Далай лам: Улстөрчийн хувьд би тэтгэвэрт гарсан

 

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Ларри Кингтэй өрнүүлсэн ярианаас хөрвүүлэн хүргэж байна.

 

-Венесуэл, Украин, Сири гээд хаа сайгүй л үймээн самуун дэгдэж байна. Хэзээ бие биеэ хөнөөхөө зогсоох бол?

 

-Энэ бүх үймээн, аллага надад үнэхээр харамсалтай байна. Ер нь хувиа хичээсэн, богино бодолтой хүмүүс л саруул ухаанаар сэтгэдэггүй. Тийм хүн сэтгэлийн хэт хөдөлгөөнтэй байдаг. Товчхондоо хэвийн сэтгэж чаддаггүй. Хүчирхийлэл урьдчилан таамаглах аргагүй муу үр дагаврыг бий болгодог учраас энэ нь ямар ч асуудлыг шийдэхгүй. Хорьдугаар зуун хүчирхийллийн зуун байсан. Би хориннэгдүгээр зууныг хэлэлцээрийн зуун байх ёстой гэж үздэг. Аливаа асуудлыг яриа, хэлэлцээрийн замаар шийдвэрлэх нь зүйтэй. Энэ нь дайнаас зайлсхийх цорын ганц арга зам юм.

 

-Сүүлийн үед та Ерөнхийлөгч Обаматай их уулзах болжээ. Та хоёр юу хэлэлцдэг юм бэ?

 

-Би Обамаг Ерөнхийлөгч болсноос хойш гурван удаа уулзсан юм. Тэрбээр сенатор байхдаа ч надтай уулздаг байсан. Тиймээс бид бие биеэ эртээс мэднэ. Бид дараах зүйлсийг голлон ярьдаг. Үүнд хүн төрөлхтний үнэт зүйл, эв нэгдлийг сэргээхийн тулд хүчин чармайлт гаргах. Мөн Түвд оронтой холбоотой улс төрийн асуудлыг ярилцдаг байсан бол одоо больж байна. Би улстөрчийн хувьд тэтгэвэрт гарсан. Тиймээс Түвдийн улс төрийн нөхцөл байдлын талаар2011 оноос хойш ярилцаагүй. Харин би Далай ламын хувиар хандах болсон.

 

-Яагаад?

 

-Далай лам бол Түвдийн шашин оюун санааны дээд нь болох Далай ламын институт 400 жил оршин тогтнож байна. Би Түвд гэлтгүй дэлхийн долоон тэрбум хүний сайн сайхны төлөө залбирдаг.

 

-АНУ Түвдийн асуудалд хайхрамжгүй хандаад байна гэж та боддог уу?

 

-Би ардчилал, ил тод байдал, эрх чөлөөг хөгжүүлэхэд чиглэсэн дэлхийн чиг хандлагад итгэж байна. Эдгээр хүмүүс нь Хятадын ард түмэн шиг, дэлхийн нэг хэсэг юм. Хятад улс ч энэ ертөнцийн нэг хэсэг. АНУ-ын тэргүүнд ч улс төр, ёс суртахууны үүрэг, хариуцлага бий. БНХАУ-ын ард түмэнд өөрчлөлт хэрэгтэй. Үүнд зөвхөн эдийн засгийн шинэчлэл хангалтгүй. Хятадын сэхээтнүүд, тэр ч байтугай тэтгэвэрт гарсан улстөрчид сайн сайхан ирээдүйн төлөө улс төрийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байна.

 

-Яагаад Хятад улс Түвдийг сонирхсон юм бол. Түвдийг Хятад улстай харьцуулахад дэлхийн газрын зураг дээр жижиг толбо шиг харагддаг. Ингэж түрэмгийлэх болсон шалтгаан нь юу юм бэ?

 

-Энэ бүхэн 1950-аад оноос эхэлсэн. Тухайн үеийн коммунист удирдагчид болох Мао, ялангуяа Сталин дэлхийд хувьсгал хийхийг хүссэн. Энэ бол шинэ санаа. Тэр ч байтугай 1954-1955 онд Бээжинд амьдарч байсан надад ч бас ажилчин анги өсөх ёстой гэсэн хувьсгалт санаа орж ирдэг байсан. Би үүнийг зөв гэж хүлээж авсан. Үнэндээ ард түмэн хамгийн их дарлагдсан хүмүүс байлаа. Гэвч тэд Түвдийг эзэрхийлэх арга хайж байсан. Энэ нь ч биеллээ олж байна.

 

-Та БНХАУ-тай гэрээ байгуулна гэж боддог уу?

 

-Байгуулж болно. Би Хятадыг өөрчлөгдөж байна гэж боддог.

 

-Та Ромын шинэ паптай уулзах хүсэлтэй байна гэж нэг удаа хэлсэн байна лээ?

 

-Тийм ээ. Би энэ хүнтэй уулзахыг үнэхээр их хүсдэг.

 

-Та шинэ папын талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Гайхамшигтай хүн. Би түүнийг христийн сургаалдаа үнэнч гэж боддог.

 

-Ижил хүйстний асуудал сүүлийн үед газар авч байна. Тэднийг хориглодог улс байхад гэрлэлтийг нь хүлээн зөвшөөрсөн улс орон ч байна. Та ижил хүйстний харилцааны талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Энэ бол хувь хүний харилцааны асуудал юм. Мэдээж хэрэг, тодорхой уламжлал, шашин шүтлэгтэй хүмүүс өөрсдийн ёс заншлаар энэ асуудалд ханддаг. Буддын шашинд зайлсхийх хэрэг тэй бэлгийн чиг хандлага гэж байдаг. Тэдэнд дарамт ша-халт үзүүлбэл эрхийг нь зөрчсөн хэрэг болно.

 

-Та ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар юу гэж бодож байна вэ?

 

-Энэ асуудлыг хууль тогтоом-жоор зохицуулах ёстой. Хоёр хүн үнэхээр ийм гэрлэлтийг хүсч, түүндээ сэтгэл хангалуун амьдарч байхад би эсэргүүцэх нь утгагүй.

 

-Хэрэв дэлхий дээрх цорын ганц нэг зүйлийг өөрчлөх боломж тохиовол та юуг өөрчлөх вэ?

 

-Би ерөнхий боловсролын системд хүний үнэт зүйлсийн та-лаар багтаах байсан.

 

-Та бага байхдаа юу гэж мөрөөдөж байсан бэ?

 

-Би бусдын адил тоглож наадахыг хүсдэг байсан. Багадаа би сурахаас залхдаг байсан. Их л залхуу сурагч байсан гэж багынхаа тухай дурсдаг.

 

-Ер нь хүн төрөлхтөн таныг хэрхэн дурсаасай гэж хүсдэг вэ?

 

-Хоёр, гурван жилийн өмнө “Нью-Йорк Таймс” сонины сэтгүүлч надаас ингэж асууж байсан. Буддын шашны элч ийм зүйлийн талаар бодох эрхгүй байдаг юм.

 

-Хэзээ нэгэн цагт эмэгтэй Далай лам гэж төрөх болов уу?

 

-Байж болно. Далай лам эмэгтэй хүн болбол тэр маш гайхалтай байх ёстой. Магадгүй хүн төрөлхтөнд илүү их ашиг тус өгнө.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)