Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байхыг зөвлөлөө

 

Улаанбурхан өвчин газар авсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын яамнаас зөвлөмж гаргасан байна. Энэ талаар ЭМСЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэлээс тодруулга авлаа.

 

-Эрүүл мэнд, спортын яамнаас энэ өвчинтэй холбогдуулан зөвлөмж гаргасан гэсэн. Энэ талаар?

 

-Улаанбурханы дэгдэлттэй холбог-дуулан манай яамнаас удаа дараалан зөвлөмж гаргаж байгаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй болно. Үүнийг манай улс өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ удаа олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хүүхдийг олон нийтийн газраар аль болох авч явахгүй байх дархлаажуулалтад бүрэн хамруулах, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагчдын дунд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, оюутан сурагчдыг баар цэнгээний газраар явахгүй байх зөвлөмж өгч байна. Зөвлөмжийг ард иргэд хэрэгжүүлэх нь өвчний дэгдэлттэй энэ үед маш чухал.

 

-Улаанбурханаас сэргийлэх вакцинжуулалтаас гадна Эрүүл мэнд, спортын яам ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Маш олон төрлийн арга хэмжээ авч байна. Засгийн газраас нэмэгдэл хөрөнгө гаргах, ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг байгууллагууд ч энэ тал дээр анхаарал тавьж байгаа. Мөн бодлогын хэмжээнд төлөвлөгөө, тушаал, заавар, мэргэжлийн эмч нарт зориулсан сургалт, ард иргэдэд зориулсан зөвлөмж гаргадаг. Тэрний нэг хэсэг нь чиний асууж байгаа эх үрсийн баярын өдрөөр аль болох олон нийт, хүүхдүүдийг цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар зөвлөмж гаргасан.

 

-Зөвлөмжийн дагуу Эх үрсийн баярыг өргөн тэмдэглэхгүй гэсэн үг үү?

 

-ЭМСЯ-ны үүрэг бол хөл хорио тогтоох биш зөвлөмж өгдөг. Харин өвчилсөн хүнээ бол тусгаарлах, эмчлэх нь манай үүрэг. Мөн эрүүл байгаа хүмүүстээ зөвлөмж өгөх үүрэгтэй. Баяр тэмдэглэх, болиулах зэргийг тухайн орон нутгийн Засаг дарга шийддэг.

 

Э.ТӨВЧИМЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)