“АН-24” онгоцыг мөнхжүүлэн заллаа

 

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтах ажлын хүрээнд ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгийн санаачилгаар тухайн үеийн төр засгийн удирдлагуудад үйлчилж байсан БНМАУ-6807 дугаартай мөнгөн цагаан хөлгийг ИНЕГ-ын хашаанд тусгайлан зассан зогсоолд хүндэтгэлтэйгээр заллаа. 
 

Улс төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргын тухайн үедээ хөлөглөдөг байсан Монгол Улсын анхны “АН-24” онгоцыг хүндэтгэн залж, мөнхжүүлэх ёслол өчигдөр ИНЕГ-ын гадаа талбайд болсон юм.  Тус онгоцыг цагтаа Засгийн газрын онгоц,  Ю.Цэдэнбал даргын унаа хэмээн нэрлэж байжээ. 
 

Харин эдүгээ үр хойчдоо өнгөрсөн зууны түүхийн гэрч болон мөнхийн зогсоолдоо зогслоо. ЗХУ-ын тээврийн нисэх онгоцны нэрт зохион бүтээгч О.К.Антоновын удирдсан хамт олон 1959 онд нэгэн шинэ онгоцыг орон нутгийн болон дундын зайн нислэгт зориулан зохион бүтээсэн нь манай ард түмний дунд “мөнгөн цагаан хэмээн алдаршсан АН-24 онгоц байсан түүхтэй. 
 

Өнгөрсөн 20 дугаар зууны хоёр дугаар хагаст шинэ техник технологи нэвтрүүлж хийгдсэн энэхүү онгоц нь  экипажийн таван хүн жолоодож, 50-52 зорчигч тээвэрлэхээр бүтээгджээ. 
 

Монгол Улс нисэх хүчний 40 жилийн ойг угтаж, 1964 онд иргэний агаарын тээвэртээ орчин үеийн хийц загварын АН-24 онгоцыг ашиглах болсноор Монголын иргэний агаарын тээвэрт нэгэн шинэ ахиц дэвшил гарч байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. 
 

Монголын ард түмний халуун талархлыг хүртэж, хөх тэнгэрийн “Мөнгөн цагаан хөлөг” хэмээн алдаршсан АН-24 онгоц нь манай улсын зорчигч тээврийн үйлсэд хагас зууны туршид зүтгэсэн бөгөөд гүйцэтгэсэн үүргийг дурьдаж баршгүй билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.26.194.177)

    2015-05-26

    gaihaltai . uneheer ih uureg guitsetgej bsan shuu.