Монголын Агаарын тээврийн үүсэл хөгжил

 

1924 онд хуралдсан МАХН-н 3 их хурлаас ардын армийг нисэх онгоцтой болгохоор заасныг нийт ард түмнээрээ дэмжиж үлэмж хэмжээний хөрөнгө хуримтлуулжээ.

 

Улмаар засгийн газар ард түмний хүсэлтийг ЗХУ хүлээн авч 1925 оны 5-р сарын 25-нд “Ю-33” маркийн тээврийн 3-н нисэх онгоцыг Улаан-Үүдээс Улаанбаатарт нисгэн ирүүлжээ. Зөвлөлтийн алдарт нисгэгч Н.Лапин 1926 онд Баянтүмэний хошуу, дараа нь зүүн хязгаар хүртэл нисэж монголын анхны агаарын замыг нээжээ.

 

 

1927 оны эхээр нисэхийн сургуулийг нисгэгч, хянагч, моторчны 3 ангитайгаар байгуулснаас гадна 1930 оноос ЗХУ-н нисэхийн дунд сургуульд хүмүүс явуулан сургажээ.

 

1932 онд Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн, Н.Жамбаа нарын 10 нисгэгч төгсөж ирсэн байна. Тэд эх орныхоо агаарын шинэ шинэ замуудыг нээсэн нислэг хийсэн. Халх голын байлдаанд манай нисгэгчид ЗХУ-н нисгэгчдийн хамт оролцож эрэлхэг гавъяа байгуулжээ. Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нар БНМАУ-н баатар цол хүртжээ.

 

Ичинхорлоо, Цэрэндолгор, Надя нарын анхны эмэгтэй нисгэгчид төрөн гарсан. 1935 онд Очир, Загдхорлоо (эмэгтэй) нар “У-2” онгоцноос анх удаа шүхрээр буужээ.

 

 

Монголын иргэний нисэхийн үүсч хөгжсөн түүх нь цэргийн нисэх хүчнийхээ түүхтэй салшгүй холбоотой.
1945. 11. 7-нд МАХЦ-ийн нисэх дивизийг татан буулгаж нисэх 5 дугаар холимог хороо болгон зохион байгуулж, орон тоог 355 хүн, байлдааны болон сургууль дадлагын 72 нисэх онгоцтойгоор батлажээ. Шинэ байгууллагын нисгэгч техникчид байлдааны болон өдөр шөнийн дадлага нислэгийг тогтмол хийж байсан бөгөөд энэ нь 1950 он хүртэл жилээс жилд нэмэгдэж байжээ. Цэргийн нисэх хүчин эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ иргэний зориулалтаар шуудан хүргэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, онц чухал албаны хүмүүсийг хүргэх, байгалийн гамшигтай тэмцэх, агаарын спортыг хөгжүүлэхтэй холбогдсон нислэгийг хийсээр иржээ.

 

 

1946. 3. 7-нд аймгийн төвүүдтэй харилцах, Засгийн газар ба    иргэний   шууданг  түргэн хүргэх, тэрчлэн хүн эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх зорилгоор цэргийн яамны шууд харьяанд иргэний нисэх онгоцны отрядыг сайд нарын зөвлөлийн тогтоолоор  байгуулсан байна. ПО-2 онгоцоор гүйцэтгэж байв.
1947.7.19 нд холимог 5 дугаар хорооны нислэгийн туслах (нислэг эрхэлсэн орлогч) -аар ажиллаж байсан Дугарын Гунгааг дээрхи "Иргэний нисэх онгоцны отряд"-ын даргаар томилжээ. Улс төрийн орлогчоор нь нисгэгч О.Лүндэн, штабын дарга бөгөөд штурманаар Д.Банзрагч, ахлах техникчээр С.Нэргүй нар томилогдсон байна. Энэхүү анхны иргэний нисэх онгоцны отрядын нисгэгчид нь дайн самуунтай байсан өмнөх жилүүдэд төрөл бүрийн онгоцоор нислэгийн үүрэг гүйцэтгэж, өндөр дадлага туршлагатай болчихсон нисгэгч Д.Гунгаа, У.Даравгар, Н.Нэмэх, Д.Жамбалдорж, Б.Бямбаа, М.Осор, У.Нацагдорж, С.Сандагдорж, Д.Хандаахүү, Д.Жигжид, Ц.Шагдар, Ө.Жагварал нар байв.

 

1947 онд тээврийн нисэх онгоцны таних ба ялгах тэмдгийг баталжээ. Таних тэмдэг нь цагаан өнгөтэй "Соёмбо", улсын товчилсон нэр нь "БНМАУ" мөн онгоцны дугаар байна. Соёмбо үсгийг онгоцны сүүл ангийн баруун, зүүн талд, дугаарыг их биений баруун талд тавина гэж заажээ.

 

 

1948 онд Иргэний тээврийн тусгай отряд Р-5 онгоц 4, По-2 онгоц 2, Як-9у онгоц 1, Супер онгоц 2, нийт 10 орчим онгоцтой, 68 хүнтэйгээр агаарын тээврийн үүрэг гүйцэтгэж байв.
1946-1948 онд зөвхөн эмнэлгийн түргэн тусламжийн ба эмчилгээ үйлчилгээний зориулалттай яаралтай нислэг 320 удаа орон нутагт хийжээ.

 

1946-1955 онд Монголын нисэх хүчин хязгаарлагдмал хүрээтэй иргэний нислэгийн үйл ажиллагаа явуулж байхдаа олон аймаг, орон нутагт агаарын шинэ зам нээж, аэродром сонгож, "Иргэний агаарын тээвэр" гэсэн биеэ даасан нэг чухал салбар бий болгон хөгжүүлэх бэлтгэлийг хангажээ.

 

Иргэний агаарын тээврийн хөгжлийн эхлэл, үе шат
1956 оны 6 дугаар сарын 1-нд Бөхөг цагаан толгойн аэродром дээр нийслэлийн хөдөлмөрчид, нисэх 5 дугаар хорооны нийт бүрэлдэхүүний цуглаан болж, иргэний агаарын тээврийн тогтмол нислэгийг тус улсад эхлүүлэхээр болжээ. Тухайн үеийн Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Дангаа цуглааныг нээж, Холбооны Яамны сайд Л.Дамдинжав, нисгэгч Л.Лхамсүрэн нар үг хэлж, нисэх холимог 5 дугаар хорооны дарга хурандаа Д.Гунгаа цагаан пуужингаар тэнгэр өөд буудаж дохио өгөхөд онгоцондоо бэлэн суусан байсан нисгэх багийнхан 3 онгоцоо зэрэг асааж Цагаан толгойн хөндийг нүргээн цувран нисэн оджээ.

 

 

Нисгэгч Д.Цэрэндорж, Л.Лхамсүрэн, техникч М.Муухай нарын багийн онгоц Булган, Хөвсгөлийн чиглэлд, Т.Бадарч, У.Даравгар, Ц.Даш нарын баг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховдын чиглэлд, Б.Нэмэх, Ж.Рэнцэндорж, Д.Дашдэндэв нарын баг Хэнтий, Чойбалсангийн чиглэлд тус тус нисч Монгол улсын түүхэнд иргэний агаарын тээврийн анхны байнгын нислэгийн үүргийг нэр төртэй биелүүлжээ. Анхны энэ нислэгийн онгоц очиход Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий,Чойбалсан, Хөвсгөл, Булган аймгийн хөдөлмөрчид баяртай угтаж байжээ.

 

1957 оны 2 дугаар сарын 22-нд "Агаарын харилцааны газар" -ыг байгуулж, анхны даргаар нь Цэрэг ба НАХХЭЯ-ны ардын цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд Б.Цогийг хавсруулан ажиллуулахаар томилжээ.

 

1957 оны 2 дугаар сарын 19-нд АХГ-ын нислэг эрхэлсэн орлогч даргаар Д.Цэрэндорж (хожим БНМАУ-ын гавъяат нисгэгч), Ерөнхий инженерээр Т.Самдан, Материал хангалтын албаны даргаар С.Очирдорж нар томилогдсон байна.
1957 оны 2 дугаар сарын 18-нд Бөхөг цагаан толгойн нисэх буудлыг Морингийн хөндий дэхь Зөвлөлтийн эзэмшлийн цэргийн "Добр" нэртэй нисэх буудалд шилжүүлэн нүүлгэхээр шийдвэрлэжээ. "Добр" нэртэй нисэх буудалын нэрийг солихоор тэр үеийн дарга нар хэлэлцэж байгаад ардын хувьсгалаас хойш төрийнхөө наадмыг хийж ирсэн дэнжийнхээ нэрээр "Буянт-Ухаа" нисэх буудал гэж нэрлэхээр тогтжээ.

 

1930-аад оны дунд үеэс ЗХУ-ын "Добролет" байгууллага Улаан Үд-Улаанбаатарын хооронд агаарын тээврийн нислэг хийх зориулалтаар манай улсаас газрын зөвшөөрөл авч Морингийн хөндийд өөрийн хөрөнгөөр шороон зурвастай аэродром, нисэх буудал (1936 онд барьсан) орон сууцны дан байшингууд 3, гуанз, худаг, дэлгүүр, халуун ус, клуб, зэрэг барилгуудтай нисэх буудалбайгуулж "Добр" гэж нэрлэх болжээ. Энэ нисэх буудал дээр мөн маршалын онгоц, Б.Дагва даргатай И-15сөнөөгч онгоцны хороо байрладаг байжээ. Мөн гадаадаас нисэх онгоцоор ирэх зочин төлөөлөгчдийг "Добр"-т хүлээж авдаг байв. Тухайлбал 1944 оны 7 дугаар сард БНХАУ-аас манай оронд хүрэлцэн ирсэн АНУ-ын дэд ерөнхийлөгч О.Үэлс энэ буудалд бууж,маршал Чойбалсан угтан авсан байдаг. Тэр үед Ли-2, Ил-12, Ил-14, Дуглас гэх мэтийн дунд оврын онгоцууд нисч ирдэг байсан байна.

 

1956 онд байгуулсан Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр "Добр" нисэх буудлыг 1957 оны 3-р сарын 1 -нд Монгол улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгчээ.
1957 оны 2 дугаар сарын 19-нд "Буянт-Ухаа" нисэх төв буудлын анхны даргаар нисгэгч Г.Раднаа, инженерээр Ч.Цэрэндорж, диспетчер(нислэгийн удирдагчаар)-аар П.Загд, Б.Надя нар,буудлын холбооны даргаар Б. Лувсандорж, аж ахуйн даргаар Г.Гомбыг тус тус томилжээ.

 

 

1957.11.28-нд ЗХУ-аас манай улсад бэлэглэсэн ИЛ-14 маркийн таван онгоцыг  Буянт Ухаагийн нисэх онгоцны буудал дээр хүлээн авсан байна.

 

1958 оны 11 -р сард "БНМАУ-ын Агаарын зайн тухай хууль"-ийг батлан гаргажээ. Монголын иргэний агаарын тээвэр "МИАТ" нь орон нутгийн агаарын шугамд үйлчлэхээс гадна олон улсын агаарын шугамд тогтмол нислэг хийх болсон тул АХГ-ын тусгай далбаатай байхыг энэхүү хуулиар баталж өгчээ.
1958 оны эхээр Улаанбаатар-Москва-Улаанбаатар шугамд ачааны Ил-14 онгоцоор экипажийн дарга нисгэгч Борын Дашдорж, хоёрдугаар нисгэгч Дашжамцын Даваадорж, нисгэх механикч Гонгорын Цэрэндорж, нисгэх холбоочин Цагааны Өлзийтогтох нар анх удаа олон улсын алсын нислэг хийж, 10 мянга гаруй км зайд нислэгийн үүргийг амжилттай гүйцэтгэжээ.

 

1959 оны 1. 31-нээс Улаанбаатараас аймгуудын төвийн чиглэлд агаарын тээврийн нислэгийг тогтмолжуулж, өдөр бүр нисэх болов.
1960 оны 1 сараас Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн нисэх буудалд АН-2 онгоц тус бүр нэгийг хуваарилан өгч аймгийн төвөөс алслагдсан сумдад нисдэг болсоноор агаарын тээврийн үйлчилгээнд шинэ ахиц гарч хөдөөгийнхний талархлыг ихээр хүлээж авав.

 

1960 оны эцэст ИЛ-14 онгоцоор 15 аймгийн төвд, АН-2 онгоцоор алслагдсан 10 гаруй суманд тогтмол нисдэг болов.

 

1961 оны 3-р улиралд Завхан, Баянхонгор, Дорнод, Хэнтий аймгуудад АН-2 онгоц байнга ажиллуулах болж сумдад тогтмол нисэх болов.
1962 оны 6-р сараас Ховд аймгийн Мөст, Хөвсгөл аймгийн Хатгал, Их жаргалант, Эрдэнэ-булган, Галт, Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Байдраг, Баянбулаг, Баянговь, Шинэжинст, Баянцагаан суманд орон нутгийн агаарын тээврийн тогтмол нислэг нээв.
1963 онд Дорнод аймагт АН-2 онгоц суурьшуулж сумдад тогтмол нислэг нээв.
1961 оны 5-р сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Рэнцэнлхүмбэ, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-2 онгоцоор анхны шуудан тээврийн нислэг хийв.

 

1962   оны 6-р сард Ховд аймгийн Мөст, Хөвсгөл аймгийн Хатгал, Ихжаргалант, Эрдэнэбулган, Галт, Цагаан нуур, Баянхонгор аймгийн Байдраг, Бууцагаан, Баянбулаг, Баянговь, Шинэжинст, Баянцагаан суманд агаарын тогтмол нислэг нээжээ.

 

1963 онд Өвөрхангай аймгийн нисэх буудал шөнийн гэрэл суултын системтэй болж МИАТ-ийн шөнийн нислэгийн эрх авсан нисгэгчид аймагт шөнөөр нисч эхлэжээ.

 

1964 онд Буянт Ухаа нисэх буудлын аэродромд шөнийн гэрэл суултын систем тавигдаж уг оны 12 сарын19-нд анхны шалгалтын шөнийн нислэгийг АН-24 онгоцоор амжилттай хийжээ.

 

1965 оны 2. 9-нд шөнийн 21-22 цагийн хооронд Г.Раднаа даргатай АН-24 онгоц Ховд-Говь-Алтайн чиглэлээс, Д. Гунгаа даргатай ИЛ-14 онгоц Баянхонгор-Өвөрхангайн чиглэлээс ирж шөнийн нислэгээс амжилттай бууцгааснаар МИАТ-ын шөнийн нислэг эхэлсэн түүхтэй.

 

1966 онд 2 хүний суудалтай ЯК-18 хэмээх онгоц худалдан авч нисэх клубээр нисгэгчид бэлтгэх болов.

 

1969 оноос Хөвсгөл аймагт шөнийн нислэгээр нисдэг болов.

 

1970 оноос АН-2 онгоцонд зунд засвар хийж, АН-24 онгоцнуудын хөдөлгүүр солих болон цаг үеийн үйлчилгээг бие даан өөрсдөө хийдэг болов.

 

1970 оноос Ан-2 онгоцонд их засвар хийх бүх бэлтгэлийг хангаж, 1971 оноос их засвар хийдэг болов. Энэ үед Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нисэх онгоцны буудлуудыг шөнийн гэрэл суултын системээр тоноглож, өдөр шөнөөр онгоц хүлээн авдаг болжээ. Инженер техникийн нийт ажилтнуудын 80% нь нисэхийн тусгай мэргэжлийн дунд, дээд боловсролтой болжээ. ЗХУ, БНХАУ-ын иргэний нисэх компани Ил-14 онгоцоор Улаанбаатарт тогтмол нисэхээс гадна БНАГУ, БНБАУ, БНЧСУ, Румын улсын Ил-14 онгоцууд Буянт-Ухаагаар дайрч Бээжин нисдэг байсан байна. Буянт-Ухаа нисэх буудал 1958 оны хоёрдугаар хагасаас олон улсын нисэх буудлын статустай болжээ.
1984 онд ЗХУ, Монголын барилгачдын хүчээр 1986 оны 6 дугаар сард ашиглалтад хүлээж авсан орчин үеийн шинэ нисэх буудал нь "Буянт-Ухаа" болжээ.

 

1994-1996 онд БуянтУхаад Азийн хөгжлийн банкны урт хугацаатай зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийгджээ.

 

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын засгийн газрын 2005 оны тогтоолоор "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг Буянт-Ухаа дахь "Чингис-Хаан " олон улсын нисэх буудал гэж нэрлэх болжээ.

 

Гадаад нислэг
1958 оны 11 сараас Улаан Тугийн одонт нисэх отряд Ил-14 онгоцоор УБ-Эрхүү-УБ-Бээжин-УБ чиглэлд олон улсын нислэг хийх болжээ. Уртын аялал гэдэг байж.
1961.06.28-нд ЗХУ-ын баатар нисгэгч К.Ф.Соболевийн жолоодсон ИЛ-18 маркийн суудлын агаарын том онгоцыг Буянт Ухаагийн буудалд хүлээн авч буулгажээ. Тэр цагаас эхлэн орчин үеийн сэнст тийрэлтэт хүнд онгоц Буянт Ухаагийн нисэх буудалд бууж нисдэг болжээ.

 

1964 оны 10 сарын 15-нд Ан-24 анхныхаа олон улсын тогтмол нислэгийг УБ-Эрхүүгийн чиглэлд хийж улмаар одоог хүртэл байнга нисч байгаагаас гадна 1989 оноос Бээжинд тогтмол нисч эхэлжээ. Мөн Ан-24 онгоцоор Москва, Киев, Ташкент, Алма-Ата, Ханой, Пхеньян, Прага, Берлин, Варшава, Кабул зэрэг хотуудад тусгай үүргийн нислэгүүдийг хийж байв.
1975 оны 2. 18-ны өдөр Аэрофлот Москва-Улаанбаатарын хооронд Ил-18 онгоцоор хийдэг байсан тогтмол нислэгээ ТУ-154 онгоцоор анх хийжээ.
1956 оны 7 сарын 7-нд Дорнод, Ховд, Хөвсгөл аймгуудын чиглэлд АН-2 онгоцоор тогтмол нислэгийн анхны рейсийг хийжээ.

 

Иргэний агаарын тээврийн анхны гавъяатууд бол гавъяат нисгэгч Д.Гунгаа, У.Даравгар, Г.Радио, гавъяат техникч Г.Шагдар нар юм. 1970-аад оноос хот хоорондын нислэгийг АН-24 онгоцоор гүйцэтгэх болжээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (180.235.185.172)

    2015-05-28

    1980-аад оны үёд оргил үёдээ хөгжиж байлаа,одоо ухарчээ,нэг л их ширээ сахьсан хүмүүсээр дүүрэн,юу хийдэг юм бүү мэд