Нисэх хүчин 90 нас хүрлээ

 

Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсч хөгжсөний 90 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдрөөс 90 жилийн өмнө консулын дэнжид Ю-13 онгоц газардаж, монголчуудыг агаарын хөлөгтэй танилцуулсанаар Монголд Иргэний нисэх хүчин үүсч хөгжих үндсийг тавьсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. 
 

Ингэж үндэс суурь нь тавигдсан  ИНЕГ эдүгээ  22 харьяа алба байгууллагын агентлагийн 125 болон үйлдвэрлэл үйлчилгээний 1932 ажиллагсадтай, нийт 2057 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж  байна. Манай улс эгнээндээ 191 орныг нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагад 1989 онд гишүүнээр элссэн бөгөөд  тус байгууллагаас хамгийн сүүлд хийсэн “Нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ”-ний шалгалтад амжилт үзүүлж дэлхийд эхний 15-д багтсан бол Ази Номхон далайн бүсийн орнууд дундаа  тавдугаар байрт оржээ. Манай улсын иргэний нисэхийн салбар  дэлхийн 35 оронтой Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээртэй юм. Өнгөрсөн оны байдлаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас манай улсад 13 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд гадаадын дөрөв, дотоодын гурван авиакомпани агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж, олон улсын 17, орон нутгийн 12 чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байгаа аж. 
 

Энэ мэт ололт амжилттайгаар  ИНЕГ 90 насныхаа төрсөн өдрийн ойгоо  угтлаа. Ойн хүрээнд тус газрын хамт олон  Нисэхийн түүхийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, урлаг, спортын тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан  бүтээлч арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Харин өнгөрөгч бямба гарагт иргэний агаарын тээврийн салбарынхан баярын хурлаа хийж, өнгөрсөн хугацаанд идэвхи санаачилгатай ажиллаж, гавьяа байгуулсан эрхмүүдээ шагнаж урамшууллаа. 
 

 

Шагналын хур буув

 

 

 

Нисэх хүчин үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурлын нээлт ИНЕГ-ын гадаа  талбайд зохион байгуулагдлаа.  Манай сурвалжлах хэсэг баярын хурлын нээлтийг зорин явж байхдаа иргэний нисэх хүчний сүлд тэмдгийг малгай дээрээ залж, хар костьюмаар гангарсан эрхэмтэй тааралдаж, танилцсан юм. Энэ хүн бол Иргэний нисэхийн ахмад, дэд хурандаа Б.Лайлан. Тэрбээр, нисэх салбарт 30 гаруй жил ажиллаж, 1990 онд гавьяаныхаа амралтад суужээ. Тэрбээр, “Буянт Ухаа нисэх онгоцны буудлыг суурийг нь тавихаас эхлээд сүндэрлэн босч ашиглалтад орох хүртэл ах нь ашиглалтын захиргааны даргаар ажиллаж байлаа. Нисэх буудлыг ашиглалтад оруулсандаа буурал ах нь их онгирдог юм. Би нисэхийн сүлд тэмдгийг зохиосон юм шүү дээ. 
 

Дарга солигдох тоолонд өөрчлөгддөг ч, шинэ дарга маань миний хүсэлтийг хүлээн авч, миний загвараар сүлд тэмдгээ хийсэн юм. Хүн хичээж зүтгэвэл болдог л юм байна. Тэр харав уу. Тэнд миний зохиосон сүлд харагдаж байна” гээд л хуучилсан юм. Үнэхээр ч ИНЕГ-ын орох хаалганы дэргэд Б.Лайлан гуайн зохиосон сүлд тэмдгийг залсан байлаа. Энэ мэт хийсэн бүтээсэн зүйлтэй ахмад буурлууд, эдүгээ нисэх хүчний цайг чанаж буй үе үеийн залгамж халаа болсон мэргэжилтэн ажилтнууд баярын хуралдаа оролцохоор хүрэлцэн иржээ. Баярын хурлын нээлтийн арга хэмжээнд ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэг, ИНЕГ-ын орлогч дарга Г.Мөнгөнхуяг, Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан  нарын албаны зочид төлөөлөгчид, үе үеийн ахмадууд, мэргэжилтэнүүд  оролцлоо.  Баярын хурлыг нээж Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан, ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнбилэг нар үг хэлсэн юм. 
 

Х.Ержан сайд энэ үеэр хэлсэн үгэндээ “Иргэний нисэхийн салбарыг Монгол Улсын тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон байгаа. Өнгөрсөн жилүүдэд Иргэний нисэхийн салбарт нэлээд том ахиц гарсан” гэж онцлон тэмдэглэсэн бөгөөд үргэлжлүүлэн  “Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөн 90 жилийн ойгоо Иргэний нисэхийнхэн томоохон амжилтуудаар угтаж байна гэж хэлж болно. Нэгдүгээрт, иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулсан, хоёрдугаарт, шинэ агаарын хөлөгтэй болсон. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил нэлээд ахицтай байна. 
 

Дээр нь онгоц хоорондын зайчлалыг багасгасан зэрэг дурьдаад байвал маш олон амжилт энэ салбарт гарсан. Ер нь бол олон улсын нисэх хүчний байгууллагуудын дүгнэлтээр манай улсын иргэний нисэхийн салбар дээгүүрт бичигддэг юм билээ. Нисэхийн аюулгүй байдлын хангах болон бусад үйл ажиллагаагаараа манайх Азидаа эхний аравт багтдаг. Энэ мэт амжилттайгаар ойгоо угтаж байна”  хэмээлээ. Улмаар үүний дараа Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам, ИНЕГ-аас  салбартаа манлайлж, идэвхи зүтгэл гаргасан 700-аад хүнийг  хүндэт тэмдэг, ойн одон медалиар шагнаж урамшуулсан юм. 
 

 

Гадаадын төлөөлөгчид баярын хуралд оролцлоо

 

Нисэх хүчний баярын хурлын нээлтийн ажиллагаа ИНЕГ-ын гадаад талбайд болсоны дараа  Соёлын төв өргөөнд үргэлжлэв. Баярын хуралд дотоодын нисэх хүчний хөгжлийн түүхийн хуудсыг бичилцсэн үе үеийн эрхмүүд хүрэлцэн ирснээс гадна, гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид оролцож, иргэний нисэхийн 90 жилийн түүхэн замнал, өнөөгийн байдал, хөгжлийн бодлого зэрэг олон сэдвээр илтгэл тавьж, санал солилцлоо. 
 

Хүндэтгэлийн арга хэмжээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн төвийн захирал Арун Мишра, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны Хойд азийн төвийн дарга Баожин Зан төлөөлөгчдийн хамт, ОХУ-ын Холбооны агаарын тээврийн агентлагийн дарга А.В.Нерадко мөн  Япон улсын төлөөлөгчид оролцсон юм. Хурлын үеэр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн төвийн захирал Арун Мишра “Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнөөс та бүхэнд Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны баярын мэнд хүргэе. 
 

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд иргэний агаарын тээвэр чухал нөлөө үзүүлж байгаа гэсэн судалгаа байдгийг би сонсч байсан. Монгол Улс газар нутаг өргөн уудам, автомашинаар зорчиход бартаатай учраас нисэхийн салбар хөгжих бүрэн боломжтой. Шинэ нисэх буудал барьж байна гээд нисэхийн салбар хөгжиж байгаа нь харагдаж байна. Мөн энэ салбарыг  улам илүү хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  шаардлагатай.Эрхзүйн орчин ч хангалттай сайн байх ёстой” гэлээ. Нисэхийн салбарынхан зөвхөн баяраа тэмдэглэх биш асуудлаа ярих хэрэгтэйг энэ үеэр онцолсон юм. ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэг  “Иргэний нисэхийн салбарт нэлээд хэдэн зарчмын өөрчлөлтүүдийг хийж байна. 
 

Иргэний нисэхийн агентлагын  төрийн үйл ажиллагаа зохицуулалт,  аж ахуйн үйл ажиллагааг тусад нь болгож байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед орлогоо яаж нэмэгдүүлэхэв гэдэгт анхаарч зах зээлийн зарчимд нийцүүлэн  өөрчлөлтүүдийг хийж байна. Мөн  агаарын тээврийн транзит монгол болгох тал дээр анхаарч ажиллана” гэдгийг энэ үеэр онцоллоо. 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-07-29

    wh0cd920044 sildenafil generic cialis

  • (46.161.9.20)

    2017-06-14

    wh0cd1628252 Suhagra GENERIC PROPRANOLOL

  • KxNXfkhgOUenGMFbUW (46.161.9.31)

    2016-11-22

    4YAgfk qtqnwybvgohi, [url=http://axcfekjkuqbm.com/]axcfekjkuqbm[/url], [link=http://eovzlarvyefs.com/]eovzlarvyefs[/link], http://ujrvnrmnjwbj.com/