Нисэх хүчний 90 жилийн ойд таван орны төлөөлөгч оролцоно

 

Монгол Улсын иргэний нисэхийн салбарынхан түүхт 90 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр ИНЕГ, ЗТЯ-наас томилогдсон ой зохион байгуулах комиссоос мэдээлэл өгсөн юм.

 

Нисэх хүчин үүсэн байгуулагдсан 90 жилийн ойн өдөр ирэх даваа гаригт буюу энэ сарын 25-нд тохиох бөгөөд баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох Япон, ОХУ, БНХАУ, Турк, Герман зэрэг улсын төлөөлөгчдийн зарим нь эхнээсээ иржээ. Мөн олон улсын иргэний нисэх байгууллага, олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооныхон хүрэлцэн ирэх аж. Ойн арга хэмжээний талаар ИНЕГ-ын орлогч дарга Г.Мөнгөнхуяг “Түүхт ойгоо угтсан арга хэмжээ энэ сарын 15-наас эхлээд үргэлжилж байна. Нисэхийн салбарыг гадаад ертөнцөд гарах гол гарц төдийгүй үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл гэж үзэж агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэхээр УИХ-аас “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан.

 

Иргэний нисэхийн салбар уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбартай уялдан ачаа, зорчигч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг дагаад агаарын тээвэрлэгч компаниуд агаарын хөлгийн паркийн хүчин чадлаа нэмэгдүүлж, орон нутаг, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулсаар байна” гэв. Ойн хүрээнд зохиогдож байгаа ажлуудаас өнөөдөр спортын тэмцээний хаалт болох бол маргааш баярын хурал, тэргүүний ажилчдад шагнал гардуулах ёслол болно. Харин ням гаригт нисэх хүчний ойд зориулсан аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болох аж.

 

Ойгоо угтаж ИНЕГ-ын 22 харьяа алба байгууллагын агентлагийн 125 болон үйлдвэрлэл үйлчилгээний 1932 ажилчинтай, нийт 2057 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улс эгнээндээ 191 орныг нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагад 1989 онд гишүүнээр элссэн бөгөөд тус байгууллагаас хамгийн сүүлд хийсэн “Нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ”-ний шалгалтад амжилт үзүүлж дэлхийд эхний 15-д багтсан бол Ази Номхон далайн бүсийн орнууд дунд тавдугаар байрт оржээ.

 

Манай улсын иргэний нисэхийн салбар нь дэлхийн 35 оронтой Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээртэй юм. Өнгөрсөн оны байдлаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас манай улсад 13 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд гадаадын дөрөв, дотоодын гурван авиакомпани агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж, олон улсын 17, орон нутгийн 12 чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)