Т.Ганзориг: Монгол бөх ёс бус зүйлээс ангид байх нь чухал

Түвдэннямын Ганзориг. Хөхморьт нутгийн энэ хүн Говь-Алтай аймгийн бөхийн холбооны тэргүүнээр найман жил ажиллажээ. Алтайн бөхчүүд монгол наадмын дэвжээнд аадрын ус шиг шаагин орж ирэх үест Т.Ганзориг аймгийнхаа бөхийн холбоог тэргүүлж байсан юм. 

 

-Говь-Алтай аймгийн бөхийн холбооны тэргүүнээр чамгүй удаан хугацаанд ажиллалаа. Таныг энэ албанд байх үед Алтай нутгаас улсын цолтон олноороо төрөн гарч төрийн наадмын хүчтэй өрсөлдөгч гэж зүй ёсоор нэрлэгдэх боллоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?  

 

- Говь-Алтай аймгийн бөхийн холбооны тэргүүн гэдэг олон нийтийн байгууллагын удирдах ажлыг хамгийн анх хийсэн хүн бол Хишигхүү багш маань юм. Хоёр дахь тэргүүн нь би. Одоогоос есөн жилийн өмнө Хишигхүү дарга маань санаачилга гаргаж зохион байгуулж, тухайн үеийн бөх сонирхогчид, бөхийн төлөөлөгчид хуралдаж зохих хүмүүсийн нэр дэвшиж, миний бие аймгийн бөхийн холбооны тэргүүн гэдэг эрхэм хүндтэй ажлыг хүлээн авсан.

 

Энэ хугацаанд монгол улсын гарьд цолтон хоёр, улсын заан нэг, улсын харцага нэг, улсын начин арав гаруй, олон тооны аймгийн цолтон зүлэг ногоон дэвжээнээс мэндэлсэн. Алтай нутгийн бөхчүүд алдаршин мандсан нь ганц миний үйл хэрэг биш юм. Удирдаж байсан багийн хамт олон, Алтайн бөхчүүд, орон нутгийн төр захиргааны байгууллага, нутгийн зөвлөлийн оролцоо олон түмний сэтгэлийн хүндлэл нийлэн тохироо нь бүрдэж ийм өндөр амжилт үзүүлсэн болов уу.

 

Намайг холбооны тэргүүн болохоос нэг жилийн өмнө Хантайшир дэвжээг улсын заан Р.Давааням маань санаачлан байгуулж, Б.Пүрвээ начин анхлан бөхчүүдээ дасгалжуулж, У.Пүрэв заан маань зөвлөхөөр ажиллаж, Ч.Амартүвшин заан нарын хүмүүсийн хүч оролцоотойгоор үүсэн бүрэлдсэн. Алтайн бөхчүүдийг анхлан зохион байгуулалтад оруулсан энэ үйл явц дөчин мянгатад байрны подвальд анх гараагаа эхэлсэн юм ш дээ. Удалгүй бөхөд элэгтэй хүмүүс энэ дэвжээг хүлээж авч, бойжуулж авч явсан. Энэхүү үйл хэрэгт нутгийн бөхөд элэгтэй бизнесмэнүүд онц хувь нэмрээ оруулсан. Ялангуяа  Жадамбаагийн Энхбаяр тэргүүнд талархах хэрэгтэй. Одоо энэ дэвжээний ерөнхий дасгалжуулагчаар улсын начин Д.Бадрах ажиллаж, улсын начин С.Эрхэмбаяр ч мөн Алтайн хэсэг залууг удирдан бэлтгэл сургуулилт хийлгүүлж байна.

 

Энэ цаг мөчид Хантайшир дэвжээний эзнээр бөхөд элэгтэй дүү Хадбаасангийн Бат-Эрдэнэ маань сонгогдож байна. Цаашид ихийг хийж бүтээн дал шахам жил Алтай нутгаас маань тодроогүй төрийн наадмын түрүү бөх төрөх байх гэж найдаж байгаа.

 

Монгол түмэн үндэсний спортоо эрчүүдийн цог золбоо хийморь гэж үздэг. Иймээс үндэсний спорт гэдэг бол тухайн байгууллагыг гал голомтыг ямар хамт олон удирдаж байгаагаас хамаардаг. Говь-Алтай бөхчүүдийн ид хүчтэй өрнөлийн үед олон нийтийн байгууллагыг нь удирдаж байснаараа би азтай. Олон сайхан залуу зэрэг тодорч, улсын өндөр дээд хэргэм цолыг авсан явдал бол хаа хаанаасаа сэтгэлийн тохироо бүрдэж, уул Алтай нь түшсэн мэт санагддаг. Сутай хайрханаас тахиснаа хойш манай нутгийн бөх нь хүчтэй, морь нь хурдан байна.

 

-Өнгөрсөн жил таныг эзгүйд хуралдуулж холбооны тэргүүнээс буулгасан?.

 

- Манай аймгийн төр захиргааны шинэ албан тушаалтнууд хэлтэс агентлагийн ажлаас илүүтэй олон нийтийн ажил руу орж эхэлсэн. Үүний нэг давалгаанд л намайг өнгөрсөн хавар Улаанбаатарт ажилтай явж байх үед аймгийн бөхийн холбооны тэргүүнийг цөөхөн хүн хуралдуулан сонгосон байсан. Манай бөхийн холбооны нарийн бичгийн дарга над руу тухайн үед ярьсан л даа. Нэгэнт цуглараад хуралдаж байгаа бол яах вэ, шийдвэрээ гарга гэдэг санааг би хэлсэн. Аймгийн удирдлага энэ асуудалд гар дүрэн оролцож, өөрийнхөө нэрийг дэвшүүлж, орлогч дарга нь сонгогдсон юм билээ. Хурал хийгээд тэргүүнээ шинээр сонгохыг би үгүйсгэхгүй. Албан тушаал гэдэг бол мөнхийн юм биш. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Авах өдөр байхад өгөх өдөр байдаг нь жам. Өөрөө барилдаж явсан, бөхийг ойлгох хүн тэргүүнээр сонгогдсонд би хүндэтгэлтэй ханддаг. Нэг нутагт ажиллаж амьдарч бөхийн төлөө зүтгэж яваа найзын хувьд хүлээн зөвшөөрнө. Харин авч байгаа арга зам нь буруу юм. Үндэсний бөхийн холбооны ажил байтал жудаг ёс талаасаа ямар байдаг юм бол доо. Цаашид ингэж булааж авдаг жишиг тогтох вий. Уламжлалт үндэсний спорт ялангуяа бөхийн спорт улс төрөөс ангид байх ёстой. Хүн дээр тулгуурладаг, монголчуудын сэтгэлгээний таашаалын өв уламжилж ирсэн олон зууны түүхтэй эд шүү дээ.

 

-Ер нь аймгийн бөхийн холбооны тэргүүнийг сольдог ямар журам байдаг вэ?

 

- Өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрмэнд их эе хуралдсаны дараа бага эе хуралдана гэж заасан. Бага эе гэдэг маань аймгийн бөхийн хурал шүү дээ. Их эе хуралдаагүй байгаа.

 

- Тамга нь одоо болтол тань дээр байгаа гэсэн сураг байх юм?

 

- Үндэсний бөхийн холбооны тамга над дээр байгаа. Надаас ирж аваагүй л байна. Тамгаа өг гэдэг асуудлыг зарим нэг хүн хэлүүлдэг юм. Тамгыг нартай зөв өдөр шинэ тэргүүлэгчдэд гардуулж өгнөө. Хамгийн гол нь бид эв эеийг хичээж бөхийн гал голомтод яваа хүмүүс бусдад зөв үлгэр үзүүлж байх хэрэгтэй. Шинэ сонгогдсон хүмүүсийг ч бас нөгөө талаас нь зөвөөр ойлгож яваа гэж итгэдэг.

 

- Өнгөрсөн жилийн танай аймгийн баяр наадмын наадмын шинэ цол бүгд хүчингүй болоод байгаа. Энэ талаар?

 

- 2014 оны Говь-Алтай аймгийн баяр наадам 512 бөх барилдуулсан. Энэ нь өөрөө баяр наадмын тухай хуулийн аймгийн баяр наадамд дээд тал нь 256 бөх барилдана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Үндэсний бөхийн холбооны удирдлагууд энэ наадмын өмнө хэлж ярьж сануулсан байдаг юм. Миний бие ч наадмын комиссын улсуудад хэлж байсан. Үүнийг үл тоож шинэ удирдлагууд салбар комистоо үүрэг өгч 512 бөх барилдуулах шийдвэр гаргасан. Харамсалтай нь бөх нь тоондоо хүрээгүй. Үүнийг Алтайн наадамчид, бөхчүүд, бөхийн багийнхан хэлдэг. 280 гаруй бөх барилдсан гэж. Олон бөх барилдах нь нэг талдаа наадмыг өргөн дэлгэр хийж, хэн нэгэнд таалагдах гэж байгаа боловч барилдаж байгаа бөхчүүддээ маш хортой. Хууль зөрчөөд барилдуулж байгаа учир шинээр хүртсэн бүх цол хүчингүй. Ид ирэн дээрээ яваа, улс аймгийн цол горилж яваа бөхчүүдийн аз хийморь, бүтэн жилийн бэлтгэл, эдийн засаг сэтгэл санаа, цаашлаад энэ насны зорилгын нэгээхэн хэсгийг хохироож байгаа юм. Үүнийг тооцохгүй байгаа нь харамсалтай. Шинээр улсын цол авсан бөхийн асуудал ч ээдрээтэй болчихлоо. Бөхийн спорт гэдэг чинь их нандин эмзэг, сэтгэлгээний шүтэлцээтэй тул уул Алтай нь харж л байдаг байх даа. Бөхийн спортын удирдлагууд, бөхчүүд нь хууль эрхзүйн орчноо судалж цаг үеэ мэдэрч байх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрөл, ашиг сонирхолоор наадмыг зохион байгуулбал эцэст нь ийм хохиролтой. 

 

- Монгол бөхийн хөгжил гэж яг юуг хэлдэг юм бэ?

 

- Монгол ёс суртахуун, бие сэтгэлээрээ үлгэрлэн үлдээж байгаа эр хүний жудаг намба орон зай монгол бөхөд хадгалагдаж ирсэн гэж үздэг. Өнөөдөр барилдах бөхийн тоо олширч, барилдаан олон болж, хүмүүсийн оролцоо өндөрсч хөгжил бол явж байгаа. Гэхдээ монгол бөхийн  гайхамшигтай уран гоё гараа дэвээ, хурдан шаламгай барилдаан, нүд баясгаж сэтгэл догдлуулсан торгон мөч цөөрөөд байнаа. Барилдаж байгаа бөхчүүд маань хөдөлгөөний удаашрал, цаг хугацааг хүлээсэн байдал руу шилжиж байгаа нь харамсалтай.

 

-Ингэхээр дүрмээ л ярих болчихоод байгаа?

 

- Тийм. Бөхийн зүтгэлтнүүд, бөхчүүд маань хайж шийдээд байгаа гаргалгаа л энэ шүү дээ. Цаашдаа илүү төгөлдөр зүйлийг тодорхой цаг хугацааны дараа гаргах л байх. Өнөөгийн дүрмэндээ дасан зохицоод л явж байна.

 

-Жудаг чанарын талаар?

 

- Би бага дунд сургуулийн хүүхэд байх үеэсээ л радио сонсч цол гуншинг тогтоож бөхөд дурласан. Улсын аварга, арслан заануудтай танилцаж ярилцаж, үг яриаг нь сонсч нөхөрлөж явлаа. Цол эрэмбээ хүндэтгэх, ах настнаа дээдлэх гэдэг зүйл хадгалагдаж ирсэн нь үндэсний маань бөх. Жудаг ёсны урд үеийн бөхчүүдээс ирсэн залгамж чанарыг нандигнан авч явах нь бөхчүүдээс өөрсдөөс нь шалтгаалах үүрэг хариуцлага болчихоод байгаа юм. Зарим бөх наадмын талбайд гараад янз бүрийн үйлдэл гараад байгаа нь нууц биш. Үүнд ард түмэн ч нэлээд эгдүүцэж байдаг. Тахимаа өгөхгүй үзэгчдийн суудал руу явчихаж байгаа бөх ч мэр сэр харагдах боллоо. Бөх хүн бол хамгийн сүүлд дуугардаг, хамгийн их хүлээц тэвчээрийн нийлбэр байх ёстой. Ёс жудгаа баримталж яваа бөх хүний дараагийн цол ч ойрхон байдаг. Нутаг ус байгууллага, дэвжээгээрээ талцаад байгааг үзэгчид тийм ч таатай хүлээн авдаггүй. Бөхийг цэвэр сайхан байлгах асуудал бөхчүүд өөрсдөөс нь маш их хамааралтай юм. 

 

- Допинг сүүлийн жилүүдэд нэлээд ноцтой яригдах боллоо?

 

-Өнөөдөр юм бүхэн чөлөөтэй нээлттэй болж байна. Бид их спортдоо үүнийг хориглочихсон байдаг. Үндэсний спорт нь хурдацтай өөрчлөлтөд ороод ирэхээр бөхчүүдийн өрсөлдөөний дунд биеэ хөгжүүлэх, бяр чадал тэнхээ нэмэгдүүлэх, дүрмийн дагуу жингээ нэмэх асуудал цуг өрнөсөн. Энэ нь өнөөдөр хүчрэгдэж захирагдахгүй хэмжээнд хүрчихээд байна. Нэг талаас бөхийнхөө спортын төлөө юугаар ч сольшгүй айхтар их сэтгэл зориг боловч нөгөө л уран гоё барилдаан, цаг хугацаатай өрсөх гэдэг асуудалтай харшилдаж байгаа юм. Хамгийн аюултай нь эрүүл мэндийн асуудал дээр ирээдүйд тун тааламжгүй хариу гарах магадлалтай. Бөхчүүдийн жин урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж, огцом өөрчлөгдөж, зан авир, биед янз бүрийн өөрчлөлт гарч байгааг бөхчүүд ч үзэгчид ч ярьж байгаа. Үүнд хэн нэгнийг буруутгах аргагүй юм. Харин гамшиг үр дагавар нь монголчуудын гол залгамж чанар болсон эрчүүдийн маань ген удмын санд заналхийлж байна гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хууль эрхзүй, ёс суртахууны хүрээнд ойлголцож бодлогын хэмжээнд ярих ёстой.

 

Бөхчүүдийн эрүүл мэнд, хурд саарч байгаад санаа зовж л байдаг юм. Бодлого хариуцсан яам, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн спорт холбоод хамтарч ярилцах цаг болсон. Дэлхийн томоохон мэргэжлийн спортууд бол үүнийг хүлээн зөвшөөрөөд зохицсон байдаг. Харин манайх шиг сумандаа, аймагтаа, улсад нэгэн зэрэг хэдэн мянган бөх барилддаг, маш олон хүнийг хамардаг спортын хувьд хэр зохистой вэ гэдэг асуудал яригдана. Энэ бүхэнд яриа таниулга сурталчилгаанаас илүүтэй хувь хүний ухамсар мэдэх асуудал болж байгаа юм.  

 

-Аймгуудын наадам бөхөө хаалттай хийх боллоо. Энэ зөв юмуу буруу юмуу. Сүүлдээ морь руугаа халдаж эхлэх шиг боллоо?

 

- Үүнийг бол би дотроо эсэргүүцдэг хүн. Монголд дов жалганы үзэл л хэтэрхий их байснаас улсын хөгжил тухайн аймаг сумын хөгжил явахгүй байна. Морь бөх нь хаана ч наадсан үндсэн хуулинд заасан заалтынхаа дагуу чөлөөтэй байх ёстой. Зөвхөн өөрийн аймгийн бөхчүүдийг барилдуулаад цол өгчих ахархан бодолтой, дараа нь улсын наадамд дэмжчих, харалган бодол сүүлийн үед ажиглагдаж байна. Энэ бол буруу. Ширүүн өрсөлдөөний дунд уран мэх ухаан зарцуулсан нь цолоо аваад цааш явах нь монгол түмний язгуур эрх ашигт нийцнэ.

 

-Найрааны талаар?

 

-Нутгаас тодрох цаашид нүүр улайлгахааргүй барилдах залуугаа ахмад бөх нь дэмждэг ёс монгол бөхийн түүхэнд байсан. Одоо ч бас энэ уламжлал байгаа. Харин зарим үед том цолтнууд аймгийн наадамд олноороо очоод цаг хугацаа нь арай болоогүй залуусыг дэмжих зүйл харагддаг. Дараа нь энэ цолтон цолныхоо хэмжээнд барилдах уу гэдэг нь тун эргэлзээтэй. Би аймгийнхаа наадмын ерөнхий хөлийн цэцээр найман жил суусан хүн. Ажиглаж байхад арслан цол бол өндөр босготой, дуртай аавын хүү аймгийн наадамд түрүүлэхгүй. Арслангаас дотогш авч байгаа зарим нэг цолтон заал танхимын барилдаанд ам давах уу  гэдэг асуудал хүнд байна. Үүнийг харж л суудаг юм.  Нэг талаасаа цол авч байгаад нь баярладаг боловч хэмжээндээ барилдаж чадахгүй байгаад нь харамсдаг. Цолондоо эзэн болж чадах эсэх нь тухайн хүний байгалиас заяасан чадвар чадамж, бололцооноосоо л хамаарах юм.

 

-МҮБХ-ны талаар янз янзын л яриа байх юм. Солъё өөрчильё гэсэн бодолтон ч байх л юм, хэвээр нь байлгая гэдэг хүмүүс ч байгаа. Олон жил хамтарч ажилласан таны бодол?

 

-Аливаа зүйлийг гаднаас хараад ярьж дүгнэх маш хүнд. Би хоёр их эед сууж, найман жил гал тогоонд нь явсан хүний хувьд холбоог тухайн үед санаачлаад өдий зэрэгтэй төгөлдөржүүлээд авч яваа өнөөдрийн удирдлагуудыг буруушаах юм байхгүй. Гаднаас нь  харахад бөхийн өргөө гэдэг барилга дотор ямба эдлээд сууж байдаг юм шиг боддог. Бөхчүүдийг барилдах хүсэл эрмэлзлэлтэй болгох, салбар холбоод, сум орны оролцоо гээд үндэсний спортын хүрээг томруулах, зах зээлийн үед төр засгийн бодлоготой зохицуулан яаж авч явах уу гээд их ажлыг хийсээн. Надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэх байх. Цаашид ийм том өрх айлыг хэн нэгэн дүрэм журам хууль ёсныхоо дагуу аваад шинэчлэгдээд л явах байх. Цаг хугацаа нь ирэхээр дүрэм номынхоо дагуу дараагийн хүн авахад манай бөхийн холбооны удирдлагууд татгалзах цааргалах юм байхгүй байх. Гол нь хууль ёсны дагуу, жудаг чанарын дагуу л хийх ёстой байх.

 

- Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?

 

- Бөх бол миний сэтгэл зүрхэнд хадагдсан зүйл учир бөх, бөхийн зүтгэлтнүүдтэйгээ хамт өтлөх насаа хүртэл үзэж, дэмжиж явнаа. Аймгийнхаа шинэ  бөхийн холбоо, монголын үндэсний бөхийн холбоог хэн ч удирддаг байлаа зөв зүйтэй ажил үйлсийг нь дэмжээд л явах болно. Монголчуудын сэтгэлийн чимэг энэ төгөлдөр зүйлийг бүгд л үзэж сэтгэлийн цэнгэл эдлэдэг. Үүнийг сайхан цэвэр тунгалаг байлгаж, хүн чанар жудаг ёсны асуудлыг өндөрт тавьж цаашид хөгжих ёстой. Монгол бөх ёс бус зүйлээс ангид байх нь чухал.  Гоё сайхан байлгах нь бөхийн хүрээний сэтгэл зүрх цагаа заваа зориулж яваа бүх хүнээс хамаарна. Бөх, бөхийн зүтгэлтэн, үзэгч бүгд үүнд хамаатай. Монгол бөхийн гал голомт өнө мөнхөд мандан бадрах болтугай.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)