг 900 гаруй асуулгаар агаарын тээврийн үйлчилгээний зэрэглэл тогтоох аудит хийж, 2013 оны нэгдүгээр сард олон улсад “МИАТ” компани бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараараа агаарын тээврийн “3” одны болзол хангасан. Өнгөрсөн онд нийт нислэгийн тоо анх удаа 100 мянга давж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 1.1 саяд хүрсэн.


Өмнө нь агаарын хөлгийн шатахуунаа зөвхөн ОХУ-аас импортоор авдаг байсан МИАТ компанийн хараат байдлыг халахын тулд Зам тээврийн яам онгоцны шатахууны нийлүүлэлтийг олон эх үүсвэртэй болгохоор шийдвэрлэж, улмаар шатахууны хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээ авлаа. Ингэснээр “МИАТ” ТӨХК БНСУ-ын “SK” корпорацитай гэрээ байгуулж, МИАТ-ийн агаарын хөлгүүд солонгос бензинээр нислэг үйлдэж эхлэв. Энэ нь шатахууны хомсдолоос сэргийлэх, импортлогчдын дунд өрсөлдөөн бий болгохоос гадна үнийг тогтворжуулж, улмаар агаарын тээврийн компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой алхам болсон юм. 
 

Мөн 2013 оны Үндэсний их баяр наадмын өмнөхөн хуралдсан Засгийн газрын хуралдаанаас үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжиж, Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмчийн үйлдвэрийн газар гэх мэт төрийн бүх шатны байгууллагын ажилтнууд төсвийн болон байгууллагынхаа зардлаар гадаад улсад албан томилолтоор агаарын тээврийн компаниар зорчих тохиолдолд “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр зорчиж байхыг үүрэг болгосон. 
 

Монгол Улсын Засгийн газраас “МИАТ” ТӨХК-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгож, шинээр агаарын хөлөг худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тус компанийн үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжиж ажиллаж байгаагийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь энэ болсон юм. 
“МИАТ” ТӨХК цаашид найдвартай, чанартай, үр өгөөжтэй агаарын тээврийн үйлчилгээгээр Монголыг дэлхийтэй холбосон үндэсний тээвэрлэгч компани байх зорилт тавин ажиллаж байна. 
 

 

Шинэ агаарын хөлөг

 

“МИАТ” ТӨХК өөрийн эзэмшлийн орчин үеийн хүнд даацын шинэ агаарын хөлөгтөй болж, Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудас нээсэн 
 

 

“Боинг 767-300 ER”


агаарын хөлөг 2013 оны тавдугаар сарын 15-ны өдөр Буянт-Ухаад газардав.
Манай улсын анхны агаарын тээврийн байгууллага, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани хагас зуун жилийн түүхэндээ анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Боинг” үйлдвэрт захиалан хийлгэсэн хоёр агаарын хөлгийн эхнийх нь “Боинг” компанийн үйлдвэр байдаг АНУ-ын Сиэтл хотоос буулгүйгээр шууд 12 цаг нисч Улаанбаатарт ирсэн юм. 
 

2011 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёр жилийн дараа эхний онгоцоо хүлээн авсан нь энэ юм. “МИАТ” ТӨХК шинэ агаарын хөлгүүд худалдан авснаар үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг бүрэн хангаж, нислэгийн тоо, чиглэлээ нэмэгдүүлэх боломж бүрдэж буй. “Боинг 767-300 ER” онгоц нь орчин үеийн техник, технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангасны зэрэгцээ зорчигчдын ая тухтай байдалд анхаарч хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд ч зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан олон давуу талтай. Бизнес ангиллын 25, энгийн 195 суудалтай ба бизнес ангиллын суудал нь 160 градус хүртэл налдаг, суудал бүрийн урд байрлах дэлгэцээр монгол, гадаад кино, телевизийн хөтөлбөрүүдээс сонгон үзэх, дэлхийн хөгжмийн алдартай цомгуудыг сонсох боломжтой. Мөн нислэгийн үед USB болон цахилгааны залгуур ашиглан нөүтбүүк, гар утас цэнэглэх боломжоор хангагдсан байна. 
 

 

Нислэгийн шинэ чиглэл

 

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтан хэрэгжиж буй агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг болох Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх ажлын хүрээнд одоогийн байдлаар гурван шинэ чиглэл нээгээд байна.
 

Эхний ээлжинд 2013 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн БНХАУ-ын Шанхай хотруу “Хүннү эйр” компани шууд нислэг хийж эхлэв. Өмнөд хөршийн тэргүүлэгч хөгжилтэй тус хотыг алба, амины хэргээр зорьсон гадаад, дотоодын зорчигчдод энэхүү шууд нислэг нь цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн чухал чиглэл болсон юм. Дараагийн ээлжинд манай улсын иргэдийн худалдаа арилжааны гол бүс болсон БНХАУ-ын Эрээн хотруу “МИАТ” компани 7 хоногт гурван удаа буюу даваа, лхагва, бямба гаригуудад нислэг үйлдэж эхлэв. Судалгаагаар жилд давхардсан тоогоор 2,2 сая монголчууд Эрээнд зорчдог ба шууд нислэг хийх болсон нь иргэдэд цаг хугацаа хэмнэх ач холбогдолтойн зэрэгцээ хүнсний бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх үр дүнтэй юм. 
Дараа нь “Хүннү Эйр” компани зургаадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гарагт Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хот руу тогтмол аяллын нислэг үйлдэж эхэллээ. Сүүлийн үед Монгол Улсын иргэд аялал жуулчлал, алба амины ажил болон эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор тус улсад ихээр аялах болсон. Тайланд Улс нь Зүүн Өмнөд Азийн орнуудаас орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ оношлогоо бүхий эмнэлэг, чадварлаг эмч нараараа алдартай бөгөөд үнэ төлбөрийн хувьд харьцангуй хямд байдаг нь манай улсын иргэдийн хувьд тийш зорих тохиромжтой газар болоод байгаа. Тиймээс хоёр орны харилцааны цоо шинэ гүүр болон зурайх энэхүү шууд нислэг зөвхөн илааршихийг хүссэн иргэд төдийгүй хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаанд түүхэн мөрөө үлдээн зурайх нь тодорхой.
 

Иргэний агаарын тээврийн хөгжлийн шинэ шатандаа хөл тавьсан манай улс цаашид Ази, Европ, Хойд Америк руу агаарын тээврийн шинэ зах зээлийн хөгжил бий болгох зорилт тавьж буй. 
 

Энэ ондоо Германы Франкфурт хот руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй бол ирэх онд Лондон, Стамбул, Сингапур, Сидней хотууд, 2016 оноос Лос-Анжелес, Нью-Йорк хотууд руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаж байна. 
 


 

Нислэгийн хөдөлгөөн удирдлагын үйлчилгээнд томоохон шинэчлэл хийгдлээ

 

Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хоорондын тууш зайчлал 90 км байсныг багасган 30 км-ийн зайчлалд шилжүүллээ.
 

ИНЕГ-аас нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд бодит ажиглалтын удирдлагыг 2012 оны 08 дугаар сараас нэвтрүүлсэн нь нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх, агаарын зайн багтаамж, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ажил болсон. Түүний дараагийн алхам болох агаарын хөлөг хоорондын зайчлалыг багасгах энэ удаагийн ажил нь нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм.
 

Нислэгийн хөдөлгөөний удирдлагад энэхүү шинэчлэл хийгдсэнээр хөрш орнуудын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглагдаж байсан зайчлалын зөрүүтэй байдлаас үүдэн Монгол Улсын хил дээр агаарын тээвэрлэгчдэд үүсэх хүндрэл арилж, нислэгийн удирдагчийн ажлын ачаалал буурна. Мөн Монгол Улсын агаарын зайд агаарын хөлгүүд ашигтай цаг, ашигтай өндрөөр нислэг үйлдэх боломжтой болж, нэгж хугацаанд нэвтрэн өнгөрүүлэх чадамжаас шалтгаалсан агаарын хөлгүүдийн давхцал багасна. Түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийн дагуу агаарын тээвэрлэгчдэд олон улсын шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо нэмэгдэх таатай боломж бүрдэж байгаа юм. 
 

 

Нислэгийн хөдөлгөөний удирдлага шинэ загварт шилжив

 

Монгол Улсын дээд агаарын зайн замуудыг шинэчлэн тогтоож, нислэгийн хөдөлгөөний шинэ загварт шилжүүлэх ажил амжилттай хэрэгжиж дууслаа.
 

Иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг олон улсын стандарт шаардлагад нийцүүлж нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа. Үүний нэг болох Монгол Улсын дээд агаарын зайн агаарын зам, секторуудын хариуцлагын бүс, давтамжыг шинэчлэх, нислэгийн хөдөлгөөн удирдлагад ашиглагдах стрипийн аргачлалын өөрчлөлтүүдийг Монгол Улсын Зам Тээврийн Сайдын болон ИНЕГ-ын даргын тушаалын дагуу 11 дүгээр сарын 14-ний өдөр орон нутгийн цагаар 08.00 цагт нэвтрүүлсэн байна. 
 

Монгол Улсын дээд агаарын зайн нислэгийн хөдөлгөөний удирдлагад бодит ажиглалтын системийг 2012 оны наймдугаар сарын 23-ны өдөр ашиглаж эхэлснээс хойш нэг жилийн дараа дахин 2 ажиглалтын систем суурилагдсан юм. Ингэснээр Монгол Улсын дээд агаарын зайн 75 хувь, нийт нислэгийн 94 хувь, өнгөрөлтийн нислэгийн ачаалал бүхий агаарын замуудыг бодит ажиглалтын систем ашиглан харж удирдах боломж бүрдэж, хамрах зайг нэмэгдэж байгаагийн сацуу өмнөх ажиглалтын системийн найдвартай ажиллагаа тодорхой хувиар өсөж байгаа нь нислэгийн аюулгүй байдлын түвшин төдий хэмжээгээр нэмэгдэх боломжтой болж байгаа ажээ. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд бодит ажиглалтын систем нэвтрүүлж бүрхэлт сайжруулснаар хөрш зэргэлдээ улсуудын нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдтэй харилцан ажиллагаа, удирдлага шилжүүлэх, цаашлаад автомат системүүдийн тусламжтайгаар хоршин ажиллах боломжтой болно. Бодит ажиглалтын радиолокаторыг нэмж суурилуулснаар нислэгийн хөдөлгөөний ачаалал харилцан жигд хуваарилагдаж түүнээс улбаалан нислэгийн удирдагчийн ажлын ачаалал, агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх чадамж тэр хэмжээгээр дээшлэх таатай нөхцөл бүрдэж байна.
 

Монгол Улсын дээд агаарын зайд бодит ажиглалтын систем радиолокаторын бүрхэлтийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд нэвтрүүлснээс гадна бас нэгэн том өөрчлөлт бол нислэгийн хөдөлгөөн удирдлагын стрип аргачлалыг өөрчилсөн явдал юм. Стрип нь нислэгийн хөдөлгөөн удирдлагад шаардлагатай мэдээллийг агуулсан зурвас хэлбэр бүхий стандарт хэмжээтэй цаас байдаг ба процедур нислэгийн хөдөлгөөн удирдлага-сонсож удирдахад хамгийн гол ашиглагддаг нислэгийн хөдөлгөөний шилжилт хөдөлгөөн, төсөөллийг нислэгийн удирдагчид үзүүлэх үүрэгтэй. Өнөөг хүртэл ашиглагдаж ирсэн статик/процедур удирдлага/ стрип нь илтгэх цэг тус бүр дээр нэг стриптэй ба нислэгийн агаарын замын дагуу олон стрип байсан бол шинээр динамик /бодит ажиглалтын удирдлага/ стрипт шилжсэнээр нэг нислэгт нэг стрип ашиглах юм. Ингэснээр нислэгийн удирдагчид бодит ажиглалтын дэлгэц дээр ажиллах хугацааг ихэсгэх, нислэгийн аюулгүй ажиллагаанд тавигдах хяналтыг улам бүр сайжруулахад том дэвшил гарч байгаа юм.
 

 

Хиймэл дагуулын холбооны газрын станц

 

Хиймэл дагуулын холбооны газрын станцын шинэчлэлт ажлыг 2007 онд амжилттай хийж гүйцэтгэв. Тус ажлын хүрээнд АНУ-ын нийт 16 хиймэл дагуулын холбооны газрын станцыг Монгол Улсын төв ба орон нутгын нисэх буудлууд болон алслагсдан сайтад суурилуулсны үр дүнд өмнө нь ашиглалтанд байсан 27 станцыг дэмжин хоршиж ажиллах чадвартай болсон бөгөөд цаашид өргөтгөн ажлуулах боломжтой нэгдсэн хиймэл дагуулын холбооны системтэй болсон юм. Өнөөдрийн байдлаар нийт 21 хиймэл дагуулын холбооны газрын станцыг Иргэний нисэхийн салбарт ашиглаж байна. 
 

 

Нислэгийн дуун холболтын систем /GAREX-220/

 

Иргэний нисэхийн нислэгийн удирдагчдын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Ангил Улсын PAE Garex 220 VCCS дуун холболтын иж бүрэн системийг амжилттай суурилуулан 2008 онд ашиглалтад оруулсан. Тус систем нь хэт богино долгионы станцаас ирж байгаа Voice-ыг сансрын холбооны станц болон optic шугамаар дамжуулан дуун холболт хийдэг, нислэгийн удирдагчийн ажлын байр болох төгсгөлийн төхөөрөмж юм. Одоогоор GAREX 220 систем нь 22 position terminal, 28 radio сувгийн давтамж, 12 АТС-ын дугаар, 4 шууд гадны утсыг дэмжин ажиллаж байна.
 

 

Агаар-газрын хэт богино долгионы станцын шинэчлэлт

 

Монгол Улс дээгүүр өнгөрч байгаа өнгөрөлтийн нислэгийн нисгэгчийн яриаг Нислэг Удирдлагын Төвийн нислэгийн удирдагчидтай холбоо барихад ашиглах зориулалт бүхий АНУ-ын 5000М маркийн нийт 13 ширхэг агаар газрын хэт богино долгионы станцуудыг Монгол Улсын хэмжээнд төв болон орон нутгийн нисэх буудлууд, алслагдсан сайтуудад суурилууллаа. 2007-2009 онд тус станцуудыг Англи Улсын PAE Т6 станцаар шинэчлэн солих ажлыг хийж, нийт 18 алсын удирдлагатай станцуудыг ашиглалтад оруулав. Уг шинэчлэлтийг хийснээр холбооны хэсгийн системүүд хоорондоо бүрэн зохицож бүх алсын удирдлагад холбогдоогүй remote site-уудыг холбох боломжтой болсон юм. 
 

 

Зорчигчдод үйлчлэх талбайг өргөтгөж, хурд сайтай ачаа дамжуулагч ашиглалтад оруулав

 

“Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигч үйлчлүүлэгчдэд учирч буй хүндрэлийг багасгахын тулд ирэх зорчигчдод үйлчлэх талбайгаа өргөтгөлөө. 
Манай улсын агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо жил бүр 25-30 хувь тогтмол өсч байгаа. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын танхимуудын ачаалал ихээр нэмэгдэн, зорчигчдод үйлчлэх талбай хүрэлцэхгүйн улмаас үйлчлүүлэгчид бөөгнөрөх, бухимдал үүсэх зэрэг хүндрэл гардаг. Иймээс нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлах олон улс, орон нутгийн чиглэлээс ирэх зорчигчдод үйлчлэх талбайгаа нэгтгэн өргөтгөсөн байна. 


Мөн ИНЕГ-ын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын олон улсын ирэгчдийн танхимд өмнөхөөсөө хоёр дахин хурдтай ачаа тээшний шинэ дамжуулагчийг ашиглалтад орууллаа. Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн “Glidepath” компанийн “Pallet Loop(27)” маркийн энэхүү ачаа тээшний дамжуулагч нь 40 метр болон 60 метр гэсэн тусдаа бие даан ажиллах боломжтой хоёр хэсгээс бүрдэх бөгөөд өмнө нь ашиглагдаж байсан ачаа тээшний дамжуулагчаас даруй 50 метрээр урт. Мөн ачаа тээш дамжуулах хурд хоёр дахин нэмэгдэж, зорчигчдын тээшийг хүлээлгэдэг хүндрэлийг багасгах, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх чухал ач холбогдолтой юм. Тус буудалд олон улсын чиглэлээс 2 болон түүнээс дээш нислэг давхцан буух үед зорчигчид тээшээ авахдаа 55 минутаас нэг цаг 30 минут хүлээх тохиолдол гардаг байсан бол ийнхүү өргөтгөж хоёр танхимын туузан дамжуургыг зэрэг ашиглах болсноор тээшээ 30-40 минтутын хугацаанд хүлээн авах боломжтой болсон юм.
 

 

ADS-B системийг амжилттай суурилууллаа



Испани улсын “Индра” компаниас Иргэний нисэхийн ерөнхий газарт нийлүүлсэн ажиглалтын таван ширхэг ADS-B системийн шалгалт, хэмжилт, суурилуулалтын ажлыг батлагдсан хуваарийн дагуу амжилттай суурилуулж дууслаа. 
 

Эдгээр таван ширхэг ADS-B системийг Богд уулан дахь хэт богино долгионы радио холбооны төв дээр суурилуулан, талбар дээрх хүлээн авах ажлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Техник хангалт, үйлчилгээний албаны инженер, техникийн ажилтнууд, системийн үйлдвэрлэгч Испани улсын “INDRA SISTEMAS, S.A.” компанийн мэргэжилтнүүдтэй хамтран хийж гүйцэтгэсэн байна. 
Цаашид ажиглалтын шинэ технологи бүхий ADS-B станцуудыг Сайншанд (Дорноговь аймаг), Хэнгэрэгтэй (Хөвсгөл аймаг), Булган (Булган аймаг), Улаанбаатар (ХБДолгионы радио холбооны төв), Баруун-Урт (Сүхбаатар аймаг)-д нэмж байрлуулах юм. Ингэснээр, томоохон агаарын замуудыг багтаасан, Монгол Улсын агаарын зайн 70 орчим хувийг дээрх системийн тусламжтайгаар ажиглах боломжтой болох бөгөөд одоогоор ашиглагдаж буй хоёрдогч радиолокаторуудыг дэмжиж ажиллах ажиглалтын системийн шинэ сүлжээтэй болно. 
 

 

Бодит ажилтны радиолокатор


 

Иргэд нислэгийн мэдээллийг мессежээр авч эхлэв

 



Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдэж байгаа тогтмол нислэгийн мэдээллүүдийг иргэд гар утсаа ашиглан мессежээр хүлээж авах боломжтой боллоо.
 

Манай улсын эдийн засаг өсч, гадаад, дотоод харилцаа, аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тоо ихэсч байгаатай холбогдон зорчигчид болон угтан авагч, үдэн гаргагчид гээд нисэхийн салбараар үйлчлүүлж буй нийт хэрэглэгчдэд нислэгийн хамгийн бодитой, найдвартай мэдээллийг цаг тухайд нь боломжит хэлбэрээр хүргэх шаардлага гарч байгаа юм. 
 

Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс ИНЕГ-ын захиалгаар хэрэглэгчдэд гар утас, iPad, компьютер зэрэг орчин үеийн электрон хэрэгслүүдийг ашиглан SMS мессеж, ухаалаг утасны апликэйшн, вэбсайтын тусламжтайгаар үнэн зөв, түргэн шуурхай /real time/-гаар хүргэх программ боловсруулаад байгаа юм. Эхний ээлжинд иргэд гар утасныхаа мессежээр нислэгийн мэдээллийг хүлээж авах үйлчилгээг туршилтаар ажиллуулж эхэлсэн ба ирэх оны нэгдүгээр сарын 01 гэхэд бүрэн ашиглалтад оруулж, бусад электрон хэлбэрүүдийг ашиглан мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх ажээ. 
 

Эдгээр үйлчилгээг нэвтрүүлснээр агаарын навигацийн үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг бууруулж, нислэгийн мэдээллээр хангах үйл ажиллагаанд гардаг хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа багасч, хэрэглэгчид хүссэн мэдээллээ саадгүй хүлээн авч сэтгэл ханамж дээшлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. 
 

 

Агаарын хөлгийг эрэх хайх, авран туслах ажилд өмнөд хөрштэй хамтарна

 

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Тэнгисийн олон улсын байгууллага нь дэлхий нийтийг хамарсан эрэн хайх, авран туслах тогтолцоог бий болгох үүднээс энэ талын бодлогыг сүүлийн жилүүдэд идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Ялангуяа олон улсын иргэний нисэхийн тухай конвенциудад энэ талын асуудлыг тодорхой тусгаж, хил залгаа орнуудыг эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, эрхзүйн орчныг бүрдүүлэхийг уриалах болсон. 

Манай улсын хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүдийг 2006, 2008 онуудад байгуулсан. 
 

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
 

Өмнөд хөрштэй энэхүү хэлэлцээрийг байгуулсан нь хоёр улсын хооронд агаарын харилцаа улам өргөжиж, нислэгийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа, мөн улсын хилийн нийт уртын 57 хувиар холбогддог, нийт зургаан агаарын хаалгатай манай орны хувьд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлогыг бодитоор хэрэгжүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ зохих түвшинд биелүүлж байгаагийн тод илрэл болохын сацуу бусад оронд үлгэрлэсэн чухал ач холбогдолтой эрх зүйн баримт бичиг болсон. 
 

Мөн Монгол Улсын агаарын зайг ашиглан нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчдийн зүгээс ч манай орны иргэний нисэхийн салбарт үзүүлэх итгэл нэмэгдэн, нислэгийн тоогоо олшруулах боломжтой болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо.
 

Хэлэлцээр байгуулснаар хоёр тал хилийн залгаа нутаг дэвсгэр, агаарын зайд аюулд нэрвэгдсэн, аюул тулгарсан агаарын хөлөгт үндэсний харьяалал, нийгмийн байдал, илрүүлсэн нөхцөл байдлыг үл харгалзан богино хугацаанд тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалттай болж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, зөвлөмжийг нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх юм.
 

 

Иргэний нисэхийн салбарын баримт бичгүүд үндэсний стандарттай боллоо

 

Стандартчилал, хэмжил зүйн газраас иргэний нисэхийн салбарт ашиглагдаж байгаа нэр томьёоны стандартыг баталлаа.
 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2013 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/233 тоот тушаалаар Иргэний нисэхийн холбогдолтой олон улсын стандарт, иргэний нисэхийн багц дүрмүүдэд судалгаа, шүүлт хийж үндэсний стандарт/MNS/ бий болгох талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн боловсруулсан Иргэний нисэхийн салбарт ашиглагдаж байгаа нэр томьёоны стандартын төслийг тус газраас баталж, иргэний нисэхийн салбарын баримт бичгүүд үндэсний стандарттай болсон байна. 
 

 

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)