Элэгний C вирусийн эсрэг эмийг даатгалд хамруулах асуудлаар ҮАБЗ-д хандана

 

Элэгний C вирусийн эсрэг “Харвони” эмийг манай улс импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн энэ сарын хурлаар хэлэлцэж улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор ЭМСЯ-наас өнгөрөгч баасан гаригт мэдээлэл хийсэн юм. АНУ- ын “Гилеад Сайенсес” компани дэлхийн зах зээлд 94 мянган ам.доллараар нийлүүлдэг элэгний C вирусийн эсрэг эмийг манай улсад 99 хувийн хөнгөллөлттэйгөөр нийлүүлэх боломжтойг мэдэгджээ. Ингэснээр манай иргэд гурван сарын курс эмчилгээний эмийн зардалд 900 гаруй орчим ам.доллар зарцуулах юм. Өнөөдрийн ханшаар тооцвол нэг курс эмчилгээний эмийг сая 700 гаруй мянган төгрөгөөр авахаар байна. Гэвч манай улсад энэ хэмжээний мөнгөөр эмээ аваад уучих хүн тоотой. 


Тиймээс Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж тус эмийг даатгалд хамруулах болон элэгний С вирусийн өвчлөлтэй хүмүүсийн тухай нарийн судалгааг танилцуулахаар төлөвлөжээ. Мөн хөнгөлөлттэй худалдаалдаг эмийн жагсаалтад оруулахаар ярьж байгаа гэдгийг онцоллоо. “Харвони” эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэсэн ч яг хэзээнээс худалдаалж эхлэх нь тодорхойгүй байгаа аж. Учир нь, ирэх сарын 10-нд тус эмийг үйлдвэрлэгч АНУ-ын “Гилеад Сайенсес” компанийн Ази, номхон далай хариуцсан захирал Монголд ирж ЭМСЯ-тай хамтран ажиллах албан ёсны хэлэлцээр хийж, гэрээ байгуулах юм. Ингэснээр тус эмийн үнийг тогтоож албан ёсоор танилцуулах бөгөөд хэзээнээс худалдаж эхлэх нь ч тодорхой болох юм байна. Энэ үед элэгний C вирусийг нарийн оношлуулж вирустэй нь тогтоогдсон өвчтөн тус эмийг эмчийн жорын дагуу бүх эмийн сангаас худалдан авах боломжтой болох аж. Монгол Улсад элэгний C вирустэй 200 гаруй мянган хүн байгаагаас 50 гаруй мянгад нь хугацаа алдалгүй жорын дагуу ууж хэрэглэх бөгөөд вирусийн эсрэг бусад эмтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй гэдгээрээ давуу талтай юм. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас цөөн асуултад хариулт авлаа 
 

-Элэгний C вирусийн эмийг эмчилгээнд нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбоотой эмчилгээний заавар гарсан талаар тодруулна уу?
 

 -Элэгний C вирусийн эмчилгээг явуулахад олон талын хүчин зүйл нөлөөлдөг онцлогтой. Харвони эмийг эмийн сангаас дуртай хүн нь аваад хэрэглээгээрээ уучих эм биш. Энэ эмийг уухын хажуугаар нарийн заавар журмыг гаргах ёстой. Өмнө нь тус өвчний эмчилгээний заавар, журам огт байгаагүй. Харин манай нарийн мэргэжлийн эмч нар богино хугацаанд хариуцлагатай ажилласны дүнд заавар журамтай боллоо. Үүний дагуу төрөлжсөн томоохон эмнэлгүүд, бүсийн оношилгооны төвүүдэд элэгний C вирусийг оношлох, вирус тоолох ажлыг хийнэ. Мөн эмчилгээ эхлэхээс өмнө, эмчилгээний явцад вирусийг тоолох хяналтын ажлыг байнга хийнэ. Эмчилгээг явуулж байх хугацаанд эмийг тогтсон заавар, журмын дагуу өвчтөн хэрэглэх ёстой. Өвчтөнөөс өөрөөс нь шалтгаалах эрсдэл их гардаг. Гэхдээ нарийн мэргэжлийн эмч нар энэ асуудалд үр дүнтэй эмчилгээ, үйлчилгээ явуулах бүрэн бололцоо бүрдсэн. 
 

-Эмийг Эрүүл мэндийн даатгалд хамруулан хөнгөвчлөх боломжтой юу? 
 

-Бид олон улсын буюу АНУ-ын зах зээлд гурван сарын курс эмчилгээнд шаарддаг 90 гаруй мянган ам.долларыг манай улсад 99 орчим хувийн хямдралтайгаар эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэх урьдчилсан тохиролцоо хийсэн. Эрүүл мэндийн даатгалд хамруулах талд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж, элэгний С вирусийн өвчлөлтэй хүмүүсийн тухай нарийн судалгааг танилцуулахаар төлөвлөсөн. Хэрэв төрийн зүгээс даатгалд хамруулах гэдэг юм уу төр ямар нэг байдлаар эмийн тодорхой төсвийг хариуцах нөхцөл үүсвэл бид дээрх байгууллагатай дээр дурдсан хувиас ч илүү эмийн үнийг доош нь бууруулан оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. 
 

-Эмийг хэрэглэгчдэд хэзээнээс хүргэх вэ. Урьдчилсан төлөвлөгөө гарсан уу? 
 

-Энэ оны гуравдугаар улиралд багтааж оруулж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр дөрөвдүгээр улирлын эхээр эмчилгээ, үйлчилгээг хийж эхэлнэ гэж ойлгож болно. 
 

-Тавдугаар сарын 31-нээс эмнэлгүүдийн эмийн төсөв хүндэрнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ? 
 

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан бид шат дараатай арга хэмжээг авч байна. Тухайлбал, хамгийн ихээр тулгамдсан асуудал болоод байсан дархлаа дарангуйлах эмийн төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдсэн. Тодруулбал, 1.5 тэрбум төгрөг гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн хүний зайлшгүй уух шаардлагатай дархлаа дарангуйлах эмийн жилийн хэрэгцээг хангасан гэж хэлж болно. Мөн бусад эмнэлэг эмийн нөөцгүй болсноос нэлээд өрөнд орсон. Гэхдээ нийт 20 орчим тэрбум төгрөгийг энэ онд шийдэх тооцоо судалгааг зохих газруудад хүргүүлсэн. Долдугаар сарын 1-нээс өмнө төсвийн тодотголыг зайлшгүй хийнэ гэж үзэж байна. 
 

-Асуудлыг шийдвэрлэх хүртэл эмнэлгүүдийн эмийн нөөц дуусч, хүнд байдалд орох юм биш үү? 
 

-Хэрэгцээтэй эмийн нөөцтэй эмнэлгүүд бий. Зарим эмнэлгийн хувьд эмийг зээлээр авч байна. Тиймээс тавдугаар сарын 31-н гэхэд бүх эмнэлэг эмгүй зогсоно гэдэг ойлголт байхгүй. 
 

 

М.ЭНХЦЭЦЭГ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hahha (203.194.118.22)

    2015-05-26

    shaaj ugch bnaa ene arhichin gar